2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр 103 хүүхэд хордлогын шинж тэмдэг илэрсэн тул  эмнэлэгт хүргэгдсэн талаар бид мэдээлсэн билээ.  Тэгвэл өнөөдөр өглөөний  10.15 цагт Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох улсын байцаагч нар хоолны хордлогын сэжигтэй тохиолдлын голомт болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар хоолойн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн бие, эмнэлгийн Яаралтай тусламжийн бэлэн байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, тасгийн ерөнхий ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийн байдалд хяналт шалгалт хийсэн байна.  Өнөөдөр өглөө эмч нар хамтарсан үзлэг хийн 24 хүүхдийг эмнэлгээс гаргаж, дотуур байрны эмчийн хяналтанд шилжүүллээ. Одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа 24 хүүхдийн 15 нь 2-3 төрлийн зовиуртай, бусад нь хэвийн байна. МХЕГ-ын Тамгын газрын дарга Б.Төмөрбаатар, улсын ахлах байцаагч Л.Энхбаяр, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мерейхан нар Нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдал болон 6-р бүрэн дунд сургуулийн дотуур байранд очиж, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж нөхцөл байдалтай танилцлаа. Лабораторийн шинжилгээний дүн гараагүй байна. Хүүхдүүдийн биеийн байдал болон энэ хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа