Олгой тогоон дотроо хагарч шөл нь хальсаар “мах чанагчид”-ынхаа хормой хот, гар хөлийг шалз түлж эхэллээ. Төрийн хар хайрцагны бодлогод хав дарагдсан эрх мэдэл, “цагаан захтнууд”-ын гэх хэрэг эхнээсээ ил болж хийсэн гэм нүглийнхээ төлөөсийг тэд  ч биеэрээ үүрэх үү, бэл бэнчингээрээ нуун далдлах уу гэх гарцаагүй сонголттой тулж эхлэв.

Манай улсад толгой нь данхайж, өвөр нь түнтийж хөл нь хөдлөхөө байж хөшсөн салбар хэд хэд байдгийн нэг нь Татварын ерөнхий газар. Хаа нэг байцаагчид нь авлига, хээл хахуульд өртлөө гэхээс өөрөөр чимээгүй дүнхийсээр байсан ҮТЕГ-ын саарал харшид хав дарагдсан хавтаст хэргийн эзэд сууж байсныг АТГ-ынхан шалгалтаар олноо дэлгэж эхэллээ. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын сүүлчээр энэ газрын толгойг сольсноор асуудал дэвэрч том, жижиггүй дарга нарынх нь ил далд явдлууд нийтийг нүд, чихээ нээлттэй байлгах хүлээлтийг үүсгэчихлээ. Дарга л болчихвол идэж, уух эрх нь хязгаараас хальчихдаг манай сэтэртнүүдийн үүргийг өглөө бүр сэрүүлэгтэй цаг шиг цангинан сануулж баймаар.

Хэрэглэгчдийн хуруу хумсаа хугалж олсон хэдэн цааснаас хуулиар бамбай хийж авчихаад дархан эрхээ хэрхэн давуулан биелүүлснээ ҮТЕГ-ын дарга асан, иргэн Б.Баттөмөр та эргээд сана даа.

-Гаалийн ерөнхий газраас тат­вар руу хэл амгүйхэн орж ирсэн Б.Баттөмөр гэгчийн булай хэргийн нэг­дүгээрт  өөртөө урамшуулал ол­госон тухай мэдээлэл багтаж байна. Өнгөрөгч оны зургадугаар сарын 20-ны өдрийн 580 дугаар тушаалд “2011 оны улс, орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр, ажлын үр дүнг харгалзан, Татварын Ерөнхий газрын дарга Б.Баттөмөрт гурван сая төгрөгийн урамшуулал олгосугай” гэх үүргийг нягтлан бодогчдоо үзэглэж  шагналын эзэн гарын үсгээрээ баталгаажуулан тамга дарснаар ҮТЕГ-ын дарга түүхэнд анх удаа ч байж болох өөрөө өөрийгөө шагнах хэлбэрийг сонгож өөрийнхөө хөдөлмөрийг үнэлж алдаршуулжээ.

-Өөрийгөө гурван сая төгрөгөөр үнэлээд шагначихдаг овоо гар шүү гэх онигоогоор бусдыгаа инээлгээд амжсан тэрбээр  2011 оны есдүгээр сарын 1-нд улсын 15 байцаагчаа БНСУ-ын Чэжү аралд амраахад 16 сая 650 мянган төгрөг зарцуулсан гэсэн тайлан гарчээ.

-Амралт зугаалгаар ажилчдынхаа амыг таглаж чаддаг тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сард Хайнань аралд 15 ажилтнаа аялуулахаар 23 сая 250 мянган төгрөг зарцуулжээ.

-Мөн оныхоо  долдугаар сард нь 16 албан хаагчийг Байгаль далайд амрааж, Итгэлт хамбад бараал­хуулахаар есөн сая 750 мянган төгрөг зарцуулсан байдаг нь ил болжээ.

Гаалийн ерөнхий газарт найман жилийг үдэж татварын мөнгөн дээр тансаглахаар ирсэн хугацаандаа тэрбээр хэчнээн хүнийг хэдэн тэрбумаар амраасныг бодох гэхээр толгой хүрэхгүй болох вий дээ. Түүний зөвхөн сүүлийн ганц хоёрхон жилийн хугацаанд ҮТЕГ-ыг бужигнуулчихсан амралтын зардлын лимит  632 тэрбум 500 сая төгрөг болжээ гэж бодохоор мөнгөтэй авдрыг манах ажилд насныхаа нэлээд хэсгийг үдсэн түүний балаг барагдахгүй нь бололтой.

Очсон газар бүхнээ цахимжуулна хэмээн нэр хүнд, нэлээд хэдэн төгрөг өөртөө унагаж чаддаг энэ эрхэм   МИАТ, ГЕГ гэх мэт гараа дүрж, сүүдрээ унагасан газар бүхнээ араасаа чирэх нь тодорхой болов бололтой.

МАН-ын буцалгасан тогоотой махнаас хамгийн мөлжүүртэй ясыг нь бариад авчихсан тэрбээр шинэ Засгийн газрын тэргүүнтэй үг, үйлдэл нэлээн нийлдэг гэдгийг салбарынх нь төдийгүй улс төрийнхөн нь жиргэдэг юм билээ. Хамелон шиг аль ч засгийн үед хазайгаад байхааргүй энэ эрхэм МАХН-ын нэр бүхий гишүүд тэр дундаа Сангийн сайд асан Ч.Улаантай ч явдал суудал нийлдэг гэх нь мань эрийг нэлээд сүйхээтэй эр болохыг нь батална.

Энэ мэт иргэдийнхээ халаасыг сэгсэрч суудаг дарга нарын балгийг баллуурдчихалгүй шинэчлэлээр шийдчихвэл Баттөмөр даргын үр хөврөлүүд ч мөн эхнээсээ ил болох үзүүрээс юутай ч АТГ-ынхан бариад авлаа. Дэвэрч хальсан халуун галыг хэсэг хугацаанд өрдчихөөд ус асгаад хэргийг намжаачихдаг “цагаан захтнууд”-д хэргээ хэрэгсэхгүй болгох арга сүвэгчлэх боломжийг боомилоод өгөөсэй. Тэгэхээр иргэдийн татварын мөнгийг танигдахгүй болтол нь танагсад хэргээс мултрах арга сүвэгчлэх вий.

ХҮҮГЭЭ ХӨЛДӨӨ ЧИРЛЭЭ

Батгана суусан газар балагтайн үлгэрээр Баттөмөр даргын санааг гүйцэлдүүлэгчид ч мөн аавын хаалга татаад эхлэв. Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийг хүүтэй нь, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч н.Бямбасүрэн нарыг  АТГ-аас баривчлан хорьчихлоо. Тэднийг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой олон тэрбум төгрөгийн татварыг нуун дарагдуулсан, авлига авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бол орон байр, ор хөнжлийг нь хүртэл шалгасаар ил далд амрагийн явдлыг нь ихээхэн хэмжээний нууцалсан мөнгөтэй нь илрүүлснээ эх сурвалжууд мэдээлж байгаа юм.Шалгалтаар  Ч.Гансүх нь тат­варын байцаагч н.Бямбасүрэнгийн дансанд 1-2 тэрбум төгрөг, харин Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга Ч.Энхбат эхнэр, охиныхоо дансанд дөрвөн сая ам.доллар хадгалж байсныг нь АТГ-ынхан илрүүлж Ч.Гансүхийн хүү Г.Ганзулыг  ч мөн 461 дүгээр ангид саатуулжээ.  Ийнхүү аав нь хүүгээ хөлдөө чирж хөгөө тарьсан хэрэг дарга нараас нэг бус удаа гарлаа.

 М.МӨНХТУНГАЛАГ