Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
2014/10/13
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв.
Уг хуулийн төсөлд зургаан яамыг гурав болгосон, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам байгуулсантай холбогдуулан долоон сайд чөлөөлөгдөж, дөрвөн сайд томилогдох асуудлыг оруулна гэснээс өөрөөр Ерөнхий сайд сайд нарын нэрсийг хэзээ УИХ-д оруулж ирэх хугацаагаа тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар нь Ерөнхий сайд, Шадар сайд болон 14 сайдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллах байна. Үүнд:
1.Монгол Улсын Ерөнхий сайд;
2.Монгол Улсын Шадар сайд;
3.Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
4.Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд;
5.Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд;
6.Сангийн сайд;
7.Хууль зүйн сайд;
8.Батлан хамгаалах сайд;
9.Боловсрол, шинжлэх ухааны сайд;
10.Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд;
11.Соёл, спорт, аялал жуулчлалын сайд;
12.Уул уурхай, эрчим хүчний сайд;
13.Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд;
14.Хөдөлмөрийн сайд;
15.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;
16.Эрүүл мэндийн сайд гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна.
Хуулийн төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн.юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжсэнээр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа