Нэр дэвшигчид гарааны зурхайгаас өнөөдөр гарна. МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Сонгуулийн ерөнхий хорооноос мандатаа өвөртөлж, Соёлын төв өргөөнд сурталчилгааныхаа нээлтийг албан ёсоор хийхээр болжээ.
 

Уг нь Сүхбаатарын талбайд нээлтийн ажиллагаагаа хийх хүсэлт гаргасан ч ЗГХЭГ болон Улаанбаатар хотын захиргаа зөвшөөрөл өгөөгүй гэнэ. Энэ нь бас нэг төрлийн шинэчлэл юм байх. Иймээс элдэв юм ярилгүй өөр газар сонгосон нь тэр. Үүний дараа Хэнтий нутгийг зорих болжээ. Аваргын гурвантаа сонгогдсон тойрог учраас гараагаа тэндээс эхлүүлэхээр шийдвэрлэсэн бололтой юм.

Харин Ц.Элбэгдорж ардчилсан Ерөнхийлөгчийн хуваарь албан тушаалаа ашиглаад сурталчилгаагаа эхлүүлчихсэн. Мэдээж тэр бүхэн нэр дэвшигчийн сурталчилгаа бус Ерөнхийлөгчийн ажлын нэгээхэн хэсэг нь. Тэрбээр өнөөдөр Төрийн тэргүүн биш АН-аас нэр дэвшигчийнхээ хувьд хоёр гараараа ард түмэнтэйгээ мэндчилнэ. Мэдээж нээлтээ нийслэлд хийгээд Сүхбаатар аймгийн зүг хүлгийн жолоо мушгих юм гэсэн. Ардчиллынханд ээлтэй гэж энэ нутгийг сонгосон тухай хэдийнэ шивэр авир хийгээд эхэлчихсэн.

Ганц эмэгтэй нэр дэвшигч маань СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсаны дараа ЭМШУИС-т очиж, багш, оюутнуудтай уулзахаар төлөвлөсөн гэж байгаа. Учир нь намынхан нь маргааш Их хуралдайгаараа хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэхийг эрхэм авхайд захижээ. Өөрөөр хэлбэл, Н.Удвал пүрэв гарагт “АССА” циркд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах аж. Үүний дараа аль нэг аймгийг зорино.