Үндэсний хэв маягыг поп урсгалтай хослуулан “Монгол поп” гэх шинэ хөгжмийн урсгалыг бий болгож уран бүтээл амжилттай туурвиж яваа “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн шагналт дуучин Д.Болд кинонд тоглохоор шийдсэн бөгөөд зураг авалтандаа хэдийнэ оржээ.

Тэрээр "Усны гудамж" хэмээх олон ангит кинонд өөрийн бодит амьдралынхаа нэгээхэн хэсэгт өөрийн буюу дуучин Д.Болдын дүрийг бүтээж байгаа гэнэ. Уг киноны ерөнхий продюсерээр бидний дунд "АХА" нэвтрүүлгийн санаачлагч гэдгээрээ танил болсон “Сэмүүн” студийн захирал Б.Баяр, зохиолчоор нь өчигдөр нээлтээ хийсэн “Ларьдма” киноны зохиолч Д.Төрмөнх, ерөнхий найруулагчаар Н.Элдэв-Очир, нэгдүгээр найруулагчаар Ж.Отгонбаяр, зургийн даргаар Я.Болдбаатар, ерөнхий зураглаачаар О.Амарбаясгалан нар ажиллаж байгаа юм байна.

Дуучин Д.Болдын хувьд "Би чамд хайртай" киноны Мэндээгийн дүрд тоглож чамгүй авъяаслаг жүжигчин болохоо харуулаад авсан бөгөөд тус киногоороо үзэгч түмний зүрх сэтгэлийг хэдийнэ эзэмдсэн нэгэн билээ.

Түүнчлэн гол дүрүүдэд Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, СТА Ц.Эрдэнэбат, СТА А.Энхбаяр, Х.Санги-Очир, А.Адилцэцэг, Б.Баярсанаа нар тоглож буй аж. Ийнхүү жүжигчин Г.Равдан, дуучин Д.Болд нарын олны танил эрхмүүд өөрийн нэр, амьдралаар уг кинонд тоглож байгаа гэнэ.

Киноны уран бүтээлчид монголын улс төр, нийгмийн амьдрал, түүхэн хүмүүсийн намтрыг ихээхэн судалж, монгол ахуйгаа түлхүү харуулахын зэрэгцээ өнөөгийн нийгэмд болж буй бүхий л үйл явдлыг холбон тусгахыг зорьж байгаа бөгөөд эхний таван ангийн зураг авалт хийгдэж дуусчээ. Өнөөгийн нийгмийн амьдралыг тольдох таван өөр айлын аж байдлыг үзүүлсэн тун сонирхолтой кино тун удахгүй "25 дугаар суваг телевиз", "SBN", "MovieBox" телевизээр цацагдан үзэгчдийн хүртээл болох аж.