Өнөөдрийн нийгэмд иргэдийн толгойны өвчин, хотын удирдлагуудын амны яриа болсон хэдэн зүйл бий. Тухайлбал, төрөх эмнэлэг, утаа, замын түгжрэл, эдийн засгийн хямрал, бараа бүтээгдэхүүний үнэ, валютын ханш... зэргийг нэрлэж болно.

Энэ дундаас хамгийн хор хөнөөлтэй, шийдэж чадахгүй өдийг хүрсэн зүйл бол утаа. Аль хэдийнэ аравдугаар сар дундаа оржээ. Өөрөөр хэлбэл, утааны улирал эхэлсэн гэсэн үг. Иргэд өвлийн улирлыг ингэж нэрлээд олон жилийг үдэж байна. Утааны улиралд агаарын 70 хувийг гэр хорооллын айлууд бохирдуулдаг байна. Үлдсэн 20 хувь нь автомашин, 10 хувь нь цахилгаан станцаас гарсан утаа агаарыг бохирдуулдаг аж. Нийслэлд 189 мянган айл гэр хороололд амьдарч байна гэсэн статистик мэдээлэл байдаг. Тиймээс л утааны эх үүсвэр гэр хорооллын айлууд болдог аж. Зарим хүн Улаанбаатарыг “Утаанбаатар” хэмээн хошигнох болсон. Мэдээж үнэний ортой. Учир нь аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл хотын иргэд утаагаар амьсгалдаг. Дөн өвлийн хүйтэнд хөлдөж үхэхгүйн тулд чадлынхаа хэрээр нүүрсээ бэлтгэж, түүнийхээ ачаар хавартай золгодог. Өвлийг өнтэй давахын тулд утаанд хордож, эрүүл мэндээрээ хохирох нь цөөнгүй. Хотын гудамжаар тэр дундаа гэр хороололд алхах хүмүүсийн хоолой хорсож ханиалган, нүд арган нулимс гарч, хувцаснаас утаа үнэртдэг. Ийм л хэцүүхэн дүр зураг хотын саарал утаан дунд байсаар л. Хотын удирдлагууд холбогдох албаныхан утааг багасгах зорилгоор хэдэн тэрбум төгрөг зарцуулан олон ажлыг хийдэг ч үр дүнд хүрдэггүй. Жилийн жилд нэг л хэвэндээ. Мэргэжилтнүүд нь хотын утаа тэдэн хувиар буурсан гэж ярьдаг ч тэр нь нүдэнд харагдахгүй. Улам л ихэссээр. Үүнийг хотын иргэд ам булаалдан ярьж байв. Утааг багасгахаар нүдээ олсон дорвитой ажил хийж чадахгүй байна уу, эсвэл иргэд нь санаачилсан ажлыг нь хэрэгжүүлэхдээ хойрго хандаж байна уу. Энэ асуултын хариултыг бид иргэдээс хайлаа. Бидний уулзсан хүмүүсийн ихэнх нь цахилгаан эрчим хүчээр дулааныг шийдэх ёстой гэдгийг хэлж байсан юм. Чингэлтэй дүүргийн иргэн Х.Заяа “Сайжруулсан зуухыг манайх хоёр жилийн өмнө худалдаж авсан. Хэрэглэж чадахгүй болохоороо энгийн зуух хэрэглэж байна. Сайжруулсан зууханд шахмал түлш түлэх хэрэгтэй юм шиг байна лээ. Гэтэл тэр түлш нь олдохгүй юм. Энгийн нүүрс түлэхэд адилхан л утаа гардаг” гэв. Харин зарим иргэд сайжруулсан зуухны үнэ нэмэгдсэнд бухимдаж байв. Өнгөрсөн жил 21 мянган төгрөгөөр тарааж байсан зуух энэ жил 200 мянган төгрөг болсон нь эдийн засгийн хямралтай энэ үед иргэдэд хүнд тусч байгаа бололтой. 2014-2015 онд “Цэвэр агаар сан”-гаас 20 тэрбум 260 сая төгрөгийг нийслэлийн утааг бууруулахад зарцуулахаар болсон байна. Уг төсвийг хэрхэн юунд зарцуулж байгаа, утааг бууруулах ямар ажил хийж байгаа талаар “Цэвэр агаар сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Баасангаас тодрууллаа.

 

Д.БААСАН: АГААРЫН БОХИРДОЛГҮЙ БОЛОХЫН ТУЛД ШАТДАГ ХИЙГ ХЭРЭГЛЭСНЭЭР БҮРЭН ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ

 

2014-2015 онд Цэвэр агаарын сангаас 20 тэрбум 260 сая төгрөгийг нийслэлийн утааг бууруулахад зарцуулахаар болсон байна. Уг төсвийг хэрхэн юунд зарцуулж байгаа, утааг бууруулах ямар ажил хийж байгаа талаар Цэвэр агаарын сангийн гүйцэтгэх захирал Д.Баасангаас тодрууллаа.

 

-Жил бүр утаа багасгах зорилгоор олон ажлыг зохион байгуулдаг. Гэсэн ч төдийлэн үр дүнд хүрэхгүй байна. Энэ жил утааг багасгах тал дээр ямар ажил хийх гэж байна вэ?

 

-Нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадал нэмэгдэж байгаа учир нам даралтын зуухыг татан буулгаж хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбож байна. Үүнийг манай сангаас санхүүжүүлж байна. Өнгөрсөн жилүүдэд Цагаан даваа, Цагдаагийн академи орчмын айл өрх, албан байгууллагыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын хүрээнд шинэ ус, дулаан дамжуулах төвийн барилга барих, инженерийн шугам сүлжээг шинээр байгуулах цогц ажлуудыг манай сан 5.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Зөвхөн Цагдаагийн академи орчимд гэхэд л 600 гаруй айл өрх, 2 их дээд сургууль, цэцэрлэг, дотуур байр, халамжийн төв зэрэг 70 гаруй объектыг холбосон. Эдгээр газрыг халаахын тулд галлагааны улиралд 22 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан уурын зуухнуудыг татан буулгасан. Харин энэ жил Дэнжийн 1000, III, IV хорооллын эцэс орчмын айл өрх, албан байгууллагыг төвлөрсөн дулаанд холбох ажил хийгдэж байна. Үүнд 760 гаруй сая төгрөг зарцуулахаар тооцсон. Учир нь өнгөрсөн жил 3.4 тэрбум төгрөгөөр Дэнжийн мянгад 1360 гаруй метр дулааны шугам хоолойн ажил, 490 гаруй сая төгрөгөөр цахилгааны шугам чөлөөлөх шилжүүлэх ажлыг санхүүжүүлсэн. Энэ жил зөвхөн холболт хийгдэнэ. Гэхдээ он дамжиж хэрэгжих төлөвтэй байна.

 

-Утааг багасгах зорилгоор сайжруулсан зуухыг гэр хорооллын айлуудад тарааж байгаа ч байдал хэвээр л байна. Мөн түүнийг ашиглах нь ховор байх шиг байна. Дараа жил сайжруулсан зуух нийлүүлэх үү?

 

-Сайжруулсан зуухтай айлууд бүгд галаа зөв түлбэл нийслэлийн агаарын бохирдол 50-60 хувь багасах боломжтой. Эхлээд нүүрс, дараа нь мод, цаас гэсэн дарааллаар түлэх ёстой. Уг нь сайжруулсан зууханд шахмал түлш түлэх нь зүйтэй. Дэлхийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд Цэвэр агаарын сангийн хамтарсан татаастай үнээр нийлүүлж байгаа сайжруулсан 45 мянган зуухнаас 29707 нь айлуудад очсон. Үлдсэн зуухыг энэ сарын 3-наас борлуулж эхэлсэн. Өмнө нь зуухны үнийн 90 орчим хувийг улсаас татаас хэлбэрээр олгодогбайсан бол энэ жил 66 хувь болгож бууруулсан. Иргэд сайжруулсан зуухааавсан эсэх, авсан бол хэрэглэж байгаа эсэхийг хяналтын тооллого явуулж шалгаж байна. Үүний дараа дахиж сайжруулсан зуухны хөтөлбөр хэрэгжих эсэхийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо шийдвэрлэнэ.

 

-Өнгөрсөн жил шахмал түлш хангалттай хэмжээгээр худалдаанд гараагүй хүрэлцээ муу байсан. Энэ жил үүнийг яаж зохицуулах гэж байна?

 

-Өмнө нь II цахилгаан станцыг түшиглэж 250 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ гээд нэг хувийн компанид 17 тэрбум төгрөгийг улсын төсвөөс өгсөн байдаг. Гэтэл тухайн үйлдвэр нь технологиосоо шалтгаалаад одоог хүртэл шахмал түлшээ үйлдвэрлэж чадахгүй л байна. Иймээс айлууд нүүрс түлэхээс өөр аргагүй байдалтай явж ирлээ. Энэ жил дөрөв, таван аж ахуйн нэгж бололцоогоороо сайжруулсан түлш нийлүүлнэ гэсэн хэдий ч хангалттай хэмжээний түлш нийлүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

 

-Айлуудад сайжруулсан зуух шахмал түлш нийлүүлж, төвлөрсөн дулааны шугамд холбох зэргээс гадна өөр ямар аргаар утааг багасгах боломжтой вэ?

 

-Бид ирээдүйд шатдаг хийгээр дулаан, ахуйн хэрэглээгээ шийдэж байж агаарын бохирдлыг бууруулах ёстой. Тиймээс хийн хангамжийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг гурван аж ахуйн нэгжид тус бүрт 500 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Ирэх арваннэгдүгээр сараас Сонгинохайрхан, Чингэл тэй, Баянгол дүүргийн зарим хорооны айлуудад хийн плитка, баллоныг хөнгөлөлттэйүнээр нийлүүлнэ. Цаашид Тавантолгойн ордын нүүрс ний давхаргын доорхи метан хийг ашиглахаар төсөл хэрэгжих шатандааявж байна.

 

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаарын бохирдол хэдий хэмжээнд байна вэ?

 

-Үүнийг агаарын бохирдлын хэмжээг иргэдэд мэдээлэх зорилгоор агаарын чанарын ухаалаг хяналтын системийг шинээр бий болгох ажлыг санхүүжүүлж байна. Нийслэлийн 10 байрлал дахь суурин харуулууд агаарын чанар ямар байгааг хэмждэг. Ойролцоох газарт нь лед дэлгэцүүд байрлуулсан. Мөн тухай бүрт нь www.agaar.mn веб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Энэ төслийн хүрээнд гар утас болон ухаалаг төхөөрөмжийн апликейшн хийсэн тул иргэд нийслэлийн хаана ч байсан тухайн газартаа агаарын чанар ямар байгааг мэдэж болно. Ингэснээр агаарын бохирдлоос өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалах арга хэмжээ авах боломж бүрдэх юм. Жишээлбэл, өнөөдөр агаарын бохирдол аюултай түвшинд байна гэвэл гэр орныхоо агаарыг чийгшүүлэх, агаар цэвэрлэх төхөөрөмж байвал ажиллуулах, бага насны хүүхдээ гадаа салхилуулахгүй байх, гадуур гарахдаа маск зүүх хэлбэрээр хамгаалалтын арга хэм-жээ авах боломжтой. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн Нисэх, мөн Толгойт орчимд бусад газруудыг бодвол агаарын бохирдол арай өндөр түвшинд байна.

 

НИЙСЛЭЛЧҮҮД УТААН ДУНДАА АМЬДАРСААР Л БАЙНА

 

Гамшгийн хэмжээнд хүрсэн гэж тодотгох агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд Мянганы сорилтын сан, Азийн сэргээн босголтын банк, “Жайка” олон улсын байгууллагууд хөрөнгө мөнгө зарцуулж, судалгаа шинжилгээ хийсэн ч нийслэлчүүд бид утаан дундаа амьдарсаар байна. Дээрх олон улсын байгууллагууд Улаанбаатарын утааг бууруулахаар ажиллахдаа Монгол Улс түүхий нүүрс түлж буй гэр хорооллын айл өрхөө сайжруулсан зуухаар хангах нь ойрын хугацаанд хийж болох хамгмйн зөв алхам гэсэн дүгнэлтэд хүрчээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг шат дараатайгаар хийж байна гэж албаныхан ярьдаг. Чухам ямар ажлыг хийж байгааг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны мэргэжилтэн Б.Энхжаргалаас тодруулсан юм.

 

Б.ЭНХЖАРГАЛ: АГААРЫН БОХИРДОЛ 20 ОРЧИМ ХУВИАР БУУРСАН

 

-Жилээс жилд агаарын бохирдол буурч байгаа гэдэг. Тэгэхээр жилд агаарын бохирдол хэдэн хувиар багасдаг вэ?

 

-Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо энэ оны нэгдүгээр сараас эхлээд шинэчилсэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа. Агаарын тухай хуульд өөрчлөлт ороод Үндэсний хорооны дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, гишүүдээр нь БОНХЯ, НЗДТГ болон бусад яамдын төрийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Агаарын бохирдлын орчны шинжилгээг улсын мэргэжлийн байгууллага, Цаг уур орчны хүрээлэн, Улаанбаатар хотод байдаг 11 суурин станцаар хэмждэг. Мөн нийслэлийн агаарын чанарын албаны дөрвөн ширхэг автомат суурин хэмжигчээр 16 байршилд 24 цагийн турш эгшин зуурын хэмжилтээр хэмждэг байна. Ингэхдээ дөрвөн төрлийн бохирдуулагч бодисыг хэмждэг . 2012 онтой 2013 оныг харьцуулахад том ширхэгтэй тоосонцрын хэмжээ 20 орчим хувиар буурсан дүнтэй байна. Азот болон хүхрийн давхар исэлтийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурсан.

 

-Та дөрвөн төрлийн бохирдуулагч бодисыг хэмждэг гэлээ. Яг ямар дөрвөн бодис вэ?

 

-Тоосонцор, азотын давхар исэл, хүхрийн исэл угаарын хийг хэмждэг. Цаг уурын байдал, агаарын температур, салхины хурдаас хамаарч хэмжилт хийдэг.

 

-Улаанбаатар дэлхийн утаатай хотуудын тоонд хоёрдугаарт орчихсон байгаа. Албаны хүмүүс өвлийн улирал эхлэхээр агаарын бохирдлыг ярьдаг. Агаарын бохирдлыг арилгахын тулд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үр дүнд хүрч чадаж байна уу?

 

-2007 оноос агаарын бохирдол ихэссэн. 2011 онд гамшгийн хэмжээнд хүрсэн гэдэг. Гэтэл өнгөрсөн өвөл агаарын бохирдол буурсан үзүүлэлттэй байгаа. Нүдээр харахад юу ч мэдэгдэхгүй. Гэхдээ бид агаарын бохирдлыг бууруулахын тулд тодорхой ажлуудыг шат дараатайгаар хийлээ. Гэр хороололд жилд 10000 оршин суугч шилжин ирдэг гэх статистик мэдээлэл бий. Тэгэхээр оршин суугч нэмэгдэхийн хэрээр утаа нэмэгдэж байна гэсэн үг. Улаанбаатар хотын хэмжээнд агаар бохирдуулж байгаа их үүсвэрийн хэмжээг авч үзвэл гэр хороолол болон нам даралтын халаалтын зуухнаас үүдэлтэй бохирдол 80 хувийг эзэлдэг. Үлдсэн 20 хувь нь автомашин, замын тоос шороо, цахилгаан станцаас гарч байгаа бохирдол эзэлж байна.

 

III ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ИРЭХ САРД ДУУСНА

 

Хүйтний улирал хаалга тогшиж эхэлсэн энэ өдрүүдэд нийслэлчүүдийг цахилгаан, дулаанаар хангадаг, дулаан, цахилгааны дийлэнх хувийг үйлдвэрлэдэг Дулааны III цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгааг Ерөнхий инженер Ү.Төмөрхуягаас тодруулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээнд өгч байгаа нийт усны 50 хувийг манай цахилгаан станц хариуцан ажилладаг. Ерөнхийдөө, дулаацуулах ачаал-лын 50 хувийг гэсэн үг. Тиймээс Улаанбаатар хотын өвөлжилтийн асуудал манай станцтай салшгүй холбоо той. ТЭЦ-IV нийслэлийг дулаанаар хангах ажлын 50 гаруй хувийг мөн хариуцдаг. Энэ хоёр станцын аль нэг нь доголдвол Улаанбаатар хотын дулааны асуудал хүндэрнэ. Энэ жилийн хувьд бүр онцгой байгаа. Яагаад гэвэл Амгалангийн дулааны станц яригдаж байгаа. Тэр станцыг оны эцэс гэхэд ашиглалтад оруулаад, өвлийн их ачааллаас хуваалцана гэж байсан ч тэгж чадахааргүй боллоо. Амгалангийн цахилгаан станцыг ашиглалтад орно гэж тооцож байсан учраас тодорхой хэмжээний шинээр баригдаж байгаа барилгуудад техникийн нөхцөл олгоод, шинэ холболтууд нэлээд ихийг хийсэн. Тэр ачаалал манай станц дээр ирэх болж таараад байна. Тэгэхээр ачаалал нэлээд хүндэрнэ. Өнгөрсөн өвлөөс 15 орчим хувиар дулааны ачаалал нэмэгдэж магадгүй байна. 1000 гаруй тонн ус нэмэгдэх урьдчилсан төлөвлөгөө өгсөн. Өвлийн их ачааллыг ямар ч байсан давна гэсэн итгэл байна. “Турбин генератор VIII” – ын их засварын ажил ирэх сарын 15-нд дуусахыг эс тооцвол бусад нь энэ сарын дунд гэхэд бэлэн болчихно. Улаанбаатар дулааны сүлжээнд хэрэгтэй гэсэн усыг нь өгчихнө. Одоо 2500 тонн усыг 82 градус халаагаад өгөөд явж байна. Өвлийн их ачааллын үеэр 7500-8000 тонн болж өсдөг юм. 7500 тонн усыг сүлжээний том шахуургуудаар шахдаг. Тэр шахуургууд бэлэн байдалд байна. Сүлжээний ус халаагчууд нь ч гэсэн бэлэн байдалд байгаа. Ерөнхийдөө ийм л мэдээлэлтэй байна” 

 

С.ИЧИНХОРЛОО, С.ЮМСҮРЭН