Ч.Цэлмүүн: Намайг Өвөрмонгол хүнтэй суулаа гэж хүн захиалгаар бичүүлсэн байна лээ
2013/05/13
“Unibers best song -2009” уралдааны Гранпри шагналт дуучин Ч.Цэлмүүн өвөрмөц хоолойгоороо монголын залуусыг байлдан дагуулж байсан цаг саяхан.
Нэг үе элдэв эрчүүдтэй нэр холбогдон адлагдаж явсан тэрээр нижгэр хурим хийж урлагийнхныг алмайруулж тэрхүү элдэв ярианд цэг тавьсан юм. Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.
-2012 он таны хувьд уран бүтээл болоод хувийн амьдрал тань хамгийн аз жаргалаар бялхаж байлаа?
-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн жил анхны бөгөөд сүүлийн цомгоо гаргаж мөн нөхөр хүүгийнхээ хамт 2013 оноо угтлаа. Хувийн амьдралдаа томоохон алхам хийж гэр бүл аз жаргалаар дүүрэн байлаа. Гэсэн ч би уран бүтээлээ орхигдуулаагүй. Хүүхдээ төрүүлснийхээ дараа хэд хэдэн шинэ уран бүтээл хийсэн.
Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд намайг Өвермонгол хүнтэй суулаа гэж хэсэгтээ хэл үгээр доромжилсон. Харин одоо монгол хүнтэй суусан байна гэдгийг үнэмшээд тэр үг яриа намжсан байх. Үүний эх сурвалжийг олсон. Нэг хүн намайг нөхөртэйгээ суух гэж байгааг сонсоод захиалгаар ташаа мэдээлэл бичүүлсэн юм билээ.
-Та нярайлаад удаагүй байгаа. Гэтэл саяхан таныг дахиад хүүхэд төрүүлэх гэж байгаа гэсэн байна лээ?
-Харин тийм ээ. Хүмүүс намайг үе үе худал гүтгээд байгааг нь ойлгохгүй байна. Зарим хэвлэл мэдээлэл ийм шалдир булдар хүний амьдрал руу өнгийсөн зүйл бичиж байхаар уншигчдадаа хэрэгтэй оюунлаг мэдээлэл хүргээсэй гэж хүсдэг. Дахин хэлэхэд би одоо жирэмсэн гэдэг нь худлаа.
-Цэлмүүн маань багаасаа урлагт хөл тавьсан. Үүний үр дүнд ч амжилтанд хүрч анхны цомгоо өлгийдөн авсан?
-Миний хувьд төрөхөөсөө өмнө БСШУЯ-нд төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байлаа. Түүнийхээ хажуугаар кинонд тоглох, цомгоо бичүүлэх, бакалавр хамгаалах зэрэг олон ажлуудыг амжуулсан. Энэ бүхний ард гарахад надаас их хүч хөдөлмөр шаардсан.
Харин одоо магистрт сурч байгаа. Уран бүтээлийн саналууд ирээд хийх ажилдаа орчихсон явж байна. Яагаад ч юм надад цаанаасаа маш их завгүй амьдрал заяасан юм шиг байгаа юм. Нэг ажил дуусаад л дараагийн ажилдаа орох жишээтэй.
Гэхдээ би ганцхан завгүй явж байгаа юм биш. Надаас өөр завгүй хүн олон л байгаа шүү дээ. Зөвхөн уран бүтээл биш бусад хийж байгаа ажил маань надад хийж бүтээх урам зориг өгч байгаад маш их баяртай байгаа.
-Таныг Өвөрмонгол хүнтэй суулаа гээд хэсэгтээ шуугиж байсан. Тэгэхээр таны нөхөр монгол залуу юм аа даа. Тогтсон гэр бүл, амьдралтай болохоор танд ч гэсэн урьдынхаас өөрчлөлт орсон нь мэдээж?
-Ганц бие Цэлмүүн, нөхөр, хүүхэдтэй болсон Цэлмүүн хоёрын хооронд их өөрчлөлт орсон. Хувь хүний мөн чанараас эхлээд зорилго мөрөөдөл гээд бүгд өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлтөд миний хүү их нөлөөлсөн гэж бодож байна.
Өмнө нь охин байсан бол ээж, эх хүн болно гэдэг тэс өөр зүйл юм байна. Бусад ээжүүдийг маш их хүндэлж тэднээр бахархдаг болсон. Цаашдаа нийгэмд зөв үлгэр дууриалал болж явахыг хүсч байна. Ингэхдээ өөрийгөө рекламдах биш, зүгээр л өөрийнхөө замаар явах нь хамгийн чухал.
-Цомог тань хэдэн дуутай вэ?
-Үндсэн 11 дуутай. Дээр нь нэмэлт дуунууд байгаа. Цомог маань зарагдаж байгаа цомгуудаасаа маш амжилттай явж байгаа. Тиймээс миний дууг сонсч, цомгийг минь худалдан авсан хүмүүст талархаж буйгаа илэрхийлье.
-Та “Зүрхэнд гэрэлтэх од” кинонд тоглож үзэгчдийн танил болж байсан. Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө?
-Тиймээ. “Зүрхэнд гэрэлтэх од”, “Ээжийн дайсан” инээдмийн уран сайхны кинонд тоглосон. Одоогийн байдлаар тийм, ийм уран бүтээл хийнэ гэж хэлэх боломжгүй. Ажлынхаа цаг завыг харж байгаад цаашдынхаа уран бүтээлийн төлөвлөгөөг гаргах болов уу.
Эх сурвалж: "Нийслэл таймс"