Дэлхийн түвшний төрөх эмнэлэгтэй болов
2013/01/31
Монгол Улсад тулгамдаж буй хамгийн гол асуудлын нэг нь эхчүүдийн амаржих газрын хүрэлцээ дутмаг байдал. Энэ асуудалд тус нэмэр болох үүднээс “Сентерра гоулд” компанийнхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд клиникийн I амаржих газрын өргөтгөл болох 150 ортой шинэ эмнэлгийн түлхүүрийг Эрүүл мэндийн яамныханд гардуулж өглөө.
Ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Грегори Голдхаук, “Сентерра гоулд” компанийн үйлдвэрлэл эрхэлсэн ерөнхий захирал Гордон Рейд, “Бороо гоулд” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жон Казакофф болон барилгын ажлыг гүйцэтгэсэн “Цаст констракшн” ХХК-ийн удирдлагууд оролцсон юм.
Нийслэлийн төвд Монголын ирээдүйн үр хойчийг хүлээн авах төрөх эмэгтэйчүүдийн 190 ортой тасаг, 50 ортой эмгэг нярай буюу эрчимт эмчилгээний тасаг, 100 ортой эмэгтэйчүүдийн тасаг гээд нийт 340 гаруй ортой шинэ амаржих газар сүндэрлэсэн нь энэ. Шинэ эмнэлэг хүчин чадлаараа ажиллахад дахин 200 гаруй эмч мэргэжилтэн, сувилагч хэрэгтэй гэнэ.
Ёслолын арга хэмжээг нээж, “Сентерра гоулд” компанийн үйлдвэрлэл эрхэлсэн ерөнхий захирал Гордон Рейд “Шинэ хүүхэд хорвоод мэндэлж, эрүүл саруул өсч бойжих нь энэ амьдралын юутай ч зүйрлэшгүй үнэтэй зүйл юм. Бид бүхний хамтын ажиллагааны үр дүнд үүдээ шинээр нээж буй эмнэлэг бол Монголын ирээдүй болсон олон хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд төрөх нөхцөлийг хангах болно.
Мөн анагаах ухааны салбарын олон эмч мэргэжилтнийг шинээр ажлын байртай болгоно гэдэгт итгэлтэй байна. “Сентерра гоулд”, “Бороо гоулд” компани нь Монгол Улсад 10-аад жил үйл ажиллагаа явуулахдаа аюулгүй ажиллагаа, хариуцлагатай уул уурхай, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж байхыг эрмэлзэж ирсэн.
Тэр ч утгаараа Улаанбаатар хотын I амаржих газрын өргөтгөлийг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийж, нийслэлийн дэд бүтцэд томоохон хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Бид бүхний хамтын ажиллагаа цаашид амжилттэй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. “Сентерра гоулд” корпораци нь энэхүү бүтээн байгуулалтад 10 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд амаржих эмэгтэйчүүдэд зориулсан 100, нярайн эмчилгээний 50 ор нэмж суурилуулжээ.
Тус эмнэлгийн барилга нь 1.4 тэрбум төгрөгийн эмчилгээ, оношилгоо, мэс заслын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Мөн эмчлүүлэгч тус бүр хүчилтөрөгчийн аппараттай холбогдох боломжтой юм байна. Түүнчлэн мэс заслын тусгай өрөөнүүдтэй, тог тасарсан тохиолдолд гурван секундийн дотор автоматаар дизель цахилгаан үүсгэвэрт холбогдох зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсоноороо онцлогтой.
Барилгын гүйцэтгэлийг “Цаст констракшн” ХХК хийсэн бөгөөд нийслэлийн болон улсын комисс хүлээн аваад удаагүй байгаа талаар гүйцэтгэгч компанийнхан ярьж байв. Улсын онцгой объектод тооцогдох төрөх эмнэлгийн барилгыг дотоодын бүрэн нөөц бололцоонд тулгуурлан барьж байгуулжээ. Клиникийн I амаржих газрын өргөтгөлийн түлхүүр гардуулах ёслолын үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Бид өнөөдөр эрүүл мэндийн салбарын түүхэн үйл ажиллагаанд оролцож байна. Манай улсын хүүхдийн төрөх ууган эмнэлгүүдийн нэг клиникийн I амаржих газрын өргөтгөлийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна.
Эх үрсийн өргөө болсон энэхүү сайхан бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хийсэн “Сентерра гоулд” корпораци, барилгын үйл ажиллагааг гүйцэтгэсэн “Цаст констракшн” ХХК-ийн хамт олонд Эрүүл мэндийн яам, Монголын мянга, мянган эх, хүүхдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй. Энэхүү бүтээн байгуулалт бол нийслэлийн өмч. Тэр ч утгаараа нийслэлийн ээжүүд маань энэ эмнэлэгт төрнө гэсэн үг. Тиймээс эмнэлгийн түлхүүрийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд гардуулъя” гэсэн юм.
Ачааны хүндийг үүрэлцсэн “Сентерра гоулд”-ынханд баярлалаа
Ийнхүү шинэ төрөх эмнэлгийн түлхүүрийг гардан авсан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн сэтгэгдлийг сонссон юм.
-Эрүүл мэндийн сайд танд эх, хүүхдийн эрүүл мэндийг даатгаж, шинэ эмнэлгийн түлхүүрийг гардуулж өглөө. Ямар сэтгэгдэлтэй байна?
-Н.Удвал сайд нийслэлийн эх, үрсийн эрүүл саруул төрүүлэх их хариуцлагыг хүлээлгэж өглөө гэж ойлгож байна. Би түүхэн үйл явдалд оролцох гэж өөрийнхөө хариуцсан ажлыг түр хойш нь тавьчихаад ирлээ. Өнөөдөр /өчигдөр/ нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг ярьж байсан. Би тэр ажлынхаа дундуур гарч ирсэн юм.
Миний мэдэхийн намайг төрснөөс хойш манай улсад шинэ төрх ашиглалтад орлоо гэж би дуулаагүй. Би 56 жилийн өмнө II төрөхөд төрж байсан. Одоо тэр эмнэлэг яг хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, төрөх эмнэлгүүд шинэчлэгдээгүй маш олон жил болсон байна. Сүүлийн жилүүдэд боломжтой айлын хүүхдүүд гадаад улсад очиж төрөх явдал газар авсан. С.Ламбаа сайд байхдаа “Монгол хүүхдүүд эх орныхоо хөрсөн дээр төрж чадахааргүй байдал үүсээд байна” гэж их санаа зовдог байсан.
Дараа нь “Сентерра гоулд” корпорацийн хөрөнгө оруулалтаар I төрөхийн өргөтгөл баригдах тухай сонсоод дотроо их баярлаж байсан. Өнөөдөр нийслэл хотын дэд бүтцэд тулгамдсан асуудлын нэг нь яах аргагүй төрөх эмнэлэг байсан. Тэгээд энэ их хүнд ачаанаас минь үүрэлцэж өгсөн “Сентерра гоулд”, “Бороо гоулд” компанийнханд баярлалаа гэж хэлье.
-Өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа “Сентерра гоулд”, “Бороо гоулд” компанийнхантай хамтран ажиллаж байсан уу. Учир нь, таны сонгогдож байсан аймагт үйл ажиллагаа явуулдаг шүү дээ?
-Тийм ээ. Би Сэлэнгэ аймгаас төрийн түшээгийн суудалд хэд, хэдэн удаа сонгогдсон. Тэр ч утгаараа орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг тус компанийнхантай олон удаа уулзаж байсан. “Сентерра гоулд” компанийн үйл ажиллагааг эртнээс мэдэх хүний хувьд компанийн хөрөнгө оруулалттайгаар холбогдуулан “Сентерра гоулд зовлон туулсан нь” гэдэг ном бичмээр санагддаг юм.
Яагаад гэвэл энэ компани манай улсад үйл ажиллагаа явуулах гэж олон зовлон бэрхшээлийг туулсан гэж боддог. Энэ компани манай улсын хуулийг ягштал биелүүлдэг байсан. Хууль маань тааруухан байсан учраас компанийг муу хэлж байсан үе бий. Энэ бүхэнд тэсвэр заан нийслэлийн эх, хүүхдэд зориулан ийм сайхан бүтээн байгуулалт бий болгож өгсөнд их баяртай байна. Монголчууд бид хүний тусыг санахдаа сайн улс. Тиймээс “Сентерра гоулд”-ынхны энэ сайхан тусыг машид санаж явах болно.
-Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд юу бүтээж болдгийг харууллаа гэж ойлгож болох уу?
-Алт олборлолтод олон сайхан шинэ техник тоног төхөөрөмж оруулж ирсэн. Уул уурхайн аюулгүй ажиллагаа, компанийн нийгмийн хариуцлага ямар байх ёстой гэдэгт үлгэр жишээ болж байгаа гэж боддог. Компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарладаг болжээ. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ж.Баянсэлэнгээс компанийн нийгмийн хариуцлагын талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Эх, хүүхдийн 150 ортой шинэ төрөх эмнэлэг үүдээ нээлээ. Ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд хэд хэдэн газар төрөх эмнэлэг баригдаж байгаа. Өнөөдөр хамгийн анхных нь ашиглалтад орж байна. “Сентерра гоулд” компанийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэ эмнэлэгт 100 эх зэрэг амаржихаас гадна, 50 эмгэг нярай хэвтэж эмчлүүлэх боломжтой. Эхчүүд эрүүл, аюулгүй орчинд эсэн мэнд амаржих нөхцөл сайжирч байгаад баяртай байна.
-Энэ эмнэлэгт иргэд зөвхөн харьяаллынхаа дагуу үйлчлүүлнэ. Тэгэхээр бусад эмнэлгийн асуудал мөн яригдах байх?
- Яармаг дахь шинэ төрөх II төрөхийн өргөтгөлийн барилгын ажил эхэлсэн. Эх, нярайн эрүүл байх асуудал хурцаар тавигдаж байгаа энэ нөхцөлд асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх үүднээс УИХ-ын эмэгтэй гишүүд дуу хоолойгоо хүргэх болно.
-Монгол Улсад уул уурхайн гадаад дотоодын олон компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээрийн нийгмийн хариуцлагын хүрээнд зарим асуудлыг шийдвэрлэх боломж бий юу?
-Тэгэлгүй яах вэ. Компани нийгмийн хариуцлагын хүрээнд юу хийж болдгийг зарим компани харуулж байна. Хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” компани орон нутагтаа орчин үеийн сургууль, дотуур байрын цогцолбор барьж ашиглалтад оруулсан. Өнөөдөр “Сентерра гоулд” компанийн хөрөнгө оруулалтаар клиникийн амаржих газрын өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.
Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай ямар ч компани нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд хэрэгтэй томоохон бүтээн байгуулалтыг бий болгож байна. Төрийн зүгээс дээрх компаниудад дэмжлэг үзүүлэх нь зүй ёсны хэрэг. Ард иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангах энэ бүтээн байгуулалтын хариуд татварын уян хатан бодлого баримтлах боломжтой.
Хамтын ажиллагааны үр дүнд төсөл амжилттай хэрэгжлээ
“Бороо гоулд” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жон Казакофф
-Танай компани чухам яагаад төрөх эмнэлэгт хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн юм бэ?
-“Сентерра гоулд”, “Бороо гоулд” компанийнхан нийгмийн хариуцлагыг эрхэмлэн ажиллахыг хүсдэг. Тэр ч утгаараа нийгмийн өмнө шийдвэрлэвэл зохистой ямар асуудал байгаад боломжийн хэрээр тусламж, дэмжлэг үзүүлэхийг хичээж ажилладаг. Шинэ хүн төрнө. Тэд эрүүл аюулгүй орчинд төрөх нь маш чухал зүйл. Яагаад гэвэл шинээр төрж байгаа хүүхдээс бидний ирээдүй хамаардаг.
Монголын нөхцөлд энэ байдал хүнд байгаа талаар холбогдох байгууллагууд нь бидэнд хандсан. Нийгмийн өмнө хийгдэж буй аливаа ажлууд голчлон эрчүүдэд зориулагдсан байдаг. Харин энэ төрөх эмнэлэг бол эх, хүүхдэд цаашлаад Монголын сайхан гэр бүлд зориулагдаж байгаад баяртай байна.
-Зарим төсөл үнийн өсөлт, хууль хяналтаас болж саатах, удаашрах тохиолдол гардаг. Харин төрөх эмнэлгийн өргөтгөл маш амжилттай хэрэгжлээ шүү дээ?
-Энэ барилгын үйл ажиллагаанд найман тэрбум төгрөг зарцуулсан. Харин эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж бусад хэрэгсэлд хоёр тэрбум төгрөг гаргасан. Бид Улаанбаатар хотын захиргаа, архитекторууд, хяналтын байцаагч нар, гүйцэтгэгч нартай нягт холбоотой ажилласны үр дүнд ийнхүү төсөл маань амжилттай хэрэгжлээ.