Ч.Сайханбилэгийг дэвшүүлэх гэж Засгийн газар огцорсон гэж үү
Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах саналыг МАН-ынхан тэргүүтэй 28 гишүүн УИХ-д өргөн барьснаас хойш улс  төрд ер бусын юм их болж байна.  “ Сонгуульд ялсан намын дарга “ хэмээн энэ төрийн их мөнгөний авдар дээр сандайлсан Н.Алтанхуягийг огцруулах гэж УИХ-ын намрын чуулганы эхний нэг сарыг үр ашиггүй өнгөрөөлөө. 2015 оны улсын төсвийг энэ сарын 15-нд батлах ёстой. Баталж амжихгүй бол УИХ тарах хуультай ч эрхэм гишүүд юун төсөвтэй манатай Н.Алтанхуягаас Ерөнхий сайдын, цаашлаад АН-ын даргын суудлыг авах гэсэн фракциудынх нь зодоонд хүний, өөрийнгүй оролцохдоо тулав. Тэдний хүслээр болж Н.Алтанхуяг өнгөрсөн лхагва гарагт огцорлоо.   

Ингэснээр энэ Засгийн газар бондын өр, эдийн засгийн үзүүлэлтүүд нь унасан улс орныг дараагийн Засгийн газартаа үлдээгээд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэсэн үг. Ямартай ч экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг анх “ Монгол Улсыг галзуу хөгжүүлнэ” гэж байсан бол бараг хамгийн сүүлд “ Бондын өрийг бидний үр хүүхдүүд төлнө” гэх алмайрч гайхмаар алдарт үгээ хэллээ. 

Иргэд бүтэн талх авч чадахгүйд хүртлээ хямралын үр дагаврыг амсч байгаа энэ үед Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн лав 4,8 тэрбум төгрөгийг “ Тавантолгой”-гоос шүүхийн шийдвэрээр гаргуулж авахаар болсон. Хадмын хаялага гэж энэ байх. 
  
Гэтэл дахиад л сонин тоглолт эхлэв.  АН-ынхан өчигдөр Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж буйгаа мэдэгдлээ. Ч.Сайханбилэгийн хувьд “Алтангадас” фракцийнх, тэгэхээр Н.Алтанхуягтай нэг зоосны хоёр тал гэсэн үг. Тэгээд ч тэрбээр Н.Алтанхуягийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга буюу №2 хүн нь байсан. Бүр тодруулбал, тэрбээр Н.Алтанхуягийг огцруулах муу үзүүлэлтүүдийг хангаж өгсөн сайд нарын дарга нь байлаа. Тиймээс түүнд намын дарга, фракцийнхаа тэргүүний ор нь гарсан суудал дээр суух эрх байхгүй биз. Тэгээд ч “Алтангадас”-т дургүй АН-ын бусад фракци түүнийг дэмжихгүй нь тодорхой биз. 

Ер нь яаж ч бодсон улс орноо эдийн засгийн хямралд оруулчихаад усны шувуу шиг буцаж байгаа Н.Алтанхуягтай хамт Засгийн газарт ажиллаж, хамтдаа огцорч байгаа хүнийг Ерөнхий сайд болгож дэвшүүлнэ гэж юу гэсэн үг вэ. АН-ынхан арай түүнийг Ерөнхий сайд болгон дэвшүүлж бодлогогүй алхам хийхгүй биз. Н.Алтанхуягаас хаширч  ханаа байлгүй дээ, эрх биш. 


Ж.Гал