ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Б.Ариунболд нарыг ажлаас нь халж цолыг нь хураан авсан бол  мөрдөн байцаагч Аадарсүхийг цалингийн хувиар торгож шийтгэсэн билээ.

Тэднийг шийтгэх болсон үндэслэл нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцоруулахын тулд Г.Сарангэрэл гэх охиныг золигт гаргасан бөгөөд энэ хэрэгт нь Эрүүгийн хуулийн 82-р зүйл Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн ТЕГ-аас шалгаж байгаа.  

Тэгвэл энэхүү хэрэгт  ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг ТЕГ-аас шалгаж эхлээд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл  цагдаагийн байгууллагаас халагдсан экс дарга нарын  хэргийг  Б.Билэгт  хувийн өс хонзон санаж  зохион байгуулсан байх магадлалтай гэнэ.  Одоогоор түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй гэнэ.  Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогвол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял оноох юм байна.

Б.Билэгтийн хувьд ЦЕГ-ын даргын ажлаас үндэслэлгүй халсан хэмээн  шүүхийн хаалга татахаар зэхэж байгаа. Гэвч түүний шүүхэд хандах “эрх” нь үүсэхгүй, байгаа юм.  Эх сурвалжийн хэлж байгаагаар Б.Билэгтийг  албан үүргээ хангалтгүй биелүүлсэн  гэх үндэслэлээр халсан ажээ. 

А.Баярмаа