Монгол Улс сүүлийн хорин жилийн хугацаанд танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн. Энэхүү өөрчлөлт шинэчлэл, хөгжил дэвшил нь хүмүүсийн сэтгэлгээнд байлаа.

Бид бүхний бодол сэтгэхүй эрс шинэчлэгдэн, хүүхэд залуу үе маань оюунлаг чадварлаг болж үзэл бодол, амьдралын хэв маяг нь зөв төлөвшөөд ирэхээр улс орны нэр хүнд дэлхий дахинд өсч үнэт капиталууд бий болоод эхэлж байгаа юм. Тэрхүү үнэт капитал нь улс орны ирээдүй болсон монгол хүн, Монголын залуучууд байлаа.

Өнөөдөр Монголын залуу үеийг ерээд оны үетэй харьцуулахын аргагүй болсон. Аливаад хандах хандлага, амьдралын зарчим чиг шугам нь манайхны хэлдгээр тэнгэр газар шиг зөрүүтэй болж. Үүнийг наад захын хэдэн жишээгээр аваад үзье л дээ. Дугуй унадаг залуучууд олон болсон байна. Монголын залуучуудын холбоо нь санаачилга гаргаад, төсөл хэрэгжүүлээд "спиртийг биш спортыг сонгоё" хэмээн залуучууддаа уриалж байна. "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийг манайхан хэн хүнгүй мэдэж байгаа. Гэвч Монголын төр энэхүү уриалгыг дэмжиж дугуйн зам Улаанбаатар хотноо бий болгосонгүй. Дэлхийн хотуудын ижил эрүүл нийгмийг Монголдоо бий болгохсон гэж зорьж тэмүүлсэн залуусынхаа санаачилгыг дэмжсэнгүй, гөлгөр дүлий өнөөх л хөрзгөр хэвээрээ байж байна.

Дугуй унахаас гадна эрүүл мэндээ бодоод залуучууд гүйдэг болжээ. Нийслэл хотод олныг хамарсан тэмцээн зохиох нь бүү хэл ганц хоёроороо гүйчих талбай алга. Гүйлтийн зориулалтын зам ч алга. Монголын нийслэл Улаанбаатар хүн амьдрахын аргагүй хот гэдэг нь энэ хоёр жишээнээс л илт харагдаж байгаа юм. Дэлхийн хотуудын жишгээс харахад, иргэдийнхээ эрүүл мэнд, тав тухыг бодож тэдний эрхийг хүндэтгэх үүднээс дугуйн зам, гүйлтийн замыг нэн түрүүнд шийддэг юм билээ.

Өнөөдөр манай нийгэмд юу бугшиж байгаа вэ гэхээр замын түгжээ, агаарын бохирдол гээд цааш явна. Түүнээс улбаалсан уур бухимдал, стресс ноёлох нь мэдээж. Сэтгэл гутрал, стрессийг гүйлтийн хүчинд хөнгөхөөн давж гарахыг сэтгэцийн эмч нар зөвлөдөг. Мөн чийрэгжүүлэх гүйлтийн нөлөөгөөр цусны биохимийн найрлагад өөрчлөлт орж хорт хавдраар өвчлөх нь эрс буурдаг гэсэн судалгаа ч бий. Эл бүгдийг залуучууд гүнээ ухамсарлаж, эрүүлээр сэтгэж зөв амьдралын төлөө тэмүүлэх болсон. Үнэндээ Монголын залуу үе ийнхүү өндөр боловсрол мэдлэг эзэмшиж, олон улсын стандарт бүхий сургуулиудад нэр төртэй суралцаж нийгэмдээ өөр сэтгэлгээ, өөр орчинг бий болгож эхэлсэн.

Дэлхийд эхний гуравт бичигддэг бидний сайн мэдэх Массачусетсийн технологийн их сургууль буюу МIТ-ыг манай залуусаас хүссэн нь очоод төгсөж байна. Уг сургуулийн институтыг компьютерийн шинжлэх ухаан, инженерийн мэргэжлээр дүүргэж, Стэнфордын их сургуульд боловсролын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байна. Тэгээд мэргэжлээрээ Google, Yahoo зэрэг дэлхийн томоохон компаниудад шууд ажиллах эрхийг авч байгаа нь бахархмаар.

Ойрын гуравхан сарын мэдээг эргээд харъя. Оюуны олимп гэгддэг шатрын өсвөрийн дэлхийн аваргад долоон настай охин Д.Мөнхзул түрүүллээ, "Алдар"-ын тамирчин охин С.Цэрэнчимэд бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга болж өөрийн жиндээ дэлхийд нэг номерт бичигдлээ, Г.Болдбаатар жудогийн дэлхийн аварга боллоо, Америкт болсон цэргийн дэлхийн аваргад Монголын тамирчид багаараа түрүүллээ гэсэн мэдээ ар араасаа давалгаалж байна. Инчоны Азийн олимпод Монголын тамирчид ямар дуулиантай оролцов. Бөхийн төрлүүдээс гадна сагс, волейболоор мөн онцгойрч манай тамирчдыг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд сонирхож үнэ хаялцаж байна. Үүнийг л өнөөгийн залуу үе, ерээд оны үетэй харьцуулашгүй тэнгэр газар шиг зөрүүтэй гэж хэлээд байгаа хэрэг шүү дээ. Ерээд оны эхээр залуучууд маань ямар байлаа. Эх захгүй архиддаг, уусан идсэнээ нэгэндээ гайхуулж ярихаас өөр зүйлгүй, даанч өрөвдмөөр байсан. Өнөөдөр ерээд оныхон шиг тэгж архиддаг залуусаас үе тэнгийнхэн нь шууд л зайгаа авч, бусаддаа хэлж архи гудардаг нөхдөө оркууд гээд ойртохоос цэрвэдэг болсон байна. "Соёлт хүн төрөлхтөнд ийм л том зөрүү байгаа юм" гэдэг шиг өнөөдөр ийм л зөрүү манай залуу үеэс ажиглагдах боллоо. Орк гэдгийг манайхан мэдэж байгаа. "Бөгжний эзэн" киноны зэрлэг бүдүүлэг омгийн нэр л дээ.

Архи уудаг, идсэн ууснаа гайхуулдаг нөхдөө оркууд гэж зэрлэг бүдүүлэг мэтээр ойлгож өөрийн хүрээллээс маш хурдан гаргаж, эрүүл амьдрал хөгжил дэвшлийн төлөө залуу үе тэмүүлж буй. Үүний баталгаа бол Монгол Улс сүүлийн хорин жил танигдахын аргагүй болтолоо өөрчлөгдсөн явдал юм. Энэхүү өөрчлөлт шинэчлэл нь монгол хүний сэтгэлгээ сэтгэхүйд байна хэмээн томьёолсон маань ч ийм учиртай. Залуу үе ингэж хөгжиж олон улсын стандарт зэрэглэлийн дагуу боловсрол мэдлэг эзэмшиж, соёлт хүн төрөлхтөнтэй алхаа нийлүүлж, авьяас чадвараараа дэлхийд гайхуулж, бишрүүлж байхуйд Монголд нэг л зүйл хуучин хэвээр, огтоос өөрчлөгдөхгүй бахь байдгаараа байна. Ерэн оны цаг үетэйгээ ижил сэтгэлгээтэй, өөрчлөлт шинэчлэлийн салхи савир үзэлгүй зэвхий даасан өнгөтэй байна. Энэ бол Монголын улс төр хийгээд улстөрчид.

Монгол ардын нам, Ардчилсан нам хоёрыг голлох намууд гэж авч үзэх нь мэдээж. Энэ хоёр намаас өөр улс төрийн томоохон хүчин өнөөдөр алга. Тэгтэл МАН, АН хоёр ерээд оны ихээр ямар үзэл баримтлалтай, ямар удирдлага түшмэдтэй байсан тэр хэвээрээ байна. Үүний тод баталгаа нь дээрх хоёр улс төрийн хүчин ерээд оны эхээр юу ярьдаг байсан, яаж улс орны хөгжлийг хойш нь татдаг байсан, яаж ард түмнийхээ ахуй амьдралыг балладаг байсан нь өдгөө тэр чигээрээ хадгалагдаж буй нь үнэндээ зэвүү хүргэж байна.

Сүүлийн үед манай улстөрчид нэг жишээ ойр ойрхон татах болжээ. Энэ бол маш ноцтой жишээ. 1990 онд Хятад, Орос, Монгол гурав яг адил байжээ. Нэг гараанаас гарсан гэнэ. Одоо харахад Орос, Хятад хоёр супер гүрэн болоод Монгол ерэн оныхоо хэмжээнд үлдсэн гэцгээдэг боллоо. Тэгээд үүнийгээ ардчиллыг сонгосноос боллоо гэж одоохондоо арай хэлэхгүй байна. Яваандаа бол хөршүүд шигээ байя гэх байх. Яг жинхэнэдээ яагаад ийм байна гэхээр ерэн оны улстөрчид ерэн онд хийж байсан зүйлээ дахин давтан хийгээд байхаар чинь энэ улс орон яаж хөгжих юм бэ. Тэд л огцруулна гэсэн. Өөрсдөө гарна гэсэн. Огцруулсан өөрсдөө гарсан. Дараагийн улстөрчид бас л огцруулна гэсэн огцруулсан гэх мэт.

Саяхан Их хурлын гишүүн Я.Содбаатар манай сонинд өгсөн ярилцлагадаа "Ардчилсан нам боловсон хүчнийхээ бодлогод өөрчлөлт хийгээсэй гэж хүсч байна. Сүүлийн 25 жил салхи орсонгүй. 25 жилийн өмнө байсан улстөрчид өнөөдөр байж л байна. Ардчилсан намын бодлого энэ хэдэн хүний хүрээнд явж байна. Энэ хүмүүс бүгд өвгөрсөн, тэтгэврийн нас нь ойртсон. Шинэ чадварлаг хүмүүс орж ирээсэй" гэж хэлсэн. Энэ маш үнэн үг юм. Залуу гишүүний хэлсэнчлэн Ардчилсан нам сүүлийн 25 жил намынхаа бодлогод салхи оруулсангүй ээ.

Хэдэн данхар толгой л байгаад байдаг. Дороо хөлгүй тулах суурьгүй явж иржээ. Энэ бол нэг л өдөр маш хүчтэй газардаж, тун эвгүй байдалд орохын дохио мөн биз дээ. Монгол ардын нам ч мөн ялгаагүй. Хэдэн егзүгэр улстөрчид л хөмхийгөө зуусаар өдий хүрсэн. Улс төрийн энэ хоёр хүчин залуу үеэ бэлдэлгүй өвгөрцгөөжээ. "Араасаа залгах үегүй Ардчилсан нам" гээд л манай сонин бичиж байлаа. Хоёр намын цөөн хэдэн улстөрчид ялзартлаа бугштлаа явж ирсний горыг ард түмэн л амсдаг юм.

Өнөөдөр харж байгаа биз дээ. Юм л болбол засаг унагана, огцруулна, завсарлага авна гээд өвчигнөж байна. Ерээд оны эхээр тэд ийм л байсан, одоо ч ийм л байна. Энэ хорин жилийн хугацаанд огтхон ч өөрчлөгдсөнгүй. Их хурлын танхимд ажил ярьж бүтээн байгуулалт бий болгохоосоо урьдаж улс төрөө буюу хэн дараагийн ээлжинд хоолонд орохоос ярьдаг. Талцаж хэрэлддэг, хороо найруулдаг. Нэгийнхээ муу муухайг олны өмнө дуудаж, үндсэндээ засгийн эрх барьж буй нам руугаа давшилж, ажил хийлгэхгүйн төлөө зүтгэцгээдэг. Тэр нь дараагийн сонгуулиар өөрсдөө засгийн эрхийг авах гэсэн өчүүхэн бодлого, өөр юу ч биш. Монголын улс төрд голлох хоёр намын 20, 20 бугшсан улстөрчид, дээр нь жижиг намуудын популизм хийсэн хэдэн нөхөд л байна. Тэгэхээр улс орон яаж хөгжих юм бэ. Ард түмний ахуй амьдрал бидний бодсон шиг дээшлэх үү. Гадны хөрөнгө оруулалт, эдийн засаг бүтээн байгуулалт энэ хэдэн нөхдөөс болоод зогсож байгаа нь үнэн байх. Ерээд оны эхээр л хоёр намын толгойд байсан нөхөд жил жилийн сонгуулиар өөрсөддөө зориулж хууль баталж, нам гэх нэрээр халхавчлан автоматаар Их хуралд суудгаа одоо болих хэрэгтэй. Эрүүл сэтгэлгээтэй эх орныхоо хөгжил дэвшил, хүн зоныхоо сайн сайхан амьдралын төлөө зүтгэж буй дараа үедээ байраа тавьж өгөх цаг чинь хэдийнэ иржээ. Энэ бүхнээс харахад, Монголын улс төр болоод улстөрчид үнэхээр хоцрогджээ.

Н.ГАНТУЛГА