Монгол улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд онцсайн үүрэг гүйцэтгэсэн хүн бол Н.Алтанхуяг, Ч.Улаан, Н.Батбаяр нар билээ. Монголын улсын хөгжилд саад болсон Н.Алтанхуягийг ур чадваргүй, ажил үүрэгтээ тэнцэхгүй гэдгийг дараах тоон үзүүлэлт харуулж байна.

Валютын ханшийн хямрал, төлбөрийн тэнцлийн алдагдал хэр хэмжээнээсээ хэтэрч, олон мянган аж ахуйн нэгж дампуурлаа зарлаж, ажилгүй, орлогогүй монгол хүний тоо нэмэгдэж, санхүү, эдийн засгийн хямрал улс оронд минь бодитойгоор  нүүрлээд байна.   

Дэлхийд гайхагдах 17,5 хувийн эдийн засгийн өсөлт буурсаар энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6,3 хувьтай гарах таамаглалыг саяхан Дэлхийн банкнаас зарлалаа. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хоёрхон жилийн дотор 2,7 дахин унагалаа.

 

Засгийн газар 2013, 2014 онуудад Улсын Их Хурлын хяналтгүйгээр, улсын төсвийн гадуур “Үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн 3 их наяд төгрөг, “Чингис” бондын 1,5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны дансанд бэлэн байсан 580 сая ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 290 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны 162 сая ам.доллар зэрэг 7 их наяд орчим төгрөгийг зарцуулсан. Ийм их мөнгө зарцуулчихаад улс орноо сөхрүүлж, ард түмнээ ядууруулсныг монголчуудаас гадна Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд дүгнэж байна.

Монгол Улсын өрийн хэмжээ хоёр жилийн хугацаанд эрс нэмэгдлээ. Тухайлбал, Үндэсний аудитын газрын дүгнэлтээр Засгийн газрын өр төлбөрийн хэмжээ 2013 онд 50 хувиар буюу 5,8 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 17,7 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 102 хувьтай тэнцлээ. Энэ нь Монгол Улс өрийн дарамтад бодитойгоор орсны илрэл юм. Өнгөрсөн онд "Чингис" бондын зөвхөн хүүгийн төлбөрт 98,9 тэрбум төгрөг төлсөн нь Монгол Улсын Засгийн газрын 1990 оноос хойш авч ашигласан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн нэг жилийн хүүгийн төлбөрөөс 3,1 дахин их байна. Энэ жил ч үүнээс ч ихийг төлнө. Саяхан өргөн баригдсан 2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 708 тэрбум төгрөг төсөвлөсөн нь 2011 оны зээлийн үйлчилгээний төлбөрөөс 19 дахин их байгаа юм.  Энэ оны өр төлбөрийн талаар ярьбал бүүр ч “бүрхэг” дүр зураг харагдана.  Харин Ерөнхий сайд тавьсан өрөө бидний хүүхдүүд төлнө гэж ярьж байгаа юм.  Уг нь Монгол хүн хүүхэддээ өр өвлүүлдэггүйг Н.Алтанхуяг, Ч.Улаан, Н.Батбаяр нар бодож ард түмнээсээ уучлалт гуйх ёстой баймаар...

Гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эхний 8 сарын байдлаар 627,2 сая ам.доллар болсон нь 2012 оны 8 сартай харьцуулахад 5,4 дахин буурсан үзүүлэлт юмОлон улсын зээлжих зэрэглэл тогтоогч "Стандарт энд Пүүрс" болон "Мүүдиз" агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг энэ оны 5 болон 7 дугаар саруудад дахин бууруулсан нь Монголын талаар гадаадын хөрөнгө оруулагчдад өгсөн бас нэгэн таагүй дохио боллоо.

Сүүлийн 2 жилийн хугацаанд банкны системийн хугацаа хэтэрсэн зээл 4 дахин, чанаргүй зээл 2 дахин нэмэгдэж нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10 орчим хувьтай тэнцүү боллоо. 

Монгол Улсын 2014 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 688,4 тэрбумаар, зарлага 1,4 их наяд төгрөгөөр, төсвийн хөрөнгө оруулалт 54 хувь буюу 872,3 тэрбум төгрөгөөр тасарсан нь Засгийн газрын хариуцлагагүй, чадамжгүй байгаагийн илэрхийлэл боллоо. Энэ оны нэгдсэн  төсвийн татварын орлого 806,1 тэрбум төгрөгөөр тасарлаа. Энэ тасралт цаашид ч үргэлжлэх хандлагатай байна. Сангийн яамны хийсэн судалгаагаар 2014 оны эхний хагас жилийн байдлаар ААНОАТ-ын тайлан ирүүлдэг нийт аж ахуйн нэгжийн 63 хувь нь “Х” болон алдагдалтай тайлан ирүүлдэг боллоо. Мөн НӨАТ-ын хувьд “Х” болон алдагдалтай тайлангийн тоо өмнөх оны мөн үеэс 47 хувиар өссөн байгаа нь эдийн засаг, бизнесийн орчин жил дараалан муудаж байгааг тод харуулж байна. Үндэсний статистикийн хорооны тайлангаар энэ оны 9 сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 49,2 хувь буюу 54337 нь үйл ажиллагаагаа зогсоосон нь дээрхийн бас нэг нотолгоо юм. Засгийн газрын алдаатай бодлогын уршгаар валютын ханш 40 орчим хувиар өсөж, монгол төгрөгийн ханш эрс суларч, улмаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 30-80 хувиар өссөнөөр ард түмний худалдан авах чадвар эрс муудсан.

Энэ бүхэн түүнийг ажлаа хийж чадахгүй байгааг харуулсан чадамжгүй хүн гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Тэрбээр хуулиа мэдэхгүй, “царай харж” ажиллаж байгааг хуулийн байгууллага, шүүх нь тогтоочихсон тохиолдолд нэгээр тогтохгүй...  

Монгол улсад Ерөнхий сайд хэрэгтэй болохоос хөгжлийн саад хэрэггүй гэдгийг  бодоорой