“Ураг удам уламжлал”-ын холбооноос төрийн гурван өндөрлөг, түмэн олондо хандан УРИАЛГА гаргалаа
2014/12/03
Төрийн гурван өндөрлөг, түмэн олондоо хандаж уриалах нь:
Ямар ч улс орон өөрийн үүсэл гарал нутаг усандаа үндэслэн оршин тогтнож нэгэн омог улсын түүх үүсч, бүтэж нэг улс гүрний нэр томъёо мөнхрөн үлдэж үргэлжилдэг нь хууль жамын ёс юм. Энэ бүхнийг ухварлан ойлгож Эзэн богд Чингис хаан 800 жилийн өмнө эх орноо зүрх сэтгэлийн гүнээс хайрлаж явахыг учирласан байдгийг түүх гэрчилнэ. Элэнцийн элэнцээс өндөр өтгөс минь элгээн эмтэлж байж өв болгосон, хуланцын хуланцаас өвгөд дээдэс минь харамлан хамгаалж бүтэн үлдээсэн хөх монголын энэ нутаг усыг хаан эзэн ч хөндөж үл зүрхэлмой.
“Мөнх тэнгэрт соён дархалсан
Монгол угсаатны амин эрдэнэ буюу
Уулын чинээ алт амлан гуйвч
Тохмын чинээ ч бүү арилжигтун
Алалдая хэмээн айлган халдавч
Алга дарам ч бүү тасдаж өгөгтүн” гэх зэргийг Их эзэн Богд хаан “Алтан гэрэгэ” хөх судартаа баримтаглан үлдээсэн байна.
Хөх монголын өндөр дээд өтгөс өвгөдийн түүхэн их сургаал, сургамж Эзэн богд хааны зарлиг сургаал өнөөдөр монгол төрийн зүтгэлтэнд хатуу сануулга мөн. Монгол түмэн олон эх түүхээн нэхэл хатуутай нэхсээр хөх монголын хөх өвгөд хөх тэнгэрийн зарлигийг цээжиндээ хадаж үе үедээ залгамжлуулсаар ирсэн сайхан уламжлалыг монгол түмэн өнөөдөр мартаагүй.
Дэлхийн өнөөгийн хөгжил дэвшил хүрээлэн буй орчинд сэтгэл зовж яваа Оросын эрдэмтэн А.В. Ивановив, И.В.Паоте, И.Ю.Шиежин нарын хэлсэн үгнээс ишлэл болгоё. Тэд “Техник ашигласан хэрэглэгчид соёл, соёлын иргэншил нь хэдийгээр маргашгүй ололтууд дагуулж байгаа хэдий ч бүр мөсөн сүйрлээр дуусах ёстой, түүгээр төгсөх болно” гэж хэлжээ. Техник дэвшил нь өөрөө хүрээлэн байгаа орчинд цөмийн аюул заналхийлэлийг учруулж аль алинийг нь тусдаан болон хоёулаа бүхий л соёл иргэншлийг устгах аюултай. Магадгүй дэлхий дээрх амьдралыг үгүй хийх боломжтой гэж тодорхойлсон байна. Техникийн хөгжил нь байгаль орчны хуулийг зөрчиж сансарын хэмнэлийг алдагдуулж, хүрээлэн байгаа орчинд аюул учруулсаар байгаад сэтгэл түгшиж суугаагаа хэлье.
Ийм учраас олон зуун жил нүүдэлчин өв соёл түүхээ эрхэмлэн дээдэлж сэргээн мөрдөх нь чухал гэж үзсэн үүнээс өөр гарц монгол түмэнд алга.
Төрийн гурван өндөрлөгт болон түмэн олондоо хандаж доорх 3 саналыг дэвшүүлэн, хэрэгжүүлэхийгУРИАЛЖ байна.
Үүнд:
1.Төрийн Ерөнхийлөгч гадаад дотоодод ёслолын үйл ажиллагаанд оролцохдоо үндэсний хувцсаа хэрэглэж, төрөлх эх хэл болох монгол хэлээрээ ярьж, монгол төрийн бэлгэдэл төрийн ёслолыг хадгалж, хамгаалж явах шаардлагатай байна.
2.УИХ-ын дарга, гишүүд нэгдсэн чуулганы ёслолын арга хэмжээнүүдэд монгол үндэсний гоёл дээл хувцсаа өмсөн төрийн хэргийг хэлцэж, монгол түмнээ хүндэтгэж, төрийн зарлиг шийдвэрийг гаргахыг хүсье.
3.Монголын нийт түмэн олон бүх нийтээрээ нүүдлийн их өв соёл түүхээ судлан ойлгож, иргэн бүр өв уламжлалаа дээдлэн хэрэгжүүлэх, улмаар энэ үйл хэргийг өдөр тутмын хэрэглээ болгох их үйлсийг төрийн бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хөгжлийн эрсдэл тулгамдсан өнөө үед монгол хүнийг үндэснийх нь өв түүх аварна гэдгийг монгол хүн бүр ухаарах цаг болжээ.
1.Монгол хүний аврал бол монгол гэр, монгол ахуй амьдрал
2.Монгол хувцас, хүнсний хэрэглээ
3.Монгол уудам газар нутаг ус минь билээ.
Энэ бол бидний аврал монгол хүний бахархал.
УРИАЛАН ӨЧСӨН МОНГОЛЫН “УРАГ УДАМ УЛАМЖЛАЛ”-ЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАГЧ ЖАМГАНЫ ТҮДЭВДОРЖ