Албадан гаргагдсан оюутан Д.Далайбаатар Монгол улсын Ерөнхийлөгчөөс нэвтрэх эрхийг сэргээж өгөхийг хүсэн захидал илгээв
2014/09/21
Монгол улсаас албадан гаргагдсан Д. Далайбаатарын өнгөрсөн долдугаар сард илгээж байсан захидлыг уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байсан. Тэгвэл энэ удаад тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан захидал бичжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Танаа
Өргөх бичиг
2014.9.20. Ордос хот
Утга нь: Монгол Улсад нэвтрэн ирэх эрхээ сэргээлгэх тухай
Эрхэм ерөнхийлөгч таны амар амгаланг айлтгая!
Миний нэр Довчиндоржийн Далайбаатар. БНХАУ-ын иргэн, паспорт дээрх нэр Dalaibateer. 1983.9.6-нд Өвөр Монголын ӨЗО-ы Ордос аймгийн Отог хошууны Цагааннуур суманд төрсөн. Өвөр Монголдоо ерөнхий боловсролын дунд сургууль, хөгжмийн сургуулийг дүүргэж, 2006 онд Монгол улсад суралцахаар ирсэн. 2011 онд Монгол улсын Хөгжим бүжгийн коллежийг бакалавр зэрэгтэйгээр, 2013 онд МУҮИС-ийн урлаг судлалын магистрантурыг магистр зэрэгтэйгээр төгсгөн, МУҮИС-ийн урлаг судлалын докторантурт, Монгол улсаас албадан гаргагдатлаа суралцсан билээ.
2013.3.4-нд найз Н.Тулгуурт маань Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас (ИХШХЕГ) ойлгомжгүй байдлаар “Оршин суух зөвшөөрлийг чинь сунгахгүй” гэж мэдэгдэн, Гарах сануулга өгсөн.
4-р сард Н.Тулгуур, найз В.Түвшинзаяа бид гурвыг “албадан гаргана” гэж ИХШХЕГ, Тагнуулын Ерөнхий газар (ТЕГ)-ын ажилтнууд мөн ойлгомжгүй байдлаар хэлэх болсон. Монгол улсын иргэдтэй хамтран түүхийн сэдэвтэй уулзалт зохион байгуулалцах гэтэл, 2013.4.18-нд бид гурвыг ИХШХЕГ-т хорьж саатуулан, “Энэ уулзалтыг яавч зохион байгуулагдахгүй болго, эсбөгөөс албадан гаргана” гэсэн. Бид болон Монгол улсын иргэд арга буюу уулзалтыг зохион байгуулахгүй болоход тэр өдөр биднийг сулласан. Ийнхүү биднээр барьцаалан, Монгол улсын иргэдийн ч эрх чөлөөг хязгаарлан боогдуулсан. Энэ явдлыг эсэргүүцэн, НҮБ-ын Дүрвэгчийн дээд комиссарын газар (НҮБДДКГ), Монголын ГХЯ, ИХШХЕГ-т “Эмнести Интернешнл” байгууллагуудаас бичиг өгсөн. Гэвч дарамттай байдал үргэлжилсээр байв.
5-р сард, Монгол улсад 22 жил амьдарч байгаа Н.Алхааг албадан гаргах гэсэн. Н.Алхааг өмгөөлөн Монгол улсын ТББ-ууд хэвлэлийн хурал хийх болсон. Улс төртэй ямар ч холбоогүй, оршин суух эрхтэй л холбоотой энэ хэвлэлийн хурал дээр яригдах зүйлсийг сонирхон, өөрсдөө оршин суух эрхийн асуудалтай болоод байгаа Н.Тулгуур, В.Түвшинзаяа бид гурав ирэхэд ТЕГ-ын ажилтнууд отож тосон, Хэвлэлийн хуралд оролцох гэж ирсэн Монгол улсын нэг иргэний хамт саатуулсан.
“Энэ хэвлэлийн хурлын зохион байгуулалтад тэр гурван залуу ямар ч хамаагүй, хэвлэлийн хурлын төлбөрийн бүрэн мөнгийг би авчирсан, надад одоо байна” гэсэн тайлбарыг өгснийх нь дараа “Ойлголоо, тэр гурвыг одоо явуулна” гээд ТЕГ-ын ажилтнууд тэрхүү Монгол улсын иргэнийг явуулжээ. Харин биднийг өөр газар буюу ТЕГ-т байхад “Та нар хэвлэлийн хурлыг зохион байгуулсан” гэж үндэслэлгүй тулган, бид гуравт байсан хувийн хэрэглээний бага хэмжээний мөнгийг “Хэвлэлийн хурлын санхүүжүүлэлт, зохион байгуулалтын бодит баримт нотолгоо энэ байна” гэж зүтгэж, өдөржин саатуулж байснаа “За та нар буруугүй юм байна, хэвлэлийн хуралд холбогдолгүй юм байна, зөрчилгүй юм байна. Албадан гаргана гэж санаа зовох зүйлгүй. Бид адилхан монгол ахан дүүс. Юу гэж та нарыг заавал албадан гаргана гэж зүтгэх вэ, харин ч та нарт тусална, та нарыг дэмжинэ. Нэгдэхь өдрийн өглөө найм хагаст бичиг баримттайгаа гурвуулаа ирээрэй. Хүн амьтанд өнөөдрийн энэ явдлын талаар бүү яриарай” гээд явуулсан.
Заасан өдөр цагт нь очиход өглөө ТЕГ-т, үдээс хойш ИХШХЕГ-т биднийг юу ч тайлбарлалгүй хорьж саатуулж, 20 цагт Н.Тулгуур бид хоёрыг хил рүү авч явсан. Азаар БНЧех улсад дүрвэгчээр очих виз нь 12-ны энэ өдөр гарсан тул В.Түвшинзаяаг Чех рүү албадан гаргах болж үлдээсэн.
5-р сарын 8-нд НҮБДДКГ-ын Бүсийн төлөөлөгчийн газрын зохицуулагч Ж.Линч Бангкокоос ирж, ИХШХЕГ-ын дэд дарга Б.Цолмон нарын ажилтнуудтай уулзаж, НҮБ-ын орогнол хүсэгчдийг албадан гаргаж болохгүйн учрыг таниулан, ИХШХЕГ-ынхан ч зөвшөөрч байжээ. Монголын Хууль зүйн яам "НҮБ-ын орогнол хүсэгчийг НҮБ асуудлыг нь эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргаж болохгүй" гэсэн байр суурьтай байж, 5-р сарын 15-нд үүнийгээ сайд Х.Тэмүүжингийн гарын үсэгтэй албан бичгээр (тухайлан Н.Тулгуурын талаар) илэрхийлсэн.
Гэтэл ИХШХЕГ бидэнд болон ар гэрийнхэн, ажил сургуулийнхан, найз нөхдөд маань юу болоод байгааг огт мэдэгдэлгүй, баримт нотолгоогүй, үндэслэлгүйгээр биднийг хуурч мэхлэн ирүүлж, бичиг баримт, утсыг тайлбаргүйгээр шууд хурааж, холбоо барих боломжгүй байлгаж, хоол ундгүй хорьж, цочир хүйтэрсэн өдөр нимгэн хувцастай чигээр маань шууд гавлаж, "хүн хулгайлах, наймаалах гэмт хэрэгт өртчихөв үү" гэж бодогдохоор байдлаар БНХАУ руу гаргасан. 3-р сараас хойш биднийг байнга дарамталж, мөрдөж мөшгиж, хянаж тагнаж, зүй бус янз бүрийн улс төрийн шаардлага тавьж, дахин дахин дуудаж, байцааж, хүлээлгэн чирэгдүүлж, бүр зодох зэргээр зовоож байсныг дурдах нь зүйтэй.
Д.Далайбаатар миний бие Монгол улсын хуулийг зөрчөөгүй, 2014.7.1 хүртэл хүчинтэй сурах визтэй, НҮБ-ын Орогнол хүсэгчийн 2013.4.29 хүртэл хүчинтэй тодорхойлолттой байгаад, гадаадад байхад хугацаа нь дууссаны улмаас сунгуулах гэж байсан, албадан гаргагдах ямар ч үндэсгүй байлаа.
Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай (ГИЭЗБТ) хуулийн 35.1-д заасны дагуу Гарах сануулга өгөхөд 10 хоногийн дотор гараагүй гадаадын иргэнийг албадан гаргана гэсэн байгаа бол, В.Түвшинзаяа бид хоёрт тийм сануулга өгөөгүй, харин "та нарыг албадан гаргахгүй" гэх үгийг бол нэг бус удаа хэлж байсан, ялангуяа 5-р сарын 9-нд суллахдаа тэгж хэлсэн тул “биднийг албадан гаргахгүй” гэж бодож байтал, юу ч хэлж мэдэгдэлгүй албадан гаргасан. ГИЭЗБТ хуулийн 37.4-т гадаадын иргэний хяналтын улсан байцаагчийн дүгнэлт дээр үндэслэн тухайн хариуцсан байгууллагын дарга албадан гаргах шийдвэрийг гаргана гэсэн байгаа бол, бидэнд болон бидэнтэй холбоотой хэнд ч, ямар ч шийдвэр, дүгнэлтийг үзүүлээгүй бөгөөд, хожим ИХШХЕГ манай зүгээс ямар ч дүгнэлт шийдвэр гаргаагүй гэж мэдэгдсэн. ТЕГ ч мөн адил.
Монголын хүний эрхийг хамгаалагч ТББ албан ёсоор асуулга тавихад, Монголын нэг ч төрийн байгууллага биднийг ямар нэг зөрчил гаргасан гэж мэдэгдээгүй. ТЕГ, ИХШХЕГ-уудын ажилтнууд хоорондоо үл ойлголцсоноос болоод, ажлын алдаа будлиан гарган, биднийг албадан гаргасан юм байна гэж ойлгогдохоор хариултыг тус ТББ-ын тэргүүнд өгсөн байна. ИХШХЕГ-ын зүгээс “ТЕГ л мэднэ, бид албадан гаргах процедурыг л гүйцэтгэснээс биш, өөр юу ч мэдэхгүй”, ТЕГ-ын зүгээс “ИХШХЕГ л аль эрт эднийг албадан гаргах болсон байсан, бид юу ч мэдэхгүй, бидэнд ямар ч хамаагүй” гэж амаар мэдэгдсэн байна.
Монгол улсын төрийн байгууллагын энэ асуудлаар албан бичгээр илэрхийлсэн цорын ганц байр суурь мэдэгдэж байгаа нь Хууль зүйн яамны сайд Х.Тэмүүжингийн гарын үсэгтэй, "НҮБ-ын орогнол хүсэгчийг НҮБ асуудлыг нь эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргахгүй" гэсэн, 2014.5.15-ны албан бичиг юм. Энэ шийдлийг Хууль зүйн яамны харьяа байгууллага ИХШХЕГ дагаж мөрдөн, биелүүлэх учиртай юм билээ.
Бид гурвыг албадан гаргасан нь Монгол улсын Гадаадын иргэн харьяатын эрх зүйн байдлын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль (Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарын хувьд), Хүний эрхийн түгээмэл тунхаг болон Монгол улс нэгдэн орсон, бусад олон улсын гэрээ конвенциудыг ноцтойгоор зөрчсөн явдал болжээ. Энэ албадан гаргалтыг эсэргүүцэн, НҮБДДКГ-аас Монголын ГХЯ-нд 2014.5.20-нд албан бичиг илгээжээ.
Далайбаатар би гэмт хэрэг үйлдээгүй, харин хүний эрхийн төлөө үзэлтэй нь үнэн. Монгол улс ардчилал, хүний эрхийг дээдлэх зарчимтай орон бөгөөд, хүний эрхийн төлөө үзэлтэй бол албадан гаргана гэсэн хуульгүй. Биднийг албадан гаргасан харамсалтай явдал ахин бүү давтагдаасай, зөв сургамж үлдээгээсэй.
Би монгол хүн. Босоо бичигтэй, босоо хийморьтой монгол эр хүн. Монгол улсад миний хайрлаж хүндэлдэг, бахархал талархлыг хүлээдэг олон хүн бий, намайг анд нөхөр, итгэлт дүү, эрдмийн шавь гэж үзэн ойр дотно байдаг ч олон хүн бий. Зургаан жил үерхэн дотноссон, энэ намар ханилан сууя гэж ярилцаж байсан найз бүсгүй минь ч Монгол улсад бий. Найман жилийн хугацаанд би Монгол улсад сурч боловсорч, Монгол орны сайхныг, Монголын ард түмний сайхныг мэдэж мэдэрлээ. Монгол улс, Монголын ард түмэнд хязгааргүй их баярлаж талархаж явдаг аа.
Надад мөрөөдөл бий. Докторын зэрэг хамгаалах нь миний мөрөөдөл. Энэхүү мөрөөдлийн минь даль жигүүр хугарах ёсгүй.
Хэдэн сар дарамттай, хүнд нөхцөлд байсны эцэст, ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээд шиг гавлагдан хил дээр хүргэгдэж, 10 жил Монгол улсад буцаж нэвтрэх эрхгүйгээр албадан гаргагдаж, үүнтэй холбоотойгоор янз бүрийн дуулиан шуугиан, үг яриа гарч, сургууль соёл маань ч алдагдсан явдал ижийг маань, ойр дотны хүмүүсийг маань удаан хугацааны турш хямрааж байсан. Сүүлдээ ижий маань бие нь доройтон, цус харвалтад өртөж, эрүүл мэндийн хүнд байдалд орсон. Би өөрөө сэтгэл санааны гүн хямрал, уналтад орсон. Үнэндээ би амьдрах хүсэлгүй ч болдог. Амьд яваа цагтаа би ойр дотнын хүмүүс, анд нөхөд, намайг өмгөөлж хамгаалж ирсэн бүхэндээ талархаж явна. Аль нэг өдөр би энэ хорвоог орхиход хүрвэл, намайг Монгол улсын төрийн зарим албан хаагчдын болчимгүй явдлын золиос болсон гэдгийг хаа хаанаа ойлгоосой гэж бодно.
Гэхдээ итгэл найдвар минь бүрэн бөхөөгүй, мөхөөгүй л байна.
Монгол улсад ир, олуулаа болцгооё! гэж бүх дэлхийн монголчууддаа уриалсан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Танд би, өвөр монголчууд, нийт монголчууд баярлаж талархаж явдаг шүү. Та бол зөвхөн Монголын биш, нийт Монгол туургатны ерөнхийлөгч гэж би боддог. Монгол орноо хөгжүүлэн цэцэглүүлж, Монголын тусгаар тогтнолыг хэн ч халдашүй дархан бат болгон бэхжүүлнэ гэж итгэдэг.
Танаас хүсэх нэг л зүйл буйг хэлье. Таныг хүндлэн дэмжигч Далайбаатар надад энэ хүсэл минь - итгэл найдвар, гэрэл гэгээ.
МОНГОЛ УЛСАД НЭВТРЭХ ЭРХИЙГ МИНЬ СЭРГЭЭЖ ӨГӨӨЧ!
Монгол улсад ахин нэвтрэх эрхтэй болох аваас миний бие сургууль соёлоо үргэлжлүүлж, Монголын хууль ёсыг сахин биелүүлж явах болно гэдгээ батлан илэрхийлье. Энд би ямар ч ял зэм хүлээсэн байдалгүй, бүрэн чөлөөтэй, Монгол улсад очин суралцахад саад болох зүйлгүй байна. Монгол улсад л нэвтрэх эрх минь сэргэчихвэл мөрөөдөл минь бүтнэ ээ! Найз Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарын маань ч Монгол улсад нэвтрэх эрхийг сэргээж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна! Итгэл найдвараа талбин, өдөр хоногийг тоолон, Таны хариуг хүлээж сууя!
Эрхэм ерөнхийлөгч Таны ажилд амжилт бүтээл, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Монгол улс, Монгол улсын ард түмэнд аз жаргал, мандал бадрал, энхжил хөгжлийг хүсэн ерөөе!
Хүндэтгэн ёсолсон Довчиндоржийн Далайбаатар
Зочин · 2016/07/24
Энэ залуу манай монголын олон эрлийз, хурлийз царайтнуудаас хавьгүй илүү, жинхэнэ монгол төрхтэй залуу байна лээ. Ёстой монгол эр хүний дүр төрхийг илтгэсэн. Битгий худлаа хуцацгаа.
Зочин · 2016/07/24
Монгол хүн Монголдоо ирж чадахгүй байгааг өвөг дээдэс маань харвал биднийг ёстой "Өөхөнд боосон ч нохой шиншихгүй, өвсөнд ороосон ч үхэр шиншихгүй арчаагүй, адгийн, амиа бодсон амьтад болж дээ" гэж жигших байх даа. Монголд доншуур наймаачин Хятад, ашиг хонжоо хайсан өвөрлөгч нэр зүүсэн мөнгөтэй, зальжин нөхөд нь бол яаж ийгээд ирээд амьдраад байдаг, үнэхээр Монголыг гэсэн сэтгэлтэй, Монголоороо байгаа, Монголоор дамжуулж ашиг хонжоо олох бодолгүй энэ залуу шиг хахууль өгөх мөнгөггүй жирийн өвөрлөгч, малчид болохоор огт ирж амьдарч чаддаггүйн нэг жишээ энэ байх. Энэ залууг хужаа гэж байгаа хулгайч нар монгол хүн биш байхаа.
Зочин · 2014/09/23
уул нь хуний эрх л дэ тэгэхдээ тагнуул ор мергуй тэгэхгуй байхаа еерсдее хятадын уйл ажилгаа нууцаар явуулсан байх манай тагнуул сайн ажилжээ
Зочин · 2014/09/22
Muu hujaa ****
Зочин · 2014/09/22
durtai ni l zahia bichdeg boljee huurhii neg l ih buruugui bololtoi yum Yamar negen buruutai bolood l hucheer gargaa biz. Zugeer yavj chadahgui hel am hiigeed l ene hujaa nar davarsiin
Зочин · 2014/09/22
Хужаа, Монголоо ялгахгүй ийм тэнэг юмнуудаас болоод Өвөр Монгол ахан дүүсээ ад үзсээр байх уу?
Зочин · 2014/09/22
Umkhuu hujaag Mongoliin hileer buu orool
Зочин · 2014/09/22
uvuu ni MGL emegteiteig hvcheer avch suusan hujaa aav ni ****** ene zaluud emegtei talaasaa jhn MGL tsustai iim hvniig MGL hvn ghvv.1 negr aavtai MGL eejtei nuhur bi MGL hvn gvl bid yaj hvleej avah ve. Bi l lav uvur MGLd tsever tsusni MGL bdag gedegt ogt itgedeggvi. Uchir ni ali ert turiin bodlogoor ******jvvlsen shvv de ali ert erchvvdiig ni tseregt yavuulaad araar ni elgeeltin ezed gd bhn hyatad zaluuchuud avaachaad ssuurishuulsan
Зочин · 2014/09/22
estoi nogoo tagnuul gdeg chin dureeree bn da naadhaa buu oruul
Зочин · 2014/09/22
Naad muu dalai gd ih daldgar hulgaich bga ym. Naadahnii chin surna gej hudlaa hujaagiin tagnuul bj bolzoshgui etgeed mongoloos ****