Баянхонгороос мөнгөн ус илэрчээ
2013/05/05
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Мичид марал" үйлчилгээний байранд хууль бусаар алт угааж мөнгөн ус алдагдсаны улмаас сургууль, цэцэрлэг, хүнсний зах олон нийтийн байгууллагуудыг түр хугацаагаар хаажээ.
Тус газарт “Mini-melting Furnace” маркийн хайлуулах зуух байрлуулж, зуухны дээд хэсэг дэх агааржуулагчийг хоолойд холбож агаар сорогч буюу винтлятороор мөнгөн усны ууршсан хэсгийг гадагшлуулдаг байдлаар ашигладаг байсан гэнэ. Тиймээс Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар мөнгөн ус илэрсэн газрын ойр орчимд 150 метр радиуст байрлах сургууль, цэцэрлэг, хүнсний зах, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоогоод байна.
ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж түр хугацаагаар хаагдаад буй сургууль, цэцэрлэг, худалдааны захыг хэвийн ажиллах нөхцөлийг яаралтай бүрдүүлж шуурхай ажиллахыг үүрэг болгосон бөгөөд Аврах тусгай ангийн Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүлэг Мэргэжлийн хяналтын газартай хамтран химийн хорт бодисын хор уршгийг арилгах, тархалтыг зогсоох, саармагжуулан ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.
С.Баяр