Хамгийн сүүлийн мэдээгээр австраличууд Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний нийлүүлэлтээрээ хол тасархай тэргүүлж байна. Тодруулж хэлбэл урд хөршийн худалдан авч буй металлургийн нүүрсний 47.3 хувийг Австрали эзэлжээ.

Харин Монголоос нийлүүлж буй коксжих нүүрсний хувь 23.9. Энэ нь Австралийн дараа хоёрдугаарт жагсч байгаа үзүүлэлт. Монгол Улс энэ оны эхний найман сарын байдлаар 13 сая тонн коксжих нүүрс гаргачихаад байна. Манай араас ОХУ 10.4 хувьтай нэхэж явна. Хойд хөршийн дараа Канад, АНУ, Индонези гээд жагсч байна. Монголын хувьд гурван жилийн өмнө  Хятад гэдэг аварга зах зээлийн худалдаж авсан коксжих нүүрсний 44.9 хувийг хангаж байсан юм. Бараг тал хувь нь гэсэн үг. Энэ тоо 2012 онд 35.6, өнгөрсөн жил 20.5 хувь болж буурсан. Нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос өссөн шалтгаан нь Таван толгойн Баруун, Зүүн Цанхиас зэрэг олборлолт хийж мөнгөөр нь зарж байгаа явдал. Өмнө нь зөвхөн Зүүн Цанхиас “Чалко”-гоос авсан өрөндөө нүүрс өгч байсан юм. Урд хөрш рүү нүүрс экспортлогчид  гэвэл “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, “МАК”, орон нутгийн “Таван толгой”, “Саусгоби сэндс” гэсэн таван компани бий.

 Экспортолсон коксжих нүүрсний биет хэмжээгээрээ Австралийн дараа хоёрдугаарт жагссан нь олзуурхмаар ч нүүрснээс олох орлого маань бараг хоёр дахин хумигдаад байгаа. Орлого хумигдахад нөлөөлсөн хоёр шалтгаан бий. Нэг дэх нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан явдал. Гэхдээ эрчимтэй уруудаж байсан нүүрсний үнэ өнгөрсөн саруудаас тогтворжиж эхэлсэн, аажимдаа бага багаар өснө гэсэн таатай мэдээ бий.  Хоёрдугаар шалтгаан нь нүүрс тээвэрлэлтийн өртөг. Австрали нүүрсний үнэ унасан үед ч хар алтаа зараад аятайхан амьдраад байгаа нь тээврийн зардалтай холбоотой. Тээврийн зардал нь хямд учраас урд хөршийн  коксжих нүүрсний зах зээл дээр гялалзаж байна. Австраличууд 100-200 тоннын хөлөг онгоцон дээр нүүрсээ ачаад Хятадын далайн боомт дээр буюу эцсийн хэрэглэгчдэдээ хүргэдэг. Ингэж хүргэхдээ нэг тонн нүүрсэнд 12-15 ам.долларын зардал гаргадаг. Гэтэл монголчууд 40-60-хан тонны машинаар Хятадын хилийн захад  нүүрсээ аваачихдаа нэг тонн нүүрсэн дээр хориос дээш ам.долларыг тээврийн зардал, бас бус  өртөг болгож  “агаарт хийсгэдэг”. Нүүрс их хэмжээгээр гаргасан ч шальтай мөнгө олохгүй байгаагийн цаад шалтгаан нь энэ. Нүүрсний экспортын үнэ цэнийг унагаж байгаа зүйл бол ердөө л дэд бүтэц гэдгийг сая дурдсан тооноос харчихаж болно. Тэгэхээр нүүрсээ үнэд хүргэе гэвэл төмөр зам, төмөр зам, бас дахин төмөр зам гэхээс өөр арга  алга. 

Их хэмжээгээр нүүрс экспортлож буй хэр нь төсөвт хаягласан  мөнгө чамлахаар байгаагийн бас нэг шалтгаан  нь дундын компаниудын хандлагатай холбоотой гэж салбарынхан ярьж байна. Манай нүүрсийг Хятадын хил дээрээс аваад цааш нь хэрэглэгчдэд хүргэдэг компаниудыг дундын гэж тодотгодог. Австралид үер болж Монгол нүүрс моодонд орж байх үед дундын компаниуд манай нүүрсийг  өрсөлдөж авдаг байв.  Бүр урьдчилж мөнгөө төлж байгаад авдаг байсан цаг тийм ч эртнийх биш. Манайхан ч урьдчилж ахиу мөнгө төлсөнд нь нүүрсээ өгдөг байлаа. Харин одоо байдал өөрчлөгдсөн гэдгийг нүүрс экспортлогчид нуудаггүй. Урьд нь монгол компаниуд гэдийдэг байсан бол өнөөдөр  Өмнөд Монголын захиргаанд бүртгэлтэй дундын компаниуд  “Нүүрсээ тэдээр  өгвөл өг, гэхдээ мөнгийг нь одоо өгч чадахгүй шүү. Цааш нь зарчихаад дараа нь өгнө” гэж гэдийдэг болжээ. Манайхан ч урд хөршийн зах зээл дээр нэгэнт эзэлсэн байр сууриа  унагахгүйн тулд хэлсэн үнэд нь нүүрсээ өгөхөөс аргагүй байдалд байгаа. Алдагдалтай гээд нүүрсний нийлүүлэлтээ зогсооё гэхээр хожим эрсдэлтэй учраас тэр л дээ. Нийлүүлэгчдээ алдчихвал нүүрсний үнэ өсч, хар алтны зах зээл сэргэхэд  орон зайгаа эзэлж чадахгүй шахагдах эрсдэл бий. Ийм шалтгаанаар нүүрс экспортлогч компаниуд алдагдал хүлээсэн ч нүүрсээ гаргаж байна.

Дундын компаниудын хувьд өмнө нь урт хугацааны буюу жилийн гэрээ байгуулдаг байсан бол байдал хүндрэнгүүт  нэг удаагийн гэрээгээр нүүрс авдаг болж. Эндээс манай компаниуд байнгын түншгүй болсон гээд дүгнэлт хийчихэд хэтрүүлэг болохгүй. Өмнө нь зах зээлийн жамаар арилжаагаа хийж,  урт хугацааны түнш компаниудтай байсан нүүрс экспортлогчид өнөөдөр “Шинхуа”, “Чалко”  зэрэг төрийн өмчит компаниудтай нүүр тулж байгаа. Төрийн өмчит компаниуд яах нь тодорхой. Монголын нүүрсийг нэгдсэн бодлоготойгоор хямд үнээр авч таарна. Ер нь нүүрсний зах зээлийг ажиглахад ингэж дүгнэх хангалттай үндэслэл бий. Манай улсын бодлогын тогтворгүй орчин, дэд бүтцийн сул  байдал урд хөршийн хувийн компаниудыг нүүрсний зах зээлээс үргээсэн гэчихэд үнэнээс хол зөрөхгүй. Энэ сиймхийг ашиглаад төрийн компаниуд нь хувийнхнаа шахаж орж ирсэн нь ч бодит үнэн.

 

БИДНИЙ ӨРСӨЛДӨГЧ ХЭН БЭ?

Австрали бол тодорхой. Одоогийн байр сууриа тавьж өгтлөө өдий. Монголын хувьд хүчтэй гол өрсөлдөгч гэвэл Орос байна. Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуу манай сонинд өгсөн ярилцлагадаа “Нүүрсний зах зээл ирэх оноос сэргэх хандлага байгаа учраас нүүрсний салбарт өрсөлдөөн ширүүсч байна. ОХУ экспортынхоо хэмжээг өсгөнө гэдгээ зарлачихлаа. Америкаас нүүрс нийлүүлээд эхэлчихсэн. Индонези, Австрали нүүрсний үнийн уналтыг тоо хэмжээгээ өсгөх замаар давж байна. Тэгэхээр өрсөлдөөн улам ширүүсч байна” гэж онцолж байсан. “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран ч нүүрсний салбарт манай хүчтэй өрсөлдөгч олон бий, нэг нь Орос гэж онцолж байна. Тэрээр “Наад захын жишээ гэхэд л Элгагийн орд байна. Манай Таван толгойтой эн зэрэгцэхээр орд. 2009 онд хөрсийг нь ч хуулаагүй байсан бол өнөөдөр ашиглалтад орж, төмөр зам, угаах үйлдвэрээ бариад  нүүрсээ зөөж байна. Тувад бас нэг нүүрсний том орд бий. Манай баруун талаар төмөр зам тавьж нүүрсээ гаргах гэж ярьж байна. Тувагаас цааш Алс Дорнодоор зөөвөл ашиггүй учраас тэр. Гэсэн хэрнээ Якунин манай Таван толгойн нүүрсийг Алс Дорнодоор зөөх ухааны юм ярьж байсан удаатай. Эдийн засгийн эрүүл саруул сэтгэлгээний үүднээс харахад ч Владивостокоор хэдэн мянган км явж байж далайд гаргана гэдэг ашигтай шийдэл биш. Хэрвээ ашигтай  бол манай баруун талаар нүүрсээ гаргая гэж дуугарахгүй байсан” хэмээн ярилаа.

Хойд хөршийн хувьд 2010 онд нүүрсний салбарын хөгжлөө тодорхойлчихсон. Бүр 2030 он хүртэл. Жил бүр төлөвлөгөөндөө тодотгол хийгээд идэвхтэй гэгч нь хэрэгжүүлээд явж байгаа. Оросын тухайд нүүрсээ Ази руу гаргах гэж шамдах болсон нь цаанаа нарийн шалтгаантай. Хойд хөрш Европын нүүрсний зах зээл дэх байр сууриа АНУ, Канад, Өмнөд Африкийн орнуудад алдаад байгаа. Дээр нь Украйны хэрэг явдлаас болж Европ тивтэй харилцах харилцаа нь илт хүйтэрчихсэн. Товчхондоо Хятад хойд хөршийн хувьд хамгийн таатай зах зээл болоод байна. ОХУ нүүрсний том ордуудынхаа дэд бүтцэд Хятадын хөрөнгө оруулалтыг татах болсон нь цаанаа ийм учиртай.

Өөр нэг мэдээ дуулгахад Оросын нүүрсний том ордуудын дэд бүтцийг Хятадын хөрөнгө оруулалттайгаар барьж байгуулах ажил эхэлчихсан. Тэгэхээр Оросын  нүүрс хүссэн хүсээгүй Хятадын зах зээл дээр гарна гэсэн үг. Хойд хөрш коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсний том экспортлогч. Манайх эрчим хүчний нөөц ихтэй улсын тоонд багтдаг ч одоохондоо экспортлож завдаагүй яваа. Ингээд бодохоор Орос кокжсих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсэн дээр ч манай хүчтэй өрсөлдөгч гэсэн үг. Төмөр зам, дэд бүтцээс эхлээд нүүрсний салбарт барих бодлогоо тодорхой болгож эрчтэй ажиллаж эхлэхгүй бол коксжих нүүрсний зах зээлд Австралийн дараа бичигдэж буй байр маань өнөөдрийнхөөс ухарч мэдэх бодитой шалтгаан олон байна.  

 Ц.БААСАНСҮРЭН