Нөхөд нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулж, дараагийн хүнийг томилох асуудлаас болж АН-ынхан жинхэнэ үнэн төрх, царайгаа илчлэв. Өөрөөр хэлбэл, энэ намд дүрэм, журам гэж зүйл алга.

УИХ дахь АН-ын бүлгийнхэн ганц хүний нэрийг тодруулах гэж наанаа инээж буй ч цаанаа энгэрээ уралцаж, хөмхийгөө зууж байгаа нь үнэн бололтой.   

Харин УИХ дахь АН-ын бүлэг дүрэм, журам баримтлах байтугай хууль зөрчсөөр ирсэн. Тэд энэ УИХ бүрдсэний дараагаас цөөнхийн бүлгийн гишүүдийг байнгын хороонд тэгш хуваарилах асуудлыг зөрчиж, зөвхөн эрх баригч хүчин гэдгээр хүч далайлгаж ирсэн. Гэтэл өнөөдөр энэ асуудлыг намдаа гаргачихсан нь ичгэвтэр хэрэг. АН-ын бүлэг гурван өдөр хуралдсаны эцэст шинэ Ерөнхий сайдад Р.Амаржаргал гишүүнийг нэр дэвшүүлж байгаагаа зарласан. Шинэ Ерөнхий сайдад Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат гишүүн нарыг нэр дэвшүүлсэн ч эцсийн бүлэгтээ Р.Амаржаргал гэдэг сонголтыг хийсэн. Гэхдээ нэр дэвшигч Д.Ганбат нэрээ татсан ч УИХ дахь АН-ын бүлгийн хуралд Ч.Сайханбилэгийг оролцуулалгүйгээр тодруулчихсан нь асуудал болоод байна. Тиймээс АН-ын Хяталтын хорооноос бүлгээс гаргасан шийдвэрийг дүрэмд нийцээгүй гэдгээр хүлээж аваагүй нь тэднийг зөрчилтэй гэдгийг зарласан хэрэг. Нөгөөтэйгүүр 
ҮЗХ-ны хурлаар баталсан тогтоолыг засварласан нь хамгийн эрсдэлтэй зүйл болоод байгаа юм.
 
Угтаа АН-ын ҮЗХ хурлаар Н.Алтанхуягийн орны хүнийг томилох, дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэгт тоглоом өрнөсөн. З.Энхболд хүртэл Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг УИХ дахь АН-ын бүлэгт байгаа 34 гишүүнийг шууд нэр дэвшүүлээд, эрэмбэлье гэсэн санал гаргасан ч АН-ын дүрэм гээчид нийцээгүй гэдгээр хүлээж аваагүй байдаг. Тиймээс дүрмээрээ дараагийн Ерөнхий сайдыг зөвхөн намын дарга л нэр дэвшүүлнэ гэдгээр Н.Алтанхуягт даалгасан. Өөрөөр хэлбэл, УИХ дахь бүлэгт биш намын дарга удирдахаар болсон. Гэтэл намын даргынхаа урдуур толгой мэдэн орж, бүлэг асуудлыг шийдэж байгаа нь дүрмээ дагасан хэрэг үү. Харамсалтай энэ асуултад үгүй гэдэг ганц үг оноод байгаа. Тэгэхээр “эсэргүү” наймын нэг, асуудалтай Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн нь дүрэмд заагаагүй учир унах нь тодорхой болж байна. Нөгөөтэйгүүр энэ нь дүрмээс гадна өс өвөрлөсөн асуудал гэхэд хилсдэхгүй.   

Р.Амаржаргалын хувьд эсрэг кноп дарсан нь намын бодлогын дүрмээсээ урвасан увайгүй үйлдэл гэж намын гишүүд, дэмжигчид нь үзэж байгаа. Түүний хувьд албан тушаалд хэт дурлан Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн Засгийн газрыг унагасан намын гишүүдийг дараагийн Ерөнхий сайд болгохыг дэмжихгүй” гэсэн мэдэгдлийг огоорч буй. Тэгэхээр тэр хэр ёс зүйтэй улстөрч вэ гэдэг нь эндээс харагдана. Хамгийн гол нь тэрбээр дараагийн Ерөнхий сайд боллоо гэхэд өв өвөрлөгч болно. Тэгэхээр өс өрөвлөсөн засаг бүрдсэнээр төрийн ажил гацаанаас гацаа, эдийн засаг уналтаад уналтад байх зарчмаар явбал дээрдэх биш дордох болно. Тэгэхээр МАН-ын бүлгээс байнга гаргадаг саналаар УИХ тарчихсан нь хамаагүй дээр болж байх шиг байна. 
 

С.БАЯСГАЛАН