Монгол улсын  бизнесийн өмгөөлөл, төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ-ын ээлжит XIX их хурлыг  2014 оны 12 сарын 08-нд Улаанбаатар хотноо хуралдуулахаар  МҮХАҮТ-ын  Зөвлөлийн шийдвэр гарлаа.    4 жилд нэг удаа болдог энэхүү их хурал нь танхимын удирдах дээд байгууллага бөгөөд  тайлант хугацаанд хийсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгч  ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлохоос гадна  МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй.

Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

                        1/ 2011-2014 онд  МҮХАҮТ-аас хийж гүйцэтгэсэн  ажлын  тайлан

                        2/ Хяналтын зөвлөлийн тайлан

                        3/ МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт

                        4/ МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгууль

 

            Их хуралд оролцох гишүүдийн бүртгэл  2014 оны 11 сарын  07-ноос эхэлж 2014 оны 12 сарын 07-ны 18.00 цагт  дуусгавар болох бөгөөд бүртгүүлэхдээ тухайн байгууллагыг төлөөлөн оролцох хүний овог нэр, албан тушаал,  холбоо барих утас хаяг, их хуралд оролцуулахаар томилсон эрх бүхий субьектын гарын үсэг бүхий тодорхойлолт буюу итгэмжлэл  зэргийг  ирүүлнэ.

 

            Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах, илэрхийлэх хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж буй монголын хамгийн том  ТББ-ын хувьд  ирэх 4 жилд тус байгууллагыг  удирдан авч явах  Удирдах зөвлөл, Тэргүүлэгч гишүүд, Хяналтын зөвлөл,   Танхимын дарга болон гүйцэтгэх удирдлагын сонгууль гишүүд, олон нийтийн анхаарлын төвд байдаг.  Энэ ч үүднээс  дотоод ардчиллын дагуу нийт гишүүд, хурлын төлөөлөгчид, бие даагчдын хувьд нэр дэвших, дэвшүүлэх үйл ажиллагаа нээлттэй,  ил тод байдгаараа  онцлогтой.  

 

            Танхимын Зөвлөл болон Тэргүүлэгч гишүүн, Хяналтын зөвлөлд нэр дэвшүүлэх, сонгох ажил дүрмийн дагуу их хурлаас шууд  нэр дэвших журмаар  явагдах ба харин Танхимын дарга /Chairman/,  гүйцэтгэх удирдлага буюу СЕО  нарт нэр дэвшүүлэх ажлыг их хурал эхлэхээс 2 хоногийн өмнө   буюу 2014 оны 12 сарын 05-ны 17.00 цагаар дуусгавар болгож Танхимын Зөвлөлөөс томилогдсон тусгай Комисс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч  их хуралд  оруулан  танилцуулна.    Танхимын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарт нэр дэвшигчид нь мөрийн хөтөлбөр, товч намтраа   битүүмжлэн  комисст хүлээлгэн өгнө. 

           

            Танхимын дарга /Chairman/ нь - Танхимын үйл ажиллагааг бодлогын  хувьд удирдан чиглүүлэх, удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх удирдлагад удирдамж заавар, зөвлөмж өгөх,  Танхимаас төр засаг, олон улсын болоод төрийн бус байгууллагуудтай  бизнесийнхний эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар харилцах үндсэн чиг үүрэгтэй. 

 

            Тэргүүн дэд дарга /CEO/, дэд  дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар / хамтад нь гүйцэтгэх удирдлагын баг гэх/  нь  танхимын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,  танхимын газар хэлтсүүд, гадаад дотоод салбар нэгж, арбитр, төсөл хөтөлбөрүүдийг  нэгдсэн удирдлагаар хангах, танхимын өмч хөрөнгө, санхүүгийн асуудлыг  олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулах эрх, үүрэг бүхий удирдлага  юм.    

МҮХАҮТ-ын гишүүд та бүхнийг их хуралдаа  идэвхитэй оролцохыг урьж байна. нэмэлт мэдээллийг дараах  хаягаар холбогдон авна уу.