Таван толгой, төмөр замыг онилсон У Бангуогийн айлчлал
2013/01/31
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо манай улсад айлчилж байна. Энэ эрхэм Хятадын төрийн шилдэг димломатчийн нэгд тооцогддог нэгэн. Тэрээр өчигдөр тусгай онгоцоор Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буусан юм.
16 жилийн дараа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга манай улсад зочилж байна. У Бангуо ирсэн даруйдаа хэлэлцээрт орлоо. УИХ-ын дарга З.Энхболдтой хоёр цаг гаруй хэлэлцээр хийсэн юм.
Тэрээр уулзалтын эхэнд “Хятад Улсын хувьд өнгөрсөн онд шинэ удирдлагатай болсон. Монгол Улс бол манай орны чухал хөрш. Монгол Улсын шинэ Засгийн газар Хятад Улстай хамтарч ажиллах, харилцаагаа бүх хүрээнд бэхжүүлэх асуудалд анхаарч байгаад сайшаалтай байна. Хятад Улс Монголын бүрэн эрх, тусгаар тогтнолыг хүндэтгэнэ, дотоод, гадаад бодлогыг ч хүндэтгэнэ, хүндэтгэсээрч ирсэн. Түүнчлэн Монгол Улс манай улсын Тайвань, Түвдэд баримталж буй байр суурьтай ижил байр суурьтай байдагт талархаж байна. Цаашид ч энэхүү байр сууриа хадгална гэдэгт итгэлтэй байна” хэмээн уламжлал ёсоор найрсаг, дипломат үг "унагажээ".
Харин хэлэлцээр ид дундаа орох үед зорьж ирсэн шалтгаанаа шулуухан илэрхийлжээ гэж дүгнэж болохоор байна. Тэрээр " Худалдаа, эдийн засгийн хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын талаас найдвартай, чадалтай компаниудыг төсөл хөтөлбөрт оролцуулахыг дэмжинэ. Энэ талаар Монголын талаас өндөр шаардлага тавьж байгааг анзаарсан. Манай улс Монголын төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд идэвхитэй оролцоход бэлэн байна. Түүнчлэн Хятадын тал транзит тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний үйлдвэрлэл зэрэгт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна" гэжээ.
Чайна Алуминум Интернэйшнл Трэйдинг Ко., Лтд (China Aluminum International Trading Co.,Ltd) компани нь Чалко компанийн бүрэн эзэмшлийн охин компани Монголын "Эрдэнэс-Таван толгой" компанитай 2011 оны долдугаар сард нүүрс худалдан авах гэрээ байгуулсан билээ. С.Батболдын Засгийн газар сонгуулиар амалсан амлалтаа биелүүлж, 21 мянган төгрөгийг тарааж ам таглах гэж ашиг муутай гэрээ байгуулсан үнэн. Зүүн Цанхиас олборлох нүүрсийг өгнө гээд 350 сая ам.долларын урьдчилгаа мөнгийг аваад тараагаад дуусгачихсан.
Чалко нь Хятадын төрийн өмчит томоохон компаниудын нэг. Тиймээс Монголын Засгийн газар Хятадын төрийн өмчийн компанитай байгуулсан гэрээгээ цуцалж, алдагдал тооцвол түүнийг нь төлөөд нүүрсээ үнэ хүргэх гарцыг эрэлхийлж байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Алийн болгон зах зээлийн үнээс доогуур нүүрсээ борлуулах юм бэ, Ийм ашиггүй гэрээг аль болохоор хурдан өөрчилнө" гэж мэдэгдээд байгаа.
Ийнхүү гүйцэтгэх засаглалын тэргүүний мэдэгдлийн дараагаас л Монгол Улсад суугаа Хятадын элчин сайд ч "харилцан ашигтай гэрээ" хэмээн байр сууриа илэрхийлж, Чалко компаниас мэдэгдэл гаргаж, өчигдөр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга нь морилон ирлээ.
Зүүн Цанхийн нүүрс нийлүүлэх гэрээг цуцлах тухай яригдахад яагаад ийм хүчээ авч байгаа нь ч учиртай. Хятадын тал алсыг харж буй. Энэ гэрээг цуцаллаа гээд Хятадын талд хотойгоод байхаар зүйлгүй. Монгол Улсын Засгийн газар алдагдлыг нь төлчихье, бид зах зээлийнхээ жамаар л нүүрсээ илүү үнэ хүргэж худалдахыг хүсч байна гэсэн хэрэг. Энэ нь зүй ёсны тавих асуудал. Таван төгрөг өгье гэхээр нь өмнө нь сөхрөх нь холгүй баярлаж гүйгээд, баялгаа үнэгүйдүүлээд, зах зээлийн үнээс доогуур худалдах ёсгүй шүү дээ. Зүүн Цанхиас авах нүүрсний энэ гэрээнээс илүү үнэндээ Таван толгой хэмээх том "үүц" эргэлтэд ороход гол тоглогч болж чадахгүй жийгдэх вий гэдгээс болгоомжилж буй.
Удахгүй Таван толгойн ордоо хэрхэн ашиглахаа Монголын төр засаг тодорхой болгоно. Тэр үед Чалкогийн энэ гэрээнээс болоод нэр хүндээ сэвтүүлж, том чулууг бага чулуугаар хөдөлгөх боломжоо алдахаас сэргийлж байгаа хэрэг. Тиймээс Чалкогийн гэрээг цуцлахгүйгээр шийдэх гарцыг нь давхар хайж байгаа биз ээ. У Бангоу танайд 500 сая юанийн зээл өгснийг хэр ашигтай ашиглаж байна хэмээн битүүхэндээ сануулж, далайд гарцгүй оронд транзит тээвэр шийдвэрлэх боломж бий шүү хэмээн анхаарууллаа. Дээрээс нэгэн содон санал тавьсан байна лээ. Монголын залуу, шинэ парламентын гишүүдийг Хятадад айлчлахыг урьжээ.
Хятадын талаас Таван толгойд хөрөнгө оруулах, үүнээс гадна Таван толгойгоос-Гашуун сухайт хүртэл нарийн царигийн төмөр зам барихад анхаарлаа хандуулж байгаа. Монгол улс дэлхийн зах зээл дээрээс 1.5 тэрбум ам.доллар босгоод ирчихсэн, 300 сая гаруй ам.долларыг л зарцуулахад урагшаа төмөр замаа барьчихна. Тэгэхээр нь төмөр замын ийм шинэ маршрут нээгдэхээр ачаа тээвэрлэлтийн хэмжээ ч нэмэгдэнэ, ашиг орлого ч өснө гэж тооцоолж буй. Жижиг буурай Монгол биш асар их баялаг өвөрлөсөн улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлэхийг чухалчлах нь зүйн хэрэг.
У Бангоу өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзалт хийнэ. Энэ үеэр Чалкогийн гэрээний талаар ч, нарийн царигийн төмөр зам урагшаа тавих асуудлаар ч илүү тодорхой ярилцах биз . Давуу " хөзөр" атгаж байгаагийн хувьд ашигтай хэлэлцээр хийх боломж бүрджээ. Харилцан ашигтай байх зарчмыг баримтлаад хэлэлцээр хийж, транзит тээврийн асуудлыг шийдүүлж, Тяньжин хотоор дамжин өнгөрөх транзит тээврийн үнэ тарифын хөнгөлөлтийг эдлэх асуудлыг харицлан ярилцаад шийдүүлж чадвал том боломж.
Манай улс далайд гарцгүй манай орон. Япон, Солонгос гээд гуравдагч зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэх гэхээр тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй болдог. Тиймээс ОХУ руу ч , БНХАУ руу ч гарцтай байж, ухаалаг тоглолт хийх нь чухал билээ.
Б.Тэнгис