Би хүүхэд насандаа Алсыг харагч дээр сууж, Аймшгийн байшинд орж үзээгүй учраас хотыг өндөр дээрээс тольдож, их айдсыг ээжээрээ халхлах тэр мэдрэмжийг амталж байсангүй.

Жилдээ ганцхан удаа буюу зургадугаар сарын 1-ний өдөр паркийг зорьж, “алсыг харагч дээр суух юмсан” гэж боддог байсан ч гартаа барьсан зайрмаг минь баярын өдрийн норм болдог байлаа.

Гэхдээ өнөөдөр өнчин өрөөсөн, хов хоосон амьдралд мэндэлчихсэн зуу зуун хүүхдүүд зурагтаар гарах амттанг хараад шүлсээ залгин суугааг бодохоор паркийн тоглоомоор наадаж чадаагүйдээ талархах сэтгэл төрөх шиг. Тиймээс надад тэдний өмнөөс өндөлзөх сэтгэл өчүүхэн ч гэсэн үлджээ.

Өнөөдөр ээжгүй, аавгүй хүүхдүүд хөтлүүлэх гар мөрөөдөж байхад хүний орчлонд дэндүү давруу нэг нь хүүхдийн эрхийг булшилж байна. Эрх мэдэлтэн, их хөрөнгөтэй хүмүүст Үндэсний соёл амралтын хүрээлэн (ҮСАХ) үнэтэй газар шиг харагдаж болно. Харин хүүхдүүдэд энэ нь үлгэрийн диваажин мэт санагддаг юм.

Харин диваажинг такстай там болгож, Дисней Лэнд гэх нэр зүүсэн нь дэндүү өрөвдөлтэй үйлдэл болсон. Үнэндээ паркийг Дисней Лэнд шиг болгох төсөл хэнд ч хэрэггүй “хог” байсан. Хаяандаа байгаа паркаар жилдээ ганцхан шагайдаг хүүхдүүд хүлээн байж суусан ганцхан тоглоомоор хүүхэд насаа төсөөлж, харийн тоглоомоос илүүтэй хадгалж эрхэмлэн ирсэн.

Харин өнөөдөр Монголд хүүхдийн парк байхгүй хэмээн дүгнэж болно. Тавхан алхмын газарт тавин хөл бужигнаж, бөөрөө наасан тоглоомууд бусдын мөнгийг хүүлдэг газрыг ҮСАХ тэр дундаа хүүхдийн тодотголтой парк гэхэд дэндүү гомдолтой байна. Дээрээс нь соён гэгээрүүлэх, бага насны хүүхдийн онцлогт тохирсон олигтой тоглоом ганц ширхэг ч алга.

Түүнчлэн энэ газрын хашаагаар шагайхад мянган төгрөг байснаа больж, заавал тоглох нэгнийг оруулахаар санаархаж орох хаалганы босгыг 20 мянгаар өндөрсгөв. Хэдийгээр эцэг эхчүүдэд ҮСАХ-д хүүхдээ тоглуулах санаа байдаг ч сарын цалингаа хагас цаг хүрэхгүй хугацаанд үрэх чадалтай өрх өнөөдөр хэчнээн байна вэ. Мөн тал дүүрэн газрыг таван алхам болтол тамшаалсан эзэд гэж бий.
Тэдний ажиллуулдаг шуналтай компаниуд шулмын бодлогоо хэрэгжүүлж, хүүхдийн эрхийг хөрсөнд булж, хөрөнгө мөнгөө арвижуулахаар зэхээд буй юм.

Одоогоор ҮСАХ өөрийн болоод өрөөлийн эзэмшлийн газрыг нэгэн жигд хашаагаар тойруулж, түүн дээрээ ҮСАХ гэх бичгийг хар, цагаан хэл амнаас хэлтрүүлдэг тарни шиг хаа сайгүй бичжээ. Гэсэн ч нэг хашаанд нэлээн хэдэн компани ажиллаж, хөрс шорооны ажлаа хэл ам, хэрүүл тэмцэлтэй үргэлжлүүлж байгаа нь сараалжин хашааны завсраар шагайсан шагайгаагүй харагдаж байна.

Өнөөдөр эл газрыг нийтийн, хүүхдийн тодотголтой хэвээр үлдээхээр олон хөдөлгөөн өрнөж байсан ч үр дүн гараагүй. Үүний учир өнөөх л эрх мэдэл, хөрөнгө мөнгө, өмч хөрөнгийн луйвар билээ. Харин бид аль нэг компанийг онцлолгүй эрт цагийн парк эдүгээ замхарсан он дарааллыг хүргэж байна.

-1699 онд Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор ҮСАХ-г байгуулжээ. Тухайн үед уг паркийг байгуулахад Монголын хувьсгалт залуучуудын холбоо, Болгар, Германы мэргэжилтнүүд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд улсаас нэг ч төгрөг гаргаагүй. Нийтдээ 35 га газрыг хамарч байгуулсан боловч одоогоор 4.5 га нь зориулалтаараа ашиглагдаж байна.

-1997 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал (НИТХ)-ын А-1003 тоот захирамжаар Сүхбаатар дүүрэг (СБД)-ийн I хороонд амралт зугаалгын зориулалтаар газар эзэмшүүлэхээр болсон байна. -1998 оны тавдугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн засаг дарга (НЗД)-ийн 115 тоот захирамжаар “Монтана Гайт” компанид ҮСАХ-гийн хашаанд ажлын байрны барилга барих зориулалтаар гурван жилийн хугацаатай 0.5 га газар ашиглуулах эрх олгосон.

-Мөн оны 12 дугаар сарын 9-ний өдөр НЗД-аас А-246 тоот захирамж гаргаж талбайн теннисний талбайг СБД-ийн I хороонд 0.9 га газрыг гурван жилийн хугацаатай олгосон. Харин уг газарт Мон-Уран компани зөвшөөрөлгүй барилга барьж байхад Монголын Талбайн Теннисний холбооноос Мон-Уран компанийн барилгыг нурааж газрыг чөлөөлүүлэхээр СБД-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс 2004 оны 10 дугаар сарын 19-1186 тоот шүүхийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

- 2002 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр НЗД-ын 35 тоот захирамжаар ҮСАХ-гийн газар эзэмших эрхийн гэрээг сунгажээ.

-2005 онд ҮСАХ-г шинэчлэх төсөл хэрэгжихээр НЗД-ын 263 тоот захирамжаар “Монтана гайт” компанийн газар ашиглах гэрээг хүчингүй болгосон боловч тус компани шүүхэд гомдол гаргаж дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2006 оны долдугаар сарын долдугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Монтана Гайт” компанийн газар эзэмших эрхийг сэргээжээ.

-ҮСАХ-ийн барилга байгууламж болон ашиглалтын хугацаа дууссантай холбогдуулан НЗД болон Голомт банкнаас санаачлан, Японы “Иточу” корпорацтай ҮСАХ-г шинэчлэх гэрээ байгуулсан. Голомт банк болон Иточу Корпораци НИТХ-д хүсэлт тавьснаар НИТХ 2005 оны есдүгээр сарын 21-ны 188 тогтоолоор ҮСАХ-г татан буулгаж, Улаанбаатар хот болон Иточу Корпорацийн хамтарсан компани байгуулсан.

-НИТХ-ын 2005 оны есдүгээр сарын 26-ны 397 болон 420-р захирамжаар ҮСАХ хувьцаат компанийг байгуулсан. -Улмаар ҮСАХ-г амралт зугаалгын зориулалтаар 32 га газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, газар ашиглах гэрээ байгуулж, НЗД-ын 2007 оны арваннэгдүгээр сарын 19-ны 577 тоот захирамжаар гэрчилгээ олгосон.

-2007 онд НЗД-ын газраас VI захирамж гаргаж, Монтана компанийн хүсэлтээр 4900 метр кв газрыг үйлчилгээ, зочид буудлын зоирулалтаар “MSC” компанид газар эзэмших эрхийг шилжүүлжээ.

-Мөн оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн VI захирамжаар “MSC” компанид шилжүүлсэн газрыг гурван га болгон өргөжүүлсэн. Учир нь тус компани Нийслэлийн газрын албанд таван одтой зочид буудал барих зөвшөөрөл хүссэн бичиг илгээсэн аж. Эл бичгийг хөрөнгө оруулагч тал буюу “Иточу” корпорацийн албан бичгийг үндэслэн 4900 метр кв газрын хэмжээг өргөжүүлэх саналыг баталжээ.

-2001 онд “Сөүл” компани Төрийн өмчийн хорооны тогтоолоор “Туяа” рестораныг хувьчилж авсан. НЗД 2001 оны 11 дүгээр сарын 512 тоот захирамжаар тус газрыг баталгаажуулж авсан байна. “Сөүл” компанийн гаргасан хүсэлтийн дагуу НЗД-ын 2008 оны 181 дүгээр захирамжаар иргэн Өнөрболорт Сөүл рестораны газар эзэмших эрхийг шилжүүлжээ.

-1996 онд “Мон-Уран” компани, ҮСАХ, болон Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Түүнчлэн 2001, 2004 онд нэмэлт гэрээ, мөн ҮСАХ-ийн гаргасан албан бичгийг үндэслэн НЗД 2001 оны гуравдугаар сард 108 тоот захирамжаар “Мон-Уран” компанид 1.1га, ҮСАХ-д 31 га газрыг тус тус эзэмшүүлэхээр болсон.

А.Чилүгэн