Бидний хойч үе
2013/05/07
Монголчууд мэдлэг мэдээллийн XXI зуунд оюун сэтгэлгээний ядууралд бүрэн автжээ. Манай нийгмийн мэдлэг боловсролын дундаж түвшин илтэд унав. Ялангуяа залуу үе бараг л тас харанхуй хүмүүс болж байна.
Яагаад гэвэл тэднийг сургах, боловсруулах системээр олон жил “тоглож” эвдэж хаясан юм. Үр дүн нь залуу үеийн хүмүүжил соёл, мэдлэг боловсролын хоцрогдлоор илэрнэ. Боловсролын салбарт Монголчууд хойч үеэ сөнөөдөг энэ дэлхийн цорын ганц улс болоод байна. Энэ талаар монголчуудаа “яллах” гэсэн юм…
Кругузорын тухай…
Эхлээд мэдлэг боловсролыг авч үзье. Гэхдээ дадсан ёсоор боловсролын систем гэж ярихгүй, бас хүүхэд ярихгүй, харин “системийн гаралт”-ын үзүүлэлт буюу ерөнхий мэдлэгийн магадлалт үзүүлэлтийг авч үзье.
Энэ юу байж болох вэ ?! Энэ бол бидний хамгийн сайн мэддэг “кругузор” буюу тал бүрийн мэдлэгийн ерөнхий түвшин байдаг юм. Кругузор их олон утгатай. Зарим талаар боловсрол, мөн түүний илэрхийлэл, мөн мэдлэг, түүний илэрхийлэл.
Хүн бүх зүйлийг мэдэх албатай биш, гэхдээ заавал мэдвэл зохих зүйл гэж байх. Ер нь тодорхой хэмжээний зүйл мэдэхгүй бол хувь хүн төлөвшиж чадахгүй. Ялангуяа одоо үед. Энэ талаар их маргаж болох боловч ерөнхий зарчим, хандлага нь тийм.
Ухаандаа ямар ч хүн хоол хүнс, витамин, зарим өвчин, хувцас хунар, авто машин, төр улсууд, дэлхийн болон үндэснийхээ түүх гэх мэтчилэн наад захын зүйл мэдэж байх ёстой. Энэ ч ойлгомжтой. Цаашлаад татвар, эдийн засаг, нийгмийн даатгал гэх мэт хууль хуудсын зах зухаас мэдэж байх ёстой.
Энэ ч бас ойлгомжтой. Энэ бүхнийг бүгдийг мэдэх боломж ямар ч хүнд байдаггүй. Нийгэм өөрөө их том систем учраас тэр. Хамгийн хэцүү нь нийгэм байнга өөрчлөгдөж, байнгын зөрчил, хөдөлгөөн дунд байдаг.
Нийгмийн хамгийн том зовлон залуу үеэ хүмүүжүүлэх, мэдлэг соёлоо үлдээхэд байдаг. Энэ нь соёл урлаг, гоо зүй, шинжлэх ухаан, боловсрол, эрх зүй, түүх гэх мэт мэдлэгийн хүрээ түвшин юм. Энэ нь хойч үедээ өгч буй боловсролоор илэрнэ.
Боловсролын ерөнхий түвшинг дам байдлаар кругузороор хэмжиж болно. Кругузорыг хувь хүний ерөнхий мэдлэг боловсролын толь гэж ямар ч эргэлзээгүй дүгнэж болно. Ямар ч улс гүрэн залуу үеийнхээ хүмүүжил, ерөнхий мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн төлөө хамаг бүхнээ зориулдаг.
Хойч үедээ боловсрол олгох нь нийгмийн уламжлал залгамжлалын амин асуудал болно. Энэ бол хамгийн хариуцлагатай, амин чухал салбар, хүрээ, түвшин юм. Энэ бол бидний хувь заяа, ирээдүй юм.
Даанч харамсалтай нь үүнийгээ хөсөр хаячихсан, уландаа гишгэсэн, үл тоодог манайхан шиг тэнэг хүмүүс байхгүй гэж би хэлэх гээд байгаа юм.
Инээдэм биш, ханиад
Хойч үеийн боловсролыг хамгийн амархан хэмжих арга бий юу ? Байлгүй яахав. Кругузороор хэмжинэ. Шалгалт авах уу ? Авч ч болно. Гэхдээ бэлэн бөгөөд байнга авдаг шалгалтыг бид байнга үздэг, мэддэг. Юу ?! Чи АХА-г мэднэ биз дээ…Ха Ха…
Ха ха ч биш дээ. Тэгвэл бидний хойч үе ямар өрөвдмөөр амьтад болж байгааг би хэлээд өгье. Яагаад гэвэл ХА ХА нэвтрүүлэг үзээд олон хүн инээдэг бол би уйлдаг…
- Чингис хааны эхнэрийн нэр ?
- Мандухай цэцэн хатан
- Түнтгэр өвгөн түмэн жадтай…
- Чингис хаан
- Бөртэ чоно Гоо Марал дээр очоод яасан вэ ?
- Идсэн
- Сүн далайг шалбааг байхад ямар уулыг дов байхад гэж үлгэрт гардаг вэ ?
- Богд уул
- Ус цас хоёрыг англиар юу гэдэг вэ ?
- ICE
- Мөсөн дээр мөнгөн аяга. Тэр юу вэ ?
- Оньсого.
- Ах нь сургадаг, дүү нь…?
- Дүлий.
- Чингис хаан ямар хүн байсан бэ ?
- Хөөрхөн
- Малын хоол боловсруулах эрхтэн юу вэ ?
1: Дэлүү
2: Хэлүү
- 7 дугаар сарын 1-нд юу болсон бэ ?
- Галын наадам
- Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү юу өвөртөлж ирдэг вэ ?
- Чихэр
- Хунт нуурыг хэн зохиосон бэ ?
- Бямбын Ринчин
- Үлгэрт хараацай шувууны сүүлийг хэн харваж хоёр салаа болгосон бэ ?
- Чингис
- Монгол гэрт тонгойхгүй орвол юунд толгойгоо цохих вэ ?
1: Багана
2: Босго
3: Авдар
- Монгол Улсын тэргүүн хатагтай ?
- Өүлэн эх
- Монголчууд ямар ясыг сайн мөлжвөл хөөрхөн хүүхэдтэй болно гэдэг вэ ?
1: Өвдөг
2: Хүзүүний яс
- Дэлхийн хүүхэлдэйн киноны эцэг, Микки Маусыг зохиосон хүн ?
1: Дашдоржийн Нацагдорж
2: Александр Степанович
- Монгол Улсын анхны Ерөнхийлөгч ?
1: Чингис хаан
2: Сүхбаатар
- Цэдэнбал гэж хэний хэн бэ ?
- Чойбалсангийн Цэдэнбал гэдэг биз дээ…
- Монголчуудын хамгийн анхны ундаа юу байсан бэ ?
- Витафит
- Ээжид хоёр, эмээд гурав, эгчид нэг байдаг юм юу вэ ?
- Мээм
-Хээлтэгч малыг юу гэдэг вэ ?
1: Жирэмслэдэггүй мал
2. Азарга
- 2008 оны Олимп аль хотод болох вэ ?
- Ирак
- Попкорныг юугаар хийдэг вэ ?
- Нефтээр
- Майга бор гэж ямар амьтан бэ ?
-Хонь
- Тэмээ яагаад ярьдаггүй вэ ?
- Хэлгүй
- Ц.Элбэгдорж хэд дэх Ерөнхий сайд байсан бэ ?
1: Анхны
2: Сүүлчийн
- Монголын төрийн сүүлчийн хатан хааныг хэн гэдэг вэ ?
-Цолмон
- Жентьлмен гэж хэнийг хэлэх вэ ?
- Гадаад хүнийг
- Ямар гадаад хүн гэж ?
- хмммм…Баян хүнийг
- Тэмүүжин Хасарыг яагаад ташуурддаг вэ ?
- Их иддэг болохоор нь
- Цаг цагаар нэг цадна гэдэг, дараа нь хэзээ цаддаг вэ ?
- Цахилдаг хөхөрхөөр
- Эмч хаана ажилладаг вэ ?
-Барилга дээр
- Унагалдаггүй гүүг юу гэдэг вэ ?
- Манин гүү
- Өндөр жил хэд хоногтой вэ ?
- 1026
- Лам хүн хоолоо идэхийг юу гэдэг вэ ?
- Худрах (=хулгайлах)
- Монголчууд мэндлэхдээ биеийн хүндэтгэлийг юу гэдэг вэ ?
- цогцос (хариулт: лагшин)
- Хүн хэдэн хуруутай вэ ?
- Тав
- Арслангийн зулзагийг юу гэдэг вэ ?
- Симба
- Аманд орохдоо рашаан ундаа мэт, амнаас гарахдаа арслан бар мэт тэр юу вэ ?
- Кимчи
- Дунд чөмөг хаана байдаг вэ ?
- Дунд хуруунд
- Түвдэнгийн Бор гэж хэн бэ ?
- Хурдан морь
- Энэ жил УБ хотын хэдэн жилийн ой болсон бэ ?
- 21.
- “Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй” гэсэн үг хэнд зориулагдсан бэ ?
- Онгоцны жолооч нарт
- Гурван хүү төрүүлсэн эмэгтэйг юу гэдэг вэ ?
1: Садар эм
2: Дэлхийн хамгийн том амьтан
3: Туулай
- Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал ?
- Могойн гэрэл
- Доод уруулыг юу гэдэг вэ ?
- Хэлүү (хариулт: хөмхий)
- Цэцнийг үг хэлэхэд шагнана, тэнэгийг яахад шагнадаг вэ ?
- Уурлахад
- Чингис хаан ямар аймгийнхныг тэрэгний бултай чацуулж хядсан вэ ?
- Архангайхныг
- Аливаа юмны хэлбэр дүрсийг ямар эрхтнээрээ мэдэрдэг вэ ?
- Хамар
- Манай гариг хэдэн эх газартай вэ ?
1. Зуун хорин зургаа байхаа
2. Зуун хорин долоо
- Мандухай хатны амийг хэн хороосон бэ ?
- Дамчаа
- Жилд хэдэн хоног байдаг билээ ?
- Юу билээ, 400 билүү, нээрээ хэд билээ, мартчижээ (дуучин Номин-Эрдэнийн хариулт)
- Хязгааргүй эрх мэдэлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ ?
- Энхбаяр
- Шүлгийн нэг мөрийг юу гэдэг вэ ?
-Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд. (Хариулт: шад)
- Манай улсаар аялсан хамгийн анхны гадаад жуулчин ?
- Энх-Амгалан хаан
- Ясан хэдрэг гэж юуг хэлдэг вэ ?
- Эмээл
- Эвтэй 4 амьтны хамгийн том ах аль нь вэ ?
- Баавгай
- Цагаан баавгай ямар өнгөтэй вэ ?
- Бор
- Ширээ хэдэн хөлтэй вэ ?
- Хоёр
- Энхтайвны бэлэгдэл шувуу юу вэ ?
- Дэгдээхэй
- Чи яг одоо ямар улсад амьдарч байна вэ ?
1: УБ
2: УБ
3: УБ
Баабарын “идэр дүү Дори” нар ингэж өсөж байна. Одоохондоо бид инээж байна. Удахгүй инээдэм биш ханиадам болно гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Энэ мунхаг харанхуйг шүүмжлэхээр “ардчиллыг эсэргүүцлээ” гэдэг мангуу тэнэгүүдийг зайлуулахыг би үнэн сэтгэлээсээ хүсч байна.
Төрд байгаа нь эд нараас дээрдэх юм алга болсон байна. Одоо мангуу тэнэгүүдийн цаг дууссан…
Монголын мангуунууд “үг хэлэхээр” ардчилал болдог юм биш, харин улс үндэстэн сөнөдөг юм. Энд би кругузороор дамжуулан боловсролын ерөнхий түвшинг хальт ярьж харин хүмүүжлийн асуудлыг огт хөндөөгүйгээ онцлон дурдаж байна. Үүнийг ярьвал их том асуудал болно.
Бид юуны өмнө өөрсдийнхөө олон нүүртэй, хоёр стандарттай, ямар ч ёс суртахуунгүй утгагүй амьдралаа болихоос өөр арга байхгүй. Сүүлдээ монголчуудын “онол ном” хэрээс хэтэрч хүүхдээ “сонсдог” болов.
Ингээд социализмын үед “хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйл хэрэг” байсан бол одоо “хүүхдийн өөрсдийнх нь мэдэх хэрэг” болов. Монгол хүүхэд өөрөө “хүмүүжих” юм байх аа. Ийм утгагүй юм гэж хаашаа харсан юм байдгийм ?!
Тархи толгой нь яаж “ажиллахаараа” ингэж “сэтгэж” чаддаг байна аа ?! Та нар “хүүхдийн ардчилал”, “хүүхдийн эрх”, “хүүхэд сонсох” гэсэн энэ солиотой “онолтойгоо” бушуухан далд ороорой. Ингэж хойч үеэ “алах” үнэхээр утгагүй байна…
Монгол Улс хойч үедээ бүхнээ зориулах ёстой, энэ бол зарчим шүү дээ…
Хойч үеэ ийм болгочихоод ямар нүүрээрээ Монголд “ардчилал” хөгжүүлсэн гэж солиороод байгаа юм ?! Ийм дүүрчихсэн тэнэг улсуудыг Монголын хувь заяа ёстой өршөөхгүй…
Хүүхэд залуучууд гэж хамгийн олон орилсон хүн л тэднийг хамгийн их хорлосон байдаг юм…
Судлаач Х.Д.Ганхуяг