Их аварга М.Даваажаргалыг Японы иргэн бол эсвэл зодог тайл гэж шахаж эхэллээ
2014/11/24
Японы Фүкүока хотноо болсон мэргэжлийн сумогийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башё онц сонирхолтой болж Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргал 14 давж, дээд зиндаанд 32 дахь удаагаа түрүүлсэн.
Ингэснээр Хакухо Японы алдарт их аварга Тайхогийн тэртээ 43 жилийн өмнө тогтоож байсан амжилттай энэ зэрэгцэх түүхэн ялалтыг байгууллаа. Хакухо энэхүү амжилтыг 2006 оноос хойш найман жилийн дотор тогтоосон бол аугаа их аварга Тайхо 11 жилийн дотор 32 түрүүлсэн байдаг. Өнгөрсөн нэгдүгээр сард Тайхо аварга нас барахаасаа өмнөхөн Хакухог өөрийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг дээрээ дуудаж ирүүлээд “Сумогийн ноён оргилд гараарай, миний амжилтыг чи эвдэнэ” гэж чинь сэтгэлээсээ хүссэн гэдэг. М.Даваажаргал өөрийн дэвжээний багш болон Тайхо аварга нартай аав хүүгийн сайхан харилцаатай байсаар ирсэн тухайгаа өмнө нь олонтаа ярьж байсан. Аварга ч энэ сарын түрүү бөхийн цомыг гардаж аваад Тайхо аваргыг дурсаж нүдэндээ нулимстай харагдсан. Энэ нь түүнийг Тайхо аваргыг ямар их хүндэлдэг, ямар их хайрлаж, дэмжиж байсны илрэл гэлтэй. Одоо Хакухо аваргад хэдэн мянган жилийн түүхтэй мэргэжлийн сумогийн ноён оргилд хүрэхэд ердөө ганцхан шат үлдээд байна.
Энэ сайхан баярт мэдээний дунд гунигт мэдээллүүд ч сүүлийн өдрүүдэд гарах боллоо. Олны дунд сайн хүн ч бий, муу хүн ч байдаг. Харь элэгтнүүд манай бөхчүүдийг хэзээнээсээ л ялгаварлан гадуурхдаг тухай өмнө нь олонтаа сонсогдож байлаа. Амжилтыг нь доош нь татах, тэмцээн уралдаанд ямар нэгэн шалтаг тоочиж оруулахгүй байх гээд янз бүрийн башир арга заль хэрэглэсээр ирсэн. Бүр сүүлдээ гайгүй амжилт үзүүлж эхэлсэн Монгол бөхчүүдийг Японы орны иргэншлийг авахыг дэвжээний багш, сумогийн холбооноос нь хүртэл элдэв янзаар шахаж шаарддаг болжээ. Япончууд ёкозүна Хакухо М.Даваажаргалыг эх орон, ээж аав, элэг нэгт ард түмнээс нь тусгаарлаж, гаргасан бүх амжилтыг нь өөрийн улсын нэр дээр бичүүлэхийг завдаж байгаа сурагтай. Тэр ч бүү хэл Хакухог Японы иргэншлийг нэн яаралтай ав. Түүнийгээ олон нийтэд мэдэгд. Зөвшөөрөхгүй бол зодог тайлуулах арга хэмжээг авна гэж хүртэл сүрдүүлсэн гэнэ. Арга ч үгүй биз ээ. Хэдэн зуун дамжин хөгжиж ирсэн үндэсний спортынх нь аваргаар дан Монгол эрчүүд шалгарч. Үе уламжлалж ирсэн сумогийнх нь түүхэн рекорд амжилтуудыг нь монголчууд дангаараа санаанд багтамгүй олон тоогоор ахуилж байна. Жишээлбэл хамгийн олон түрүүлсэн бөхийг Хакухо 32 –оор тэргүүлж байна. Мөн хамгийн олон башё дараалан түрүүлсэн рекордыг Монголын 68, 69 дэх их аваргууд эзэмшиж байгаа. Нэг жилийн 90 барилдаанд хамгийн олон давсан бөхөөр мөн л Монгол аваргууд нэрлэгдэж явна. Япончууд тэдгээрийн энэ рекорд амжилтуудыг эвдэх нь үнэхээр хэцүү болж хувирсан. Тийм ч учраас зарим нэгийг нь хүчээр өөрийн орны иргэн болгох бүр цаашилбал сумогийн дэвжээнээс холдуулах, зайлуулах гээд олон төрлийн арга заль хэрэглэсээр өдийг хүрлээ. Мөн саяын сарын башёд Хакухог түрүүлсэний дараагаар томоохон хэмжээний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох “BBC: Хакүхо сүмогийн ертөнцийн төмөр хүн гэдгээ баталлаа”, “СNN: Хакүхо амжилтаараа зэрэгцсэн Тайход талархав”, “Huffington post: Монголын бөх өөрийн рекордыг тогтоох биз”, “Sbs: Хакүхо гадаад бөхчүүдийн нэр хүндийг өргөлөө”, “Yahoo: Сүмогийн шинэ хаан төрлөө”, “Associated press: Тайхогийн насан дээр рекордыг нь шинэчилнэ” гэх зэргээр дэлхий даяар мэдээлжээ. Энэ бүх мэдээллийн цаана Японы сумод амжилттай барилдаж яваа Монгол хүний тухай мэдээлэл оршиж байна. Үүнийг үзсэн хүн тухайн орны сумо бөхийн гайхамшигийг биш тэр спортод гайхамшигийг бүтээж буй өөр орны тамирчин, бөхийн тухай л ам дамжин магтаж буй нь дамжиггүй. Ингээд бодоод үзэхэд Япончуудад ямар нэгэн байдлаар үндэсний спортоо харамлах сэтгэл төрдөг байх. Үүнийг хамгийн тод жишээ болж мэргэжлийн сумогийн 68 дахь, Монголын анхны их аварга Асашёрюү Д.Дагвадорж юм. Тэрээр ид барилдаж явах насандаа нэгэнтийн шийдвэр гаргаж их спортоосоо зодог тайлсан. Шалтгааныг нь мэдэхгүй бид баахан гайхаж, алмайрч суусны эцэст сая нэг юм дарамт шахалт гэдэг үгийг аваргын өөрийнх нь амнаас сонсож билээ. Түүнийг нүдэндээ нулимстай хэлж байсан тэр үгүүдийг, тэр дарамт шахалтыг, тэр ганцаардлыг дахин сануулахад илүү биз ээ.
Тэгвэл яг одоо харийн хар бодолтонгууд дараагийн нэгэн хүүг маань тийм байдалд оруулах гэж байгаа юм биш биз дээ. Үүнийг сонссон зарим нэг нь “Хүний нутагт гадуурхагдаж байхаар эх нутагтаа ирээд үндэсний спортоороо барилд” гэж байхад нөгөө хэсэг нь “Бүр болохгүй бол иргэншлээ солилсон ч яахав дээ. Бичиг баримтыг нь солихоос биш удам угсаа, урсах цусыг нь солих биш” гэж хайртай аваргадаа үг дайж сууна. Дарамт шахалт, хүний нутагт ганцаардах гэдгийг хамгийн ихээр мэдэрсэн хүн бол Асашюрюү. Тэгээд ч тэр үү, дүү аваргынхаа талаарх энэ шуугианд хамгийн эмзэг хандаж байгаа нэгэн юм. Тэрээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “20 дээш түрүүлбэл дэвжээ байгуулах эрх өгдөг юм. Надад бас иргэншлийн асуудал байсан. Би үгүй гэж шууд хэлсэн.Гадны бөх дэвжээ өвлөж, худалдаж авах эрх байхгүй. Удирдах зөвлөлийн сонгуульд ч оролцох эрх байхгүй. Хакухо намайг бодвол хэт их үндсэрхэг биш. Зөөлөн талдаа, арай өөр сэтгэлгээтэй хүн. Гайгүй байх. Ер нь Хакухо дэвжээ нээсэн нь дээр байх. Магадгүй сумогийн холбооны ирээдүйн бодлого тодорхойлогч болж магад” гэх зэргээр өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Том гүрний том шовинизм буюу үндэсний дээрэнгүй үзэл нь хүртэл шал өөр байх юм даа. Манайхан шиг өнөө маргаашийн хоногийн хоолны талаар бус ирээдүй хойш үе маань түүх, соёлын үнэт өв болсон сумогийн хамгийн дээд хүнийг хэн гэж хүлээж авах вэ. Чухам тэр хүн нь Япон хүн байх уу, гадаадын тамирчин байх уу гэдгийг хүртэл бодож сууна. Тийм ч учраас ямар нэгэн арга замаар асуудлыг шийдэж өнөөдрийг хүрсэн. Харин 69 дэх аварга Хакухо М.Даваажаргалыг дээрх асуудал тойрон гарах болов уу. Аварга энэ эрчээрээ байвал ирэх жилийн эхний хэдэн башёд барилдаад л түүхэн амжилтын эзэн болох нь байна. Аварга маань үүнд нь ямар байдалтай хариу өгөх бол гээд олон чухал асуудлууд монголчууд бидний сэтгэлийг түгшээж бас хүлээлт үүсгэж байна. Магадгүй түүнийг албан шахалтаар эсвэл өөрийн сонирхолоор ч бай хөх толбот Монгол хүн гэдгээсээ татгалзахаар болжээ гэвэл олон мянган монголчуудын сэтгэлийг гонсойлгосон үйл явдал болох нь дамжиггүй. Тэр дундаа “муу” аавд нь л маш их хэцүү байгаа байх.
Зочин · 2014/11/26
Bichig barimt ni solih bolohoos udam ugsaa ursah tsusiig nu oorhcilj hcadahgui shuu dee