Шинэ тогтолцоот нийгмийг сонгоод хорин хоёр жил болчихлоо Монголчууд. Энэ хугацаанд социализмыг үндсэндээ нурааж устгаж дуусав. Хүний дотоод харилцааны түвшингээс эхлээд хоёр хүний хоорондын харилцаа, гэр бүл ба бүлэг хоорондын, институци ба байгууллага хоорондын, нам болон фракц хоорондын, Их хурал хийгээд Засгийн газар хоорондын харилцаа бүхэн, доороосоо дээшээ, дээрээсээ доошоо шат шатандаа үл ойлголцох, хэрүүл маргаан, атаа жөтөө, хагарал бутрал нүүрлэсэн ашиг сонирхлын зөрчилдөөний талбар болов.

Нийт нийгмийн харилцаа МАНАН дунд төөрөв. Үндсэндээ Монгол орон эзэнгүйдэв. Үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэл дунд, үйл явц өрнөсөөр, үг хэл нь түрүүлж, үйл хэрэг нь хол хоцорсон шоучидаар тугаа болгосон монголчууд он тооллын гутгаар мянган, оргилуун их 21 дүгээр зуунтай золгов. Мянганы заагт төгс ардчиллыг бий болгоно гэж мөрөөдөв. Хөгжил дэвшилд хүрнэ гэж хөөрцөглөв.

Хөгжил дэвшилд хүрэх хөшүүрэг, гарах гарц нь уул уурхай хэмээн уухайлав. Ашигт малтмалын орд газруудаа харийнханд өмчлүүлэв. Гадныханд газарчлав. Үндэсний эрх ашиг алдагдав, үгүйрэн хоосров гэж шалдан нүцгэн ард түмэн уйлав, ундууцав, халаглав, харамлав, Эх орноо.


Үзэгдэл-2

Үндэсний эрх ашиг өнө мөнхөд тэргүүлж явах учиртай. Гэтэл тэргүүлэхээ больж мартагдан замхарчээ. Намууд гэх санхүү улс төрийн ханаж цадахгүй шуналын    сонирхол, цаагуураа далд бүү хэл, наагуураа увайгүй ил нэгдсэнээр Үндсэн хуулийн эсрэг стандарт бус шийдэл буюу, төр засгийн түвшин дэх ижил хүйстний гэмээр
завхайрал улс орон, үндэстэн угсаатныг маань хүчирхийлэн зайдалж авлаа. Дотоод улс төрийн хүчин гэж энэ.



Энэхүү үзэгдлийг эсэргүүцэн тэмцэгч, дийлэнхдээ шалдан нүцгэн хэвээр ард түмэн худлаа ч, үнэн ч ардчилсан дэглэмийн нэр нүүр болсон сонгуулийн эрх, сонгуулийнхаа учир чанарыг ингэж бузар муухай хүчиндүүлэхдээ бага сага дур ханах маягтай байгаа нь тархиа сая төгрөгийн сургаар угаалгасан зэргийн хар гай юмаа. Наана нь хэлэхэд геополитик гэж байна.

 

Үүний учрыг монголчууд бид бага сага мэднэ, арга эвийг нь олохуйц туршлагажсан. Гэтэл цаана нь гадаад хүчин гэж байна. Үүнийг реалполитик гэнэ. Хүссэн хүсээгүй хүчирхийлэн нүүрлэх олон улсын бодит улс терийг реалполитик гэдэг байна. Тодруулбал хүчний хэрэгсэл. Тиймээс нууц далд биш. Хэдхэн жилийн өмнө Хатагтай Мадлен Олбрайт манайхаар буугаад мордсоны дараа манайхан, хоноод явахгүй өвчтэй хогшдээ гэж хошигнож билээ.

 

Маш нэр нөлөөтэй авгай л даа. Тэрбээр хэлэхдээ: Өнөөдөр зарим улс орон байгалийн баялагтайгаа үлдсэн нь шударга бус явдал гэсэн. Хоноод явсан ч яахав, үгүй ч яахав. Нас ахисан энэ авгай реалполитикийн мөн чанарыг шулуухан бурчихсан нь тохиолдлын биш. Цаанаа хүчний байр сууриа илэрхийлж мэдрүүлж буй хэрэг. Оросын их гүрэн хүртэл эл авгайн заналхийлсэн мэдэгдэлд цочирдож балмагдсан. Монголчууд бид болохоор мэдээлэлгүйн дээр гэнэн цайлган сэтгэлтнүүд.


Монгол маань алт, мөнгө, зэс, цаир, төмөр, нүүрс, уран, газрын тостойгоо үлдчихсэн нь шударга бус явдал гэж олон улсын реалполитикийн зүгээс үнэлэгдэж байна. Тэгээд ч тэд шударга ёсоо тогтоох болно. Ингэж тогтоох туршилт үл гэр жишээ нь ОЮУТОЛГОЙН гэрээ болов.



Үзэгдэл-З

Ард түмэндээ алтаар бороо оруулна гэж хошигруулсан энэ гэрээ, Монголын талд гарцаагүй хожилтой гэрээ байх ёстой гэж монголчууд бодож байна. Тэгж бодохоос аргагүй. Гэтэл манай талд хожилгүй, ашиггүй гэрээ боллоо гэж уул уурхайн экспертүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярив, хэлэв, бичив. Ухаантай царай гаргаж, ухааруулан ойлгуулах гэж хэлээд ч, ухуулан, учирлан, уурлан бухимдан хэлээд ч тусыг эс олов.

 

Төр засаг нь нүдэн балай, чихэн дүлий гөлөөн пад царайлав. Эрдэмтэн, судлаачдаа сонс, ард түмнээсээ асуу гэж хэлсээр, сануулсаар байсан ч маниусаа авч хэлэлцсэнгүй гэж Хурц, Авирмэд тэргүүтэй академичид мэдээлэв. Үнэн хэрэгтээ энэхүү гэрээ нь стратегийн санаачилга, маневрын бүх боломжоо манай тал тавиад туучихсан гэрээ болчихсон гэж Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Бямбасүрэн дүгнэж хэлэв.

 

Газрын тосоор дээлээ мялааж, Азийн бар болно хэмээн саваагүйтсэн анхны ерөнхийлөгчөөс эхлээд, гэрээнд оролцсон нэр бүхий хүмүүст эхнээс нь хатуу хариуцлага тооцох ёстой гэж буурал сайд хэлэв, сануулав. Үнэн, худлыг олон нийтэд ойлгуулахаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, тухайн ажил хэргийг хариуцаж байсан Сангийн сайд асан С.Баярцогтыг мэтгэлцээнд дуудав.

 

Мэтгэлцээнээс ард түмэн ямар мэдээлэлтэй үлдэх нь гол зорилго байлаа. Гэтэл нийтийн дунд тэр хоёр хэн нь ялсан, ялагдсан тухай л яригдаад өнгөрөв. С.Баярцогтынхоор бол Оюутолгойн гэрээ Монгол Улсад ямар ч эрсдэлгүй гайхамшигтай гэрээ юм байх. Өөрөөр хэлбэл цэвэр хожилтой, цэвэр хожчихсон гэрээ юм байна. Мэтгэлцээнд С.Баярцогт нэгэн хүснэгтийг олон дахин үзүүлж гол үндэслэлээ болголоо.

 

Энэ нь Айвенхоу орд газрыг ашиглаж бай ч татвараа төлнө, орлого зарлага тэнцсэн ч татвараа төлнө, ашиг олоогүй алдагдалтай байлаа ч татвараа төлнө гэсэн хүснэгт. Монгол улс хэзээ ч, ямар ч үед эрсдэл хүлээхгүй үлгэр жишээ гэрээ гэж хэлж байна. С.Ганбаатар ерөнхийдөө илүү зөв ярих гээд байх юм. Зөвхөн "орд газар маань" гэж сануулах гээд байгаа нь зөв. Даанч мань хүн онолын ерөнхий ойлголтоор хэлж мэдэхгүй нөгөөдөхдөө дийлэгдсэн болж харагдаад байна.

 

Гэрээ хэрхэн хийх ёстой, яагаад стратегийн санаачилга маневрын бүх боломжоо тавиад туучихсан тухай судлаач Ч.Эрдэнэ ийнхүү тайлбарлаж байна. Энэ хүн өнгөт металлын гүний уурхайн өндөр зэрэглэлийн нэвтрэгч хүн. Орос байтугай Германчуудаас сурсан мэргэжил.



Тайлбарласу.

Тайлбар-1


Оюутолгой бол байгалиас бидэнд заяасан өмч. Түүнийг ашиглах талаар хоёр тал хэлэлцээрийн ширээний ард сууна. Суумагц хоёр талын толгойд ганцхан үндсэн асуудал эргэлдэж эхлэх ёстой. Энэ нь стратегийн санаачилга гэдэг асуудал. Стратегийн санаачилгыг гартаа Монгол улс авах байгалиас заяамал үндэслэл нь Оюутолгой өөрөө аж. Үүнийг нөгөө тал мэдэх боловч хэлэлцээний явцад стратегийн санаачилгыг монголын талаас булаан авахын төлөө тэмцэнэ.

 

Энэ бол гол зорилго нь болно. Ингэж булаан авах туршлага бол үндэстэн дамнасан этгээдүүдийн үндсэн арга байдаг. Стратегийн санаачилгыг гартаа авна гэдэг үйл явцын туршид тактикийн маневр хийх эрх чөлөө эзэмшинэ гэсэн үг. Өнөөгийн дэлхийн зах зээлийн эрсдэл, ээдрээтэй нөхцөл байдалд үүн шиг хэрэгтэй юм уг талд байхгүй юм. Хожигдохгүй л бол стратегийн санаачилгаа хадгал гэсэн хуультай.

 

Цаг цагт нь маневр хийх боломжгүй бол дампуурах нигууртай гэнэ. Чингээд Оюутолгойн гэрээгээр Монгол улс байгалиас заяасан стратеги санаачилгаа хадгалав уу, эсвэл Фрийдландад алдчихав уу гэсэн гол гогцоо асуулт гарцаагүй гарах ба уг төслийн хувь заяа үндсэндээ үүгээр шийдэгдэнэ. Стратегийн санаачилга нь үйл явц, нөхцөл байдлын аяс хандлагаар хүсэл зоргоороо маневарлах, эрх чөлөөучраас үндсэн параметр нь цаг хугацаа болно. Гэрээг зөрчиж болохгүй. Гэрээг хэдэн жилээр байгуулчихваа гэсэн асуудал.



Тайлбар-2

Гэрээ 30 жилээр зурагджээ. Өнөөцагийн стратегийн судалгаанд баримталж буй зарчмын нэг үнэлгээ,  дүгнэлт бий. Их үсрээд л 20 жилээр бод, цааш нь харах бололцоо ч, хэрэгцээ ч байхгүй гэдэг. Хорь, гуч байтугай хоёр жилийн цаадхыг харж чадахгүй болчихсон цаг үе шүүдээ. Бид гэрээг таван жилээр зурна гэж зүтгээд, нөгөөталаа хүндлэх журмаар 10 жилээр тогтож болох байсан. Бүр бууж өглөөгэхэд 15 жил.

 

Одоо Монгол улсаас маневр хийх боломж өнөмөнхөд хаалттай. Өнөөгийн хурдацтай нөхцөлд 30 жил бол өнөмөнхтэй ялгаагүй. Нэгэнт нөгөөтал стратегийн санаачилгыг булаан авсан тул, манайх гэрээнд ямар нэг юм эргэж харвал яасийм гэхэд хуцваа та нар гэж шууд хэлж байна. Айвенхоу нь наанаа болохоор, алдагдалтай ажилласан ч татвараа төлсөөр Монгол улсын төлөөдуусна гээд, цаанаа болохоор энэ 30 жилээр хүлж баглаад хаячихаж байгаа аж.

 

Энэ бол том төсөл. Том төслийнхөөхувьд Монгол улсад ашгаа өгнө. Ялангуяа уг төслийн хүрээнд ажиллаж буй, ажиллах хүмүүст. Орчин үед үйлдлийн шинэчлэл гэдэг цэвэр математик салбар ухаан байна. Амьдрал гэдэг маань та бидний хийх, эс хийх үйлдлүүдээс бүрддэг. Оюутолгойн гэрээ бол нэгхэн үйлдэл. С.Баярцогт огт эрсдэлгүй хожчихсон гэж хэлээд байгаа ч аливаа үйл явц гэдэг тоглоом байна. Тоглоомонд нүүдэл байна.

 

Энэ нь үйлдэл. Хожигдохгүйгээ л баталгаажуул. Хожигдохгүй бол хожно гэсэн үг. Хэр хэмжээгээр хожихыг тэр цагийн тэнгэр мэдэх асуудал. Нөгөө талаар хайнцана гэж байна. Сайн шатарчин эхлээд хайнцахын төлөө байрлалаа авч явдаг. Зүгээр хар ухаанаар бодъё. Алдагдалтай уурхайгаас татвараа авчих, аваад бай. Гэрээний заалт биелээгүй биш биелнэ. Тэр хооронд алдагдалтай мөртлөөтатвараа төлдөг уурхай дампуурна.

 

Уурхай дампуурахаар Монгол улс хожигдож үлдэнэ гэсэн үг. Нөгөөтал хайнцсанд тооцоод зүгээр гараад яваад өгнө. Дэлхийн зах зээл дээр алдагдалтай ажиллах нөхцөл байдал олонтоо үүснэ. ИйнхүүМонгол улс хожигдохгүй буюу Оюутолгойг дампуурахгүй байх баталгааг л эхлээд хангах ёстойг үйлдлийн шинэчлэлийн ухааны үндсэн теором гээд байгаа аж.



Гэтэл мэтгэлцээний байдлаас харахад гэрээнд зөвхөн дампуурах нөхцөлийг суулгаад өгчихсөн юм биш үү. Энэ бүхнийг манай судлаач нэг их ухаантай царай гаргаад хэлсэн юм биш, гэрээ зурагдахаас ч өмнөхэлсэн бүр сайн хэлсэн, сануулсан, анхааруулсан. Оюутолгой бол нүсэр төсөл. Энэ нүсэр төслийн ард эхлээд хэн хүний хөх инээд хүрэхээр жижигхэн нэг хүчин зүйл үйлчилснийг манай судлаач хэзээ ч дурдахгүй, цаашид ч нэлээд хугацаанд дурдахгүй хэмээсэн. Уул уурхай гэдэг нь буурай улс орнуудад хагас колоний горим тулгадаг гэдгийг хэлээд байна. Үзүүлээд байна.



Үйл явц-1

Судлаачийн хэлснийг дахин сануулъя. Хүссэн хүсээгүй бодитоор нүүрлэдэг улс төрийг реалполитик хэмээнэ гэж дахин давтан сануулъя. Улс төр ямар заваан болохыг монголчууд бага сага мэддэг болсон. Харин олон улсын улс төрийг заваан юм гэхгүйн тулд реалполитик хэмээн нэр цээрлэдэг болсон. Геополитик бол бас ч гэж бүс нутгийн үзэгдэл. Реалполитик нь даяар үзэгдэл. Даяар үзэгдэлд давамгайлан тоглогчид нь их гүрнүүд, том компаниуд байна.

 

Дэлхийн улс үндэстнүүд гэдэг тусгаар субъектүүд оршиж байна. Эдгээр нь тус тусдаа ашиг сонирхолтой ба тус тусынхаа эрх ашгийг эрхэмлэн хөөнө. Үүний ар талд даяарын эрх ашиг явах нь яваа. Үндэсний ба нийтийн эрх ашгийн тэнцвэрт Алтан харьцаа хэзээ ч олддоггүй. Жишээ авъя. Ашигт малтмалын шинэ томоохон нөөц бүхий Монголын нутаг дэлхийн ашиг сонирхпын объект боллоо.

 

Нутаг нь болохоос хүн ам нь биш. Ашигт малтмал нь болохоос, газар нутаг, байгаль орчных нь хувь заяа биш. Ерөнхий логик нь ийм. Эндээс хүний сайн юм уу, муу санаанаас үл хамаарсан олон улсын реалполитик үүсч, бодитоор нүүрлэх нигууртай. Нүүрлээд эхэлсэн. Энэ зүй тогтлын золиос нь Монгол болох магадлал бага биш. Золиос болохын хувьд болно. Гагцхүүих үү,бага уу, Монгол үлдэх үү, үгүй юу гэдэг асуудал.

 

Төрөлх нутагтаа байж суух газаргүй хөөгдөж туугдаж, доромжлуулж байгаа жишээнүүд захаасаа аваад зөндөө. Их хурлын гишүүн нь ч лицензтэй газрынх нь өргөст торон хашаанд тулаад ганц үг ган хийхгүй буцдаг болсон. Энгийн иргэд нь одоохондоо зодуулж салдаг, ялигүй хожим буудуулдаг болно гэх мэт дүр зураг харагдаж байна. Үүнийг эсэргүүцсэн УИХ-ын зарим гишүүд, иргэний хөдөлгөөнүүд үг хэл гаргасанд реалполитик нүүрээ нуухаа нэгэнт больж, юу дэмий донгосоод байнаа.

 

Бид мэдэгдэл гаргана гэж. Засгийн газар нь гарын үсгээ зурвал барав гээд асуудлыг хүчээр шийдчихэв. Үүнийг монголчууд уухайлан алга ташин хүлээж авах сэтгэхүйн хөрс дэвсгэрийг тэд, дэс дараалан бэлтгэж чадлаа. Энэ нь жалганы үзэл, довны суртлаасаа цаашгүй нийгэмд тэгтлээ хэцүүажил байсангүй. Эх орон, эх оронч гэдэг үг нийтлэлч Баабарын олон жилийн өдөр тутмын цуцалтгүй хүчин чармайлтаар хараал зүхлийн үг болж амжлаа.

 

Иргэний хөдөлгөөнүүд гэж баларсан хулгайчууд, задарсан дээрэмчид гэж зогсоо зайгүй ятгасаар итгүүлж дөнгөлөө. Шулуул шулуулахгүй гэвэл... гэсэн Баабарын үгээр реалполитик монголд орж ирсэн билээ. Мянганы сорилын сангийн ажилтан Д.Хүрэлбаатар бээр хэлж байна. Зөвхөн Төв аймгийн Заамарт гэхэд, ашигт малтмалын өмчлөл ба тусгай зөвшөөрлөөр тус газар нутгийн 78 хувь нь гадаадын эзэмшилд очсон байна.

 

Тэнд ажилладаг монгол ажилчид нь хятадуудад бөхөлзсөн боол, эмс охид нь хужаа нарын зугаа, байгаль орчин нь хүчиндүүлж бузарлуулаад дуусч байна. Тэдний үйлдвэрлэл ганцхан цаг зогсоход хятадууд муухай орилон боож үхтлээ уурлаж байна. Одоо яахав хэмээн толгой сэгсрэн халгалж байна. Үнэндээ манайд байгаль орчны хандлагад шашин ч алга, шинжлэх ухаан ч алга.

 

Манай шашин, шинжлэх ухааны ухамсар ба мэдлэг нь зөвхөн өөрийгөөтэжээх аминчхан зорилго, арчаагүй төвшнөөс хэтрээгүй учраас улс нийгмийн ноцтой асуудлуудаар харанга дэлдэх нь байтугай, ажиж мэдэхгүй сууцгаана. Ухаантай царай гаргаж хэлэхээс өөр аргагүй болоод байна. Байгаль маань хүн орших үндэс. Байгалийг ашиглахдаа бус, шүтэн бишрэхдээ байгаа юм.

 

Энэ бол монголчуудын уламжлалт гүн ухаан. Уул, ус байгаа нь ухаж цөлмөөд авчих гэсэн үг биш. Хүн нэг л удаа ухаж цөлмөж цадаад дараа нь өлбөрч үгүйрнэ. Тахин шүтээд үе үеийн турш элгэн дээр нь орш гэсэн үг. Бид ашиглахыг амьжиргааны урьтал нөхцөл болгон ярьж, ойлгож, хамгийн золгүй нь үнэхээр тэгэж итгэж байна. Бид гаднаас сураад л байдаг, гэвч ядахдаа ганц олигтой үзэл баримтлалыг нь аваад ирэх сөхөөалга.

 

Жишээ нь дэлхий дээр ойн баялгийг ашиглахаа больсон, зөвхөн хамгаалж үржүүлж байгаа. Ойд өөрт нь хэрэггүй дарамт болсон зүйлийг огтлуулж түүлгээд оронд нь хэд хэдэн мод суулгуулж байгаа. Манайд тарьдаг гэх байх. Үүнд хариуцсан түшмэл л итгэж болно, гэхдээ бас эрүүл хүн учраас итгэхгүй. Газарт мөчир хатгаад ургуулдаг нь манай цаг уур биш. Алттай болгоныг ухаад байдаг ч юм биш.

 

Байгалийн хохирол наад зах нь мөнгөөр илэрхийлэгддэг учраас хохирол нь алтнаас үнэтэй байх нь элбэг. Манайд аль хэдийнээ тэр тал руугаа хэлбийгээд явчихсан. Тиймээс энд ардчилсан сүйтгэлээс дарангуйллын хамгаалалт хамаагүй дээр болоод байна. Улс орноо засан тохинуулахад ерөөсөөбайгаль орчноосоо эхлэх нь зүйтэй мэт гэсэн ухаантны хэлсэн үгээр байгаль орчны талаар түр цэг тавъя.

 

Ижилгүй соёлтой уурхайн явц хэрхэн өрнөж байгааг "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирал Б.Батбаатар "Үндэсний шуудан" сонинд өгсөн /2012.12.27/ ярилцлагадаа "Хэрвээ тууз хайчлах юм бол ард түмэн гудамжинд гараад зогсох ёстой" гэж барин тавин шууд уриалсан нь, тэнд үйл явц цагаандаа гарч шуударсныг хэлээд байна.

 

Үйл явц-2

"Эрдэнэс Оюутолгой" компани Монголын хувьцаа болох 34 хувиа эзэмшиж байгаа компани. Гэхдээ дансандаа юу ч үгүй аж. Хувь эзэмшихийг нэг хоногийн өмнө ч гэсэн хүртэхийн төлөө тэд тэмцэж байгаа юм байна. Одоогийн энэ нэмж оруулах гээд байгаа хөрөнгө санхүүжилтийг шууд л үг дуугүй авчих юм бол бидний хүртэх үр өгөөж 2033 он хүртэл хойшилж байгаа аж. 2019 онд хүртэх гээд байгаа юм нь 2033 он болно.

 

2033 он гэхэд орд газрыг ашиглаад дуусчихна. Уурхай хаалтаа хийчихнэ. Тэр үед бид ямар юмных нь үр шимээ хүртэх юм. Өрөө өгнө, одоо нэмж авах гээд байгаа санхүүжилтийнхээ өрийг өгнө. Тэгсэн хойно бид үлдсэнээс нь ашгаа хүртэнэ. Тиймээс монголчууд бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Үүнийг би ярих ёсгүй байж ч магад. Гэхдээ өнөөдөр ярих хугацаа нь мөн байна. Яагаад гэвэл энэ торгон агшинг алдаж болохгүй.

 

Монгол хүн бүр үүн дээр анхаарлаа хандуулах ёстой. Хэрвээ тэр үйлдвэрлэлийг зогсоох юм бол хоногийн зуун зуун саяар бид торгууль хүлээнэ. Тиймээс үүнийг ажиллуулж болохгүй гэж төсвийг нь батлахгүй өнөөдрийг хүртэл би хөндлөн сууж байгаа хэмээн байр сууриа Б.Батбаатар хатуу илэрхийлсэн. Төрийг төлөөлж голомтон дээр ажиллаж байгаа хүний үгнээс харах юм бол манай төр засаг, гэрээгээр тийшээ оролцоод байх юм бараг байхгүй юм байна.

 

Жич: энэхүү ярилцлагыг хэвлэлтэд өгөх явцад /2012.12.27/ Д.Батбаатарыг гэв гэнэт ажлаас нь чөлөөлж, ажлыг нь УИХ-ын гишүүн байсан Ц.Сэдванчиг хүлээж авчээ гэхчилэн үйл явц үргэлжилж байна. Ийм торгон агшинд Ерөнхийлөгч Оюутолгойн талаар олон нийтийн мэдээллийн харэгслээр байр сууриа дэлгэрэнгүй илэрхийлсэн. Манайхан шинэ оноо угтах гэж хөөрцөглөөд нэг их анзаарсангүй.

 

Охиноо хадамд гаргасан бол эргэж зууралдаад байх шаардлагагүй гэх шүү юм хэлчих вүү дээ. Манай ерөнхийлөгчийн уран үгэн дотор аль гулгаж, тэшсэн үг явдгийг тэр гэхэв гэж хэнэггүй монгол зангаараа бодохоос. Нөгөө талаар нэгэнт стратегийн санаачилга, маневрын бүх боломжоо тавиад туучихсан гэрээг яалтай ч билээ гэсэн арга барагдсан хүний үг. Бусадтай адилгүй, ижилгүй соёлтой компаниуд гэсэн лобби сурталчилгаа явсаар байна.

 

Энэ сурталчилгааны ард зэвүүн санаа, нарийн ухаан байгаа юм. Ямар ч нарийн байтугай, бүдүүн бараг ухааны эцсийн зорилго нь засаглах, үгүй ядаж засаглал хуваалцах байдаг. Айвенхоу Майнз ч иймэрхүү санархлаа эхнээс нь нууж хаалгүй ирсэн дүр зураг бий. Гэтэл цаана нь жижиг орны том орд уурхай гэдэг эдийн засгийн эргэлт, үйлдвэрлэх хүчирхэг гол машин нь болдог.

 

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг үг болгох юм бол, энэ машины эргүүлэгт бид автчихаж. Баталгаа нь энэ түрүүнд улс төр очоод эх захгүй орооцолдчихсон. Айвенхоугийн найз нам хүч нөөцөөр давамгайлчихаж. Тэр нь өнгөрсөн сонгуулийн үр дүн, өнөөдрийн "шинэчлэлийн" Засгийн газар нь юм байна гэж таамаглаж болох. Ерөнхийлөгч дээрх үгийг санамсаргүй бус санаатай хэлчихсэн юм уу даа гэж бодогдохоор.



Олон улсын реалполитик машины зайлшгүй чухал механизм, дотоод дахь түшиг тулгуур нь тер засаг гэгч юм. Манайд бол пүүс компаниудаа томруулах гэсэн хэдэн хүний л асуудал шүү дээ. Хорь гуч ч юмуу том толгой, цаддаггүй олгой хэдийн л асуудал, их үсрээд 200-300 гэр бүлийн л проблем. Монгол гэдэг бага дээрээ ядуу зах зээлийнх нь чинээнд тултал томруулаад өгсөн ч хямдхан тусах юм.

 

Багтаж шингэхгүй болсон цагтаа гадаадад хураасан хадгаламж руугаа арилаад өгцгөөнө. Алсын бодол нь тиймэрхүү л, бэлтгэлээ бараг хангацгаачихсан юмнууд ч бий. Тэр хүмүүсийн нэг нь Ерөнхийлөгч өөрөө биш байгаадаа гэсэн нүгэлтэй юм бодогдох юм. Үйлдвэр ашиглалтад ордог юм байж. үйл ажиллагаа нь эхэлдэг юм байж. Гэтэл "Эрдэнэт"-ээс тав дахин илүү нөөцтэй энэхүү орд газрыг ашиглах их том төслийн Техник эдийн засгийн үндэслэл болон ил уурхай, баяжуулах үйлдвэр, лабораториуд найдвартай ажиллах нөхцөлийг хангаж чадсан уу гэвэл үгүй байна.




Үйл явц-3

Оюутолгой төслийн ТЭЗҮ /Техник эдийн засгийн үндэслэл/ болон ил уурхай, баяжуулах үйлдвэр, лабораториудтай манай талын уул уурхайн экспертүүд, тэргүүлэх мэргэжилтнүүд танилцжээ. Танилцах явцад нөөцийн хувьд, нийт нөөц, эдийн засгийн үр ашигтай нөөц, тодорхой нөхцөлд ашигтай нөөц гэхчилэн хэд хэд ангилсан байх аж.

 

Эндээс зөвхөн зэсийн хувьд авч үзэхэд үр ашигтай 31,1 сая тонн, тодорхой нөхцөлд ашигтай 19,7.сая тонн /зөрүү 11,4 сая тонн буюу Эрдэнэтийн нийт нөөцөөс бараг 1,5 дахин их байна/ Энэ нь ашиглах эсэх нь тодорхойгүй болж байна гэсэн үг. ТЭЗҮ-ийн материал дотор таваарын бүтээгдэхүүний үнүүд өөр өөр байхаас гадна, технологийн болон эдийн засгийн тоонууд, төслийн нийт хугацааны дундаж тоонууд задаргаагүй бөөн дүнгээрээ тул харьцуулах ямар ч боломжгүй аж.



Нэг тонн хүдэр боловсруулах өртөг "Эрдэнэт" үйлдвэртэй харьцуулахад бага буюу задаргаа байхгүй тул харьцуулах боломжгүй. Сонгосон технологийн схемдээ сул алт болон молибденитыг ялгах асуудал огт тусгагдаагүй. Таваарын бүтээгдэхүүний чанар тодорхой бус, нийт үндсэн хөрөнгө, машин механизм, техник тоног төхөөрөмжийн тооллого бүртгэл байдаг эсэх нь ойлгомжгүй, техникийн улсын үзлэгт хамрагддаг эсэх нь тодорхойгүй.

 

Маш их техник худалдан авсан байх бөгөөд зарим нь одоо хэрэгцээгүй болсон гэхчилэн цаашид үйлдвэрлэл явуулахад эрсдэлтэй олон алдаанууд байх жишээтэй. Тодотгон хэлбэл хагас үйлдвэрлэлийн туршилт, ТЭЗҮ-ийг боловсруулах техник технологийн хуульчлагдсан үндсэн баримт бичиг хийгдээгүй бөгөөд Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг тогтсон жишиг, журмыг хангаагүй гэсэн албан ёсны үндэслэлийг манай тал гарган, цаашид хөрөнгө оруулалтын гэрээ төслүүдийг хэрэгжүүлэх явцад засаж сайжруулах асуудлууд олон байгааг дурдан мэргэжлийн шүүмж, санал, зөвлөгөөг өгсөн байна. Ийнхүү шинэ оны босгон дээр дэлхийд томоохон тооцогдох Оюутолгой баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо.



Муугаар бодож, сайнаар хий

Тийм ээ ард түмэн, уул уурхайн хөгжлийн түүхийн шинэ үе эхэллээ гэж сайн сайхнаар бодож байна. Эрх баригчид ч тэгж үзэж байна. Уул уурхайн салбарын 90 жилийн түүхэн хөгжлөас харахад тус салбарт, 1970-аад оны сүүлч хүртэл олборлох үйл ажиллагаа зонхилж байсан бол, 1980 оноос олборлон баяжуулдаг болсон, 1990-ээд оны дунд үеэс боловсруулах үйлдвэрийн үндэс суурь тавигдсан.

 

Түүний үлгэр жишээ нь "Эрдэнэт" үйлдвэрийн дэргэдэх зэсийн исэлдсэн эрдсийг уусган, хандлаж, электролизын аргаар катодын зэс гаргах "Эрднэт" үйлдвэр билээ. Цаашид боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, өртөг шингэсэн өндөр үнэ цэнэтэй, эцсийн бүтээгдэхүүн гаргах хөгжлийн үе шат руу цаг алдалгүй шилжиж, дэлхийн жишигг нийцсэн хэдэн сайхан үйлдвэртэй болчихвол улс орон минь хөгжиж дэвшинэ гэж хүн бүр хүсэн хүлээж байна.

 

Энэхүү хүлээлтийн нэг нь Оюутолгой төсөл. Далд уурхайн бүтээн байгуулалт гэдэг маш нүсэр, хүнд хэцүү ажил. Гадаргуугаас 1300 метрийн гүнд үйл ажиллагаа явагдана. Ил уурхайд нь аварга том экскаватор, еөрөө буулгагч автомашин ажиллаж байна. Энэ машин нь 300 тн буюу таван вагон ачаа ачих хүчин чадалтай юм байна. Оюутолгойн баяжуулах фабрикийн хүдэр баяжуулах төслийн хүчин чадал жилд дунджаар 35 сая тонн байх юм байна.

 

Үнэхээр аварга. Ийм үйлдвэрт хүдрийг олборлохдоо, хаягдал бохирдолтыг хамгийн бага байлгах зохистой харьцааг хангах, баяжуулах үе шатанд металл авалтыг өндөр түвшинд байлгах маш чухал. Эдгээр үзүүлэлтээс бүтээгдэхүүний хэмжээ, эдийн засгийн үр ашиг шууд шалтгаална гэж мэргэжилтнүүд хэлж байна. Мэдээж төслөөс хүртэх эдийн засгийн үр ашиг чухал. Ард нь монгол түмний хүлээлт гэж байна.

 

Төслийн хаялгаар дэлхий дахинд манай улсын нэр хүнд өсөж, улс орон хийгээд говийн бүс нутгийн дэд бүтэц, хөгжил дэвшилд түлхэц өгөх, уул уурхай дагасан туслах үйлдвэрлэл бий болох, ажлын байр нэмэгдэх, монгол хүний хөдөлмөрийн үнэлгээ сайжрах зэрэг давуу тал, үр дүнг монголчууд энэ төслөөс хүлээж байна. Харамсалтай нь өнөөгийн үйл явцаас харахад, тэнд хэзээ ч Эрдэнэт шиг үйлдвэр, хот бий болохгүй.

 

Говийн тэр хоёр толгой дээр алтаар бороо орохгүй. Улаан түйрэн л босно. Учир нь төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого чиглэл ч алга. Уул уурхайн бие даасан хууль ч алга. Ашигт малтмалын болон, уул уурхайн салбартай холбогдол бүхий бусад хууль тогтоомжуудыг бүхэлд нь боловсронгуй болгох, энэ салбарын эрх зүйн зохицуулалтыг цогцоор нь шийдэх багц хууль ч алга.



Гаднаас мэдээж Монголыг сайн сайхан болгох бодлого явахгүй. Хэн хүн маргахгүй ганц жишээ. Бороогийн тэр их алтнаас манайд дусал ч нялзаагүй. Паушок гэгч этгээд Тосон Заамарыг самарч хаячихаад эргээд Монголд дааж давшгүй өр тулгаад заргалдчихсан. Зарганд нь чирэгдээд орсон Монгол зардалд нь 5 сая доллар төлчихөөд одоо ч төлсөөр байна. Алтыг нь ухаж авчихаад хатсан хорголоо хүртэл хамж аваад гарсан оргодол Паушок тохиолдлын ганц жишээ юу? Гадныхан гэдэг гадныхан.

 

Тэд өөрийнхөө нөлөөг оруулах, нөлөө нь байсан бол бэхжүүлэх, улмаар Монголыг өөрийн ашиг сонирхолдоо ашиглах тийм л прагматик бодлого зорилго хэрэгжүүлж байгаа. Монголын улс төр, үзэл суртлын хамгийн хүчирхэг хөдөлгүүр нь гадаадын пүүс компаниудын лобби сурталчилгаа нэгэнт болсон. Реалполитик гэдэг өршөөлгүй робот мангас нэгэнт өнгийж ирээд эрх баригчдыг маань ашиг сонирхлоор нь дөрлөөд авсан. 

 

Оюу ба Таван толгодын байдлаар бол асуудал үндсэндээ шуударчихсан. Ард нийт стратегийн санаачилгаа алдчихсан. Нөгөө "Үхэртийн хөндий манайх" гэдэг шиг юм болчихсон. Цаашид хэрхэхийг хэн мэдлээ. Ашигт малтмалын ордуудыг эрхшээлдээ авсан компаниудын гарын салаагаар санамсаргүй гоожсон шавхруугаар гол зогоохдоо бид бусдыг баяжуулах нь буяны үйлс гэж буддын ёсоор бахархаж суух биз.



Орчин цагт стратегийн Алтан дүрэм ганцхан: Муугаар бод, сайн хий гэж. Логик нь ч ийм, сэтгэлзүй ч ийм. Дээр бид муугаар бодох гээд чадсангүй. Газрын неөц ба газрын хэвлийн баялаг нь Монгол Улсыг олон улсын стратегийн томоохон тоглоомд хүчээр татан орууллаа. Энэ бол маш осолтой үйл явцад өөрийн мэдэлгүй хамрагдлаа гэсэн хэрэг. Ийнхүү даяар эргүүлэгт орохдоо та бид нэг их сайхан юм төсөөлж мөрөөдсөн, сэрэхгүй шахам сэрүүн зүүдэлсэн хүмүүс буй нь үндэсний дампуурал, сүйрлийн эхэн юм.



Болоогүй шүү... 2012 оны 12 сарын 21-нд дэлхий сүйрсэнгүй. Тиймээс аврах аврал, гарах гарц байнаа. Аврах аврал, гарах гарц "Бурхнаас сонгогдсон" гэх еврей үндэстний нээсэн зам. Энэ замаар "Дээд тэнгэрээс заяат төрсөн" монгол угсаатан замнах ээлжтэй хэмээсэн бошго их мэргэн Нострадамусын суут зөгнөлд тусжээ. Тэр замыг заасан хүн нь Улаанбаатарын утаан дунд нохойгоо салхилуулаад, нуруугаа үүрээд алхаж яваа гэнэм. Харсан үзсэн хүн байвал задарсан тархийг бариад ав. Барьж аваад АНУ-ын Ерөнхийлөгч Б.ОБАМАД даруй тушаа.

Сэтгүүлч О.Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Хөдөлмөр"