Прокурорт орсон хулгайч ийм “Сценариар”...
2013/05/19
Нийслэлийн прокурорын газарт хулгайч орчихжээ. Хулгайч нар банк дээрэмддэг байсан бол одоо хууль хүчний байгууллага руу нэвтэрдэг болж. Ер юуг ч, хаанаас ч авч чадахуйц хэмжээнд мэргэшиж буйн шинж.
Нийслэлийн прокурорын газар харуул хамгаалалт сайтай, манаач нар нь сонор сэрэмж сайтай маш чухал объект учраас хулгайч нар маш нарийн зохион байгуулалтад орж тэндээс 20 сая төгрөг “туучихжээ”. АТГ-аас шалгасан эрүүгийн хэргийнхээ нотлох баримт, эд мөрийн баримт болох 20 сая төгрөгийг Нийслэлийн прокурорын газарт хүлээлгэж өгөөд, шүүх хурал товлогдох болчихоод байсан бололтой юм. АТГ-т шалгагдсан хэрэг гэхээр цагаан захтнуудын ч юм уу, албан тушаалтнуудын хэрэг байж таарна. Хэн нэгэн нь улсаас завшсан мөнгөө “далд оруулж” чадалгүй хуулийнханд баригдаж, орон доогуураа ч юм уу, пийшин дотроо хийчихсэн байсныг нь цагдаа ах олоод АТГ-т тушаачихсан байж л дээ.
Наад нөхөр чинь авлига авсан, улсын мөнгө идчихсэн нөхөр шүү, нотлох баримт нь энэ байна гээд Нийслэлийн прокурорынхонд өгчихөж. Тэд юу юугүй хэргийг хянаж гүйцээд, ял төлөвлөн шүүх рүү шилжүүлэх гэж байжээ. Хэрэгт холбогдсон нөхөр, түүний гар хөл нотлох баримтыг үгүй хийчихвэл ялгүй салж болно гэж сэтгэсэн үү, НПГ-ыг “дэлбэлэх”-ээр шийдэж, нэлээд эртнээс төлөвлөж, нууц “операци” зохион байгуулсан байна. “За төдөн сарын тэдний өдөр тийм манаач ээлжинд гарна. Түүнийг оройн хоолоо идчихээд зүүрмэглэх зуур л амжуулна шүү. Тэрнээс өмнө хяналтын камеруудыг нь ажиллахгүй болгож, гэрэл цахилгааныг нь тасална. Гэхдээ объект руу орохдоо нийслэлд хийгдэж буй цахилгааны хязгаарлалттай давхцуулбал илүү амар. Хүүхдийн 100 орчмын гэрэл цахилгааныг хэзээ хязгаарлахыг мэдэж ав. Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар хоёр ойрхон байрладаг учраас хоёулангийнх нь гэрэл тасарна. Камер нь ажиллахгүй. “Манаач” нар нь лаа шүдэнз, гар чийдэн гэж мунгинаж, харанхуйд айж байх хойгуур нь сэмхэн амжуулна”. За даа, нэг иймэрхүү л сценариар ажилласан болов уу. Эд мөрийн баримт хадгалах өрөөнд нэлээд хэмжээний зүйл байгаа. 20 сая төгрөг бол зүгээр л нэг нотлох баримт. Тэрнээс цаана өөр олон нотлох баримт, хавтаст хэргүүд бий. Чадвал бүгдийг нь, ядвал мөнгийг нь гэсэн төлөвлөгөөтэйгөөр прокурорын газар руу хулгайч нар нэвтэрсэн байж таарна.
Угаасаа Нийслэлийн прокурорын газар чинь хулгай нүүрлэчихсэн юм чинь нэг их ажил явдал болохгүй. Арваад жилийн өмнө нарийн бичгийн даргынх нь өрөөнөөс 36 сая төгрөг, 1111 ам.доллар хулгайд алдагдсан. Хулгайч сэргэлэн нөхөр байсан бололтой юм билээ. 102 тоот өрөөний хаалганд нь түлхүүр тааруулж ороод, төмөр шүүгээг нь эвдлээд л хулгай хийсэн. Түлхүүр тааруулсан, төмөр шүүгээнд их хэмжээний мөнгө байгааг мэдсэн хүн л авна. НПГ-ын манаач, слесарь, өрөө түрээсэлж байсан нэг эмэгтэйг шалгаж, эцэст нь нэг прокурорыг сэрдэж, ажлаас нь чөлөөлөөд өнгөрсөн. Тухайн үед АТГ гэж байсан биш, албан тушаалтнуудын хэрэг энэ тэр гэж дуулиан шуугиан болж байсан биш. Шунахайн сэдэлтээр хулгайн хэрэг гарсан байх. Нийслэлийн прокурорын газарт бас өрөө түрээсэлж болдог гэдгийг энэ үеэр мэдсэн.
Харин энэ удаагийн хулгайч нэлээд том санаатай, хэтийн төлөвлөгөөтэй байсан байж магадгүй. Авлигачаас хурааж авсан эд мөрийн баримтыг хулгайлсан болохоор ингэж бодогдоод байна.
Энэ хулгайн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байгаа юм билээ. Хэрэгт холбогдуулан нарийн бичиг хоёр хүүхэн болон бичиг хүргэгчээр ажилладаг нэг эрийг саатуулан шалгаж эхэлсэн ч хоёр эмэгтэйг нь өрөвдөөд гаргачихсан. Одоо бичиг хүргэгч “Соном өвгөн”-рхүү нэг хүнийг байцааж байгаа юм билээ. Хэзээ, хэдийд энэ ажилд орсон, хэний даалгавраар хулгай хийсэн, толгойлогч чинь хэн бэ, хэний захиалгаар гээд “эрүүдэж” байгаа биз. 20 сая төгрөг аваад зогссон бол бас ч гэж яах вэ. Харин эд мөрийн баримт бас бус зүйлүүд алга болсон бол яана. Авлигач түшмэлийн хавтаст хэрэг алдагдсан бол яана, цагаан захтнуудын шалгагдаж байсан хэргүүдийн нотолгоонууд алга болсон бол яана. Мөнгийг ч яахав бусдын адил үрээд, тансаглаад дууссан байлаа гэхэд нотлох баримтгүй болсон хэргийг хэн яаж хянана аа. Хулгайч нартай тэмцэж, төрийн нэрийн өмнөөс тэдэнд ял өгдөг байгууллагаас ямар хоншоортой аавын хүү хулгай хийдэг байна аа. Хулгайч нартай тэмцэж, төрийн нэрийн өмнөөс тэдэнд ял оноодог байгууллага руу халдаж зүрхэлсэн хулгай гаднаас уу, дотроосоо юу. Прокурорын байгууллагынхан хулгайчаа олох гээд хүмүүсээ суулгаж байгаад хуралдаж, архив, бичиг хэргийнхнийгээ нүүрэлдүүлж, улайлгах гэж үзээд тусыг эс олов бололтой юм билээ.
Б.Оюунгэрэл
Zochin · 2013/05/22
Тэр гэмгүй бичиг хүргэгчийг гаргаачээ. Очиж очиж хамгийн ядарсан хүнийг нь хорьж хэрэг тулгаж байгаа юм байна л даа. Тэр хоёр нарийн бичиг хүүхнүүдийг яагаад хорихгүй байгаа юм бэ? 3-ууланг нь сэжиглэсэн бол 3-ууланг нь шалгаачээ
Зочин · 2013/05/21
onigoo onigoo
Зочин · 2013/05/20
Нэлээд хэдэн жилийн өмнө МҮОНТ-ээс бичлэг хулгайлсан тухай дуулдаж байсан. Цагаан захтуудын талаар бичлэг байсан гэсэн.
Зочин · 2013/05/20
Хууль хүчний байгууллагын ажилтан оролцсон байх өө
Зочин · 2013/05/20
Юу гэж дотроосоо авах вэ. Сэтгүүлч харин их зөв таамаглал дэвшүүлжээ. Хэргийн холбогдогчийг нь сайн шалгавал таарна. Тийм их мөнгө байгааг баргийн хүн мэдэргүй ш дээ.Дотроосоо холбогдсон бол мэдээлэгч л байгаа. Ээ дээ. Илрэх нь эргэлзээтэй дээ.