Н.Тосонхүү: Хордсон ажилтнуудын бие сайжирсан
2014/11/01
Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн лагийн худгийг цэвэрлэж байсан хоёр ажилчин энэ сарын 27-нд хорт хийнд цохиулж ГССҮТ-д эмчлүүлж байгаа талаар мэдээлсэн. Гэтэл энэ сарын 28-нд тус байгууламжийн зургаан ажилтан Цэргийн госпиталь буюу Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна. Ажилчдын биеийн байдал ямар байгаа талаар тус эмнэлгийн Хордлогын их эмч Н.Тосонхүүгээс тодрууллаа.
-Төв цэвэрлэх байгууламжийн зургаан ажилтан танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэд хэзээ ирсэн бэ?
-Төв цэвэрлэх бай гууламжийн зургаан ажилтан энэ сарын 28-ны 12.00 цагт манай эмнэлгийн хордлогын тасагт хүргэгдэж ирсэн. Үзлэг шинжилгээ хийгээд цаг алдалгүй эмчилгээ хийсэн. Амьсгалын замаар хийн хор лого авсан учраас даралтат хүчилтөрөгчийн эмчилгээнд хамруулсан.
- Анх ямар зовиуртай ирсэн бэ. Одоо биеийн байдал нь ямаршуу байна вэ?
-Толгой нь өвдөж, цочирдож, даралт нь ихэссэн шинж тэмдэгтэй ирсэн. Энэ хүмүүс лагийн худагт ороод ухаан алдсан хоёр хүнээ татаж гаргах явцад хордсон юм билээ. Ирэх долоо хоног хүртэл эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийнэ. Хүнд нөхцөлд ажилладаг болохоор гурван хүн нь архаг суурь өвчтэй байсан. Одоогоор биеийн байдал дунд зэрэг байгаа. Хийн хордлого тархи толгойнд ихээр нөлөөлдөг. Тиймээс хордлогын эсрэг эмчилгээ хийж байна гэв.
Харин ГССҮТ-д эмчлүүлж байгаа Мөнхтэнгэр, Одбаяр нар лагийн худагт ажиллаж байхдаа хийнд хордож, мөн шатаар гарах явцдаа бэртсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Тухайн өдөр чухам юу болсныг Төв цэвэрлэх байгууламжийн ахлах инженер Ц.Болдоос тодруулахад “Лагийн худагт ажиллаж байсан хоёр ажилтан газанд угаартаж, ухаан алдан ГССҮТ-д хүргэгдсэн. Одоогоор хоёулаа ухаан орсон. Хүний ярьж хэлж байгааг ойлгож эхэлж байна. Хордлого тайлах эмчилгээ хийж байгаа. Харин Цэргийн госпитальд зургаан ажилтан эмчлүүлж байна. Биеийн байдал нь сайжирсан. Тэд лагийн худагт ажиллаж байсан хоёр ажилтнаа олсоор татаж авах явцад хордсон юм. Тухайн үед хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрмээ сахиж ажлын хувцас, хошуувч, амны хаалттай ажиллаж байсан. Дөрвөн метрийн гүнтэй худаг. Өмнө нь иймэрхүү осол гарч байгаагүй. Худагт ажиллаж байгаад гараад буцаж ороход хорт хий үүссэн байсан. Тэгээд ухаан алдсан” гэв. Мөнхтэнгэр, Одбаяр нар хоёр хоног ухаангүй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрсөн лхагва гаригт ухаан орсон байна. Одоогоор хордлогын хэмжээг нарийн тогтоогоогүй бөгөөд хордлого тайлах, амьсгал дэмжих эмчилгээ хийж байгаа аж. Ажилчдын биеийн байдал ямар байгаа болон бэртэл гэмтэл авсан эсэхийг Төв цэвэрлэх байгууламжийн эмч Хүрэлдуламаас тодруу лахад “ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Хоёр өдөр ухаангүй байж байгаад ухаан орсон. Лагийн худагт ажиллах явцад нь би ойрхон байгаагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
С.Ичинхорлоо
Зочин · 2014/11/02
xuurxiiduu xurdan edgeesee sain emchlvvleesee