Засгийн газар хоёр долоо хоногийн өмнө хуралдаж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, генерал Б.Билигтийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Түүний оронд томилогдсон С.Баатаржав ч ажлаа хүлээж авмагцаа Хууль Зүйн сайд Х.Тэмүүжингийн эсрэг ажиллагаа зохион  байгуулсан гэх хурандаа нарыг чөлөөлж, ТЕГ-т шалгуулж эхэлсэн юм.
Харин ажлаасаа чөлөөгдсөн Б.Билигт ч, чөлөөлсөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч аль аль нь албан ёсны тайлбар хийгээгүй байгаа.
Б.Билигтийн хувьд 2013 оны эхэн үеэс эхлэн Хууль Зүйн сайд Х.Тэмүүжинтэй зарчмын хувьд зөрөлдөх болж, улмаар сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх зэмлэлийг хүртэл хүртсэн юм.


Тэдний зөрчил даамжирсаар Г.Сарангэрэл охинтой Х.Тэмүүжин сайд унтсан гэх үгийг хэлүүлэхийн тулд цагдаа нарыг ашигласан хэрэг гэгч хүртэл үргэлжилсэн.
Одоогийн байдлаар тэмцэлд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ялсан мэт байгаа ч бригадын генерал Б.Билигт зүгээр бууж өгөөд явахгүй нь бололтой.
Тэрээр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт албан тоот илгээжээ.
Уг албан тоотод ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ямар хуулийн үндэслэлээр чөлөөлснөө тайлбарлахыг хүссэн байна. Төрийн албаны зөвлөл ЗГХЭГ-ийн хариуны дагуу дүгнэлт гаргах бөгөөд үүний дараа Б.Билэгт шүүхэд өргөдөл гаргах эсэхээ шийдэх аж.

Б.Билэгт нь Ардчилсан Хувьсгалын анхдагчдын нэг бөгөөд ЦЕГ-ын дарга болохоосоо өмнө өмнө Хөдөө Аж Ахуйн яамны газрын дарга, Радио, Телевизийн ХЭГ-ийн дарга, МоАХ-ы дарга,Тагнуулын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан юм. Түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дотны найз, хамтран зүтгэгч гэх нь бий.

С.Сарнай