Өнгөрсөн долоо хоногт МАН Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн.

 Ингэхдээ нийт 28 гишүүний гарын үсэгтэй тогтоолын төсөл өргөн барьсан. Үүнд МАН-ын 26 гишүүн дээр УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-гишүүн Ж.Батзандан нарын гарын үсэг нэмэгдсэн.  Ж.Батзандан хоёр дахь удаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огрцуулахаар шийдсэн гэдгээ ийнхүү илэрхийллээ. Мэдээж энэ нь намын гишүүдэд таалагдахгүй.  Тиймээс ч Ж.Батзандан намын гишүүддээ ад үзэгдэж эхэллээ. Тэгвэл сүүлийн үеийн мэдээллээр Засгийн газрыг огцруулах бичигт  гарын үсэг зурсан Ж.Батзандан гишүүнийг намаасаа хөөх чиглэлийг намын удирдлагууд нь хяналтын хороондоо өгсөн сурагтай.   АН-ынхан иймэрхүү байдлаар өөрсдийн гишүүдээ намнаж эхлэх нь.  Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт МАН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барихтай зэрэгцэн Баянзүрх дүүргийн АН-ын хороо хуралджээ. Хуралдаанаар Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх нь зөв хэмээн ихэнх гишүүд дэмжсэн байна.  Үүнээс гадна УИХ-ын гишүүн М.Зоригтын талаар асуудал АН-ын удирдагуудын төвшинд хөндөгдсөн гэнэ.  Өнгөрсөн амралтын өдөр АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсаныг АН-ын хэд хэдэн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.  Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Зоригт “Н.Энхбаяртай гэрээ байгуулахыг нь мэдсэн бол Ж.Батзандантай хамт гарын үсэг зурдаг байж ” хэмээн өөрийн цахим хуудсаар байр сууриа илэрхийллээ.  Ийнхүү намынхаа үзэл бодлын эсэргүүцсэн хэмээн түүнийг АН-аас хөөх дээрээ тулаад байгаа гэнэ.  Тэрбээр намынхаа бодлогыг үе, үе шүүмжилдэг бөгөөд УИХ-ын чуулганд суухгүй хэмээн өрөөндөө суулт зарлаж байсан удаатай.  Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжсэн нэлээд хэдэн гишүүн АН-д байгаа хэмээн эх сурвалж хэлж байгаа юм.  Гэхдээ тэд гарын үсгээ зурах уу, эсвэл шууд санал хураалтад оролцох уу гэхчилэн ярилцаж байгаа гэнэ.  Тэглээ гээд тэр болгоныг АН-аас хөөх талаар яриад байвал АН-д гишүүн үлдэхгүй бололтой. 

 

Д.Анар