Эмийн сангийн 42 хувь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байранд үйл ажиллагаа явуулж байна
2014/12/04
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт хийсэн байна. Ингээд уг шалгалтын дүнг бүрэн эхээр нь хүргэе.
Шалгалтын явцад Эм хангамжийн байгууллагуудаас нийт 173 эрүүл зүйн арчдас, 53 агаарын шинжлэгдэхүүн, ундны уснаас 3 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт гаргаж зөрчилтэй байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгөн шинжилгээг дахин авч зөрчлийг арилгуулан ажилласан байна.
Астрафарм, Түшиглэн, Мөнхийн тун, Мон-Адонис эмийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн Витамин С уусмал эм нь улсын стандарт эсвэл фармакопейн өгүүлэлгүйгээр үйлдвэрлэгдэн зах зээлд гаргасныг буцаан татан авалт хийлгэн гүйцэтгэлд улсын хэмжээнд хяналт хийн таслан зогсоолоо.
Баян-Өлгий аймгийн “Байбулган” эмийн сангийн эм найруулах өрөөнд хадгалагдаж байсан Новокойн, риванол, натрийн гидрокарбонат, натрийн хлорид, амидопирин, калийн хлорид, магнийн сульфат, салицилийн хүчил, натрийн бромид, борын хүчил, сульфацил натри гэсэн хаягуудтай шилэн сав болон гялгар уутанд савласан, бэлдсэн болон хадгалах хугацаа, үнэ тодорхойгүй нийт 1,660 кг орчим хэмжээтэй нунтаг эмүүдийг шалгалтын бүрэлдэхүүн болон шалгуулагчдыг байлцуулан газар дээр нь устгасан байна.
ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ:
Хяналт шинжилгээний хүрээнд 6 аймаг, 2 дүүрэг шалгалтанд хамрагдсан 25 эмийн сангаас эмийн сангийн бэлдмэл 51, дотоодын эмийн үйлдвэрийн 8, импортын 10 нийт 69 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслээс дээж авч давхардсан тоогоор нийт 335 үзүүлэлтээр лабораторийн шинжилгээнд хамруулахад эмийн сангийн дотоод бэлдмэлийн 74,5% нь механик хольцтой, уусмалын дүүргэлт дутуу, дотоодын эмийн үйлдвэрийн эмийн 25% нь уусалт, үрэлт, жингийн хэлбэлзэл, үйлчлэгч бодисын хэмжээ шаардлага хангахгүй, импортын эмнэлгийн хэрэгслийн 20% нь нянгийн бохирдолтой байна. Шинжилгээгээр чанарын шаардлага хангахгүй дүнтэй гарсан эмийн сангийн бэлдмэлүүдийг устгах арга хэмжээ авч хугацаатай үүрэг даалгавар өгөн зөрчлийг арилгуулсан байна.
“Түшиглэн” ХХК-д үйлдвэрлэсэн Чанарын шаардлага хангаагүй 03072013 цувралын дугаартай Ципрофлоксацин2 эмийг зах зээлд гаргасан зөрчлийг үндэслэн Мөнхийн тун ХХК-ний албан тушаалтанд шийтгэвэр ногдуулж, худалдаалсан 192 блистр эмийн үнэ болох 192000 төгрөгийг улсын орлогод оруулан зах зээлээс эргүүлэн татан авсан 788 блистр эмийг “Элемент” ХХК-д актын дагуу хүлээлгэн өгч устгуулсан байна.
Бактерийн ургалттай 06080923 цувралын дугаар бүхий загасны тос, 7 аймгийн 17 эм хангамжийн байгууллагаас нийт 463 ширхэг илэрснийг хураан авч устгах арга хэмжээ авч ажиллалаа. Тус загасны тосыг ханган нийлүүлсэн Ган-Эм эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийж 1122 ширхэг Загасны тосыг буцаан татан авалт хийлгэн устгалд оруулах арга хэмжээ авсан байна.
Хэрэглэх хугацаа тодорхойгүй буюу хаяг шошгын зөрчилтэй “Монос фарм” эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 15 цувралын 2%-20гр стрептоцидтой тос7 7372 ширхэг, 18 цувралын 10%-20,0 салицилтай тос8 9067 ширхэг, 5 цувралын 20,0 эмнэлгийн вазелин9 7263 ширхэгийг буцаан татан авалт хийлгэж, шаардлага хангаагүй эм худалдаалсан хууль бус орлого болох нийт 2 718 432 төгрөгийг улсын орлогод оруулсан байна.
"Тавин-Ус" эмийн үйлдвэрийн 11 цувралын 33%-15,0 хүхэртэй тосон10 түрхлэгийн хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан тул буцаан татан авалт хийлгэж 18064 ширхэгийг үйлдвэрлэгчийн хийсэн гэрээний дагуу “Элемент” ХХК-д өгч устгуулсан.
ТАНДАЛТ СУДАЛГАА:
Тандалт судалгаагаар 11 аймагт эрсдлийн үнэлгээнд хамрагдаагүй байсан нийт 25 эмийн сан, 3 эм ханган нийлүүлэх байгууллагыг, нийслэлд 69 эмийн сан, 49 эм ханган нийлүүлэх байгууллага, 7 эмийн үйлдвэрийг шинээр эрсдлийн үнэлгээнд хамруулан мэдээллийн санд бүртгэсэн. Архангай, Говь-Алтай, Дундговь аймгуудад тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 4 эмийн сан, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нийт 24 эмийн санг тус тус илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоосон.
19 аймагт эм ханган нийлүүлэх байгууллагын 66 салбар (Монос-21, Монгол эм импекс концерн-17, Еврофарм-9, Ази фарм-6, Мөнхийн тун-4, Монфа-3, Нахиа-2, Цомбо-1, 50 ус-1, Омбол-1, Барагшун-1) ажиллаж байгаа нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн “эм хангамжийн байгууллагыг салбараар ажиллуулахгүй байх” тухай 9.1 дэх хэсэг зөрчигдөж байна.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ:
Хоёр удаагийн урьдчилан сэргийлэх хяналтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 41 нэрийн 44 цуврал 479 ширхэг, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 130 нэрийн 134 цуврал 2025 ширхэг, стандартын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй 59 нэрийн 539 ширхэг, дотоодын эмийн үйлдвэрийн 58 нэрийн 520 ширхэг, нийт 288 нэрийн 3563 ширхэг эм, бэлдмэлийг улсын байцаагчийн акт үйлдэн хураав. (Төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнтэй давхцаагүй болно).
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын эрүүл мэндийн төвд хэрэглэж байсан хүчинтэй хугацаа дууссан 18 нэрийн эмийг эмнэлгийн дэргэдэх комиссын бүрэлдэхүүнтэйгээр устгуулсан, Нийслэлийн 3 эмийн санд хэрэглэх хугацаа дууссан 3 нэрийн эмийн сангийн бэлдмэлийг газар дээр нь устгах арга хэмжээ авсан.
Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал:
Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний явцад давхардсан тоогоор нийт 5 330 зөрчил дутагдал илэрснээс дараах зөрчил дутагдал нийтлэгээр илэрлээ. Үүнд:
Эмийн сан нь хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй эмээр үйлчилж байгаа дутагдал шалгалтанд хамрагдсан нийт байгуулагын 18,4 хувьд байна. /15 аймаг, нийслэлийн 5 дүүрэгт/.
Эмийн мэргэжилтэн эмийн сангаас эм олгохдоо хэрэглэх арга, хадгалах нөхцөл, зохистой хэрэглээний талаар иргэдэд зөвлөлгөө өгдөггүй, /21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт/
Жороор олгох эмийг жоргүйгээр, хүчингүй жороор олгож буй байдал шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 64,5 хувьд зөрчигдөж байгаа;
Эмийн сангийн 31 хувь нь эмийн сангийн агаарыг цэвэршүүлэх зорилгоор нян устгах гэрлийг хэрэглэхгүй байгаа;
Сумдын эмийн эргэлтийн санд эм зүйн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай /Өмнөговь/;
Улсын хэмжээнд нийт 309 эмийн эргэлтийн сан ажиллаж байгаагаас 253 нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх бие даасан тусгай зөвшөөрөлтэйгээр, 56 нь эмнэлгийн тусгай зөвшөөрлийн хүрээнд, 1 нь эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээр тус тус үйл ажиллагаа явуулж улмаар хөрөнгийн захиран зарцуулалт цөөн тооны мэргэжилтний эрх ашигт тулгуурладаг, сумын эмнэлэг, иргэдэд эм, эмнэлгийн хэрэгслийн өндөр үнээр худалддаг зөрчил нийтлэг; /Дорнод-сумд, Дорноговь-Говь-Угтаал, Адаацаг/.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Юниф”, Чингэлтэй дүүргийн “Өнөр болор буян” эмийн сангууд үнэ төлбөргүй олгох зориулалттай Регивидон эмийг худалдаж байсан;
Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, ажил үйлчилгээтэй холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэн арилгах, эрсдэлээс сэргийлэх зорилгоор байгууллагын хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрч буй байдал шалгалтанд хамрагдсан нийт эмийн сангийн 66 хувьд, эм ханган нийлүүлэх байгууллагын 50 хувьд зөрчигдөж байгаа;
Эмийн сангийн 42 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 27 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байранд үйл ажиллагаа явуулж байгаа;
Эм хангамжийн байгууллагын ажиллагсад нь ажилд орохдоо болон цаашид 6 сар тутамд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй байгаа зөрчил эмийн сангийн 28,2 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 17 хувьд нь илэрсэн;
Шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 42 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 37 хувь нь эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчийг заасан горимын дагуу хадгалаагүй;
Эмийн гаж нөлөө болон эмийн аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн, мэдээлж холбогдох арга хэмжээ авч ажиллаж буй байдал шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 39 хувьд, эм ханган нийлүүлэх байгууллагын 65 хувьд хэрэгжихгүй байгаа;
Шалгалтанд хамрагдсан эм хангамжийн байгууллагуудад эмийн гаралтай тусгай хог хаягдлыг ангилан, түр хадгалж устгах үйл ажиллагаа зохих журмын дагуу хийгдэхгүй байгаа зөрчил шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 34 хувьд, эм ханган нийлүүлэх байгууллагын 23 хувьд илэрч байгаа;
Багаж тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийн бүрдлийг хангаж хэвийн, аюулгүй ажиллагаатай байх нөхцөлийг бүрдүүлсэн байдал эмийн сангийн 34 хувьд, эм ханган нийлүүлэх байгууллагын 42 хувьд зөрчигдөж байгаа;
Эм эмнэлгийн хэрэгсэл, БИБ-ийг зориулалтын дулааалга, хөргөлтийн системтэй тусгай сав, хөлдөөгч бүхий тээврийн хэрэгслээр зохих горимын дагуу татан авч, түгээж буй байдал шалгалтанд хамрагдсан эм ханган нийлүүлэх байгууллагын 41 хувьд зөрчигдөж байгаа;
Шалгалтанд хамрагдсан эм ханган нийлүүлэх байгууллагын 68 хувь нь иргэдэд жижиглэнгийн худалдаа хийж байгаа, 38 хувь нь эм, эмнэлгийн хэрэгслийг буцаан татах журамгүй;
Эмийн хэрэглэх заавар Монгол хэл дээр бичигдсэн байдал шалгалтанд хамрагдсан эм ханган нийлүүлэх байгууллагын 56 хувьд зөрчигдөж байгаа;
Эм ханган нийлүүлэх байгууллагын 38 хувь нь эмийн агуулахад цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийдэггүй, эм, эмнэлгийн хэрэгслийг дам бохирдох нөхцөл бүрдүүлсэн байна.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор 272 байгууллагад 1885 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчил гаргасан 35 байгууллага, 65 албан тушаалтан, 4 иргэнд нийт 25,255,000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, барагдуулсан.
Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй 49 нэрийн, хаяг шошгын зөрчилтэй 98 нэрийн, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 190 нэрийн, хадгалалтын горим алдагдсан 9 нэрийн нийт 320 нэрийн 6,359,529 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг улсын байцаагчийн 56 акт үйлдэн хураав.
Стандартын шаардлага хангаагүй 6 эмийн сангийн үйл ажиллагааг бүрэн, 8 эмийн сангийн үйл ажиллагааг хэсэгчлэн түр хугацаагаар зогсоон биелэлтийг хангуулж 4 эмийн сангийн үйл ажиллагааг сэргээн ажиллууллаа.
Дүгнэлт
Хяналт шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 11% нь их, 36% нь дунд эрсдэлтэй үнэлэгдсэн нь өмнөх онуудтай харьцуулахад 8-4%-аар өссөн 53% нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн нь өмнөх онуудын үзүүлэлтээс 5-12%-р буурсан дүнтэй, эм ханган нийлүүлэх байгууллагын 5% нь их, 21% нь дунд, 74% нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн нь өмнөх онуудтай харьцуулахад 1-3%-иар өссөн байгаагаас харахад сүүлийн 2 жилд хяналт шалгалтанд хамрагдах обьектыг эрсдэлд үндэслэн оновчтой сонгосон байна.
Хяналтын хуудасны үнэлгээнээс харахад Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн хэрэгжилт эмийн санд 82.2 хувьтай байгаа нь өмнөх оны үзүүлэлтээс 12,8 хувиар өссөн, эм ханган нийлүүлэх байгууллагад 73,9 хувийн хэрэгжилттэй байгаа нь өмнөх оны үзүүлэлтээс 8,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хуулийн хэрэгжилтийн хувь буурсан нь өмнөх онуудад эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт зарлаж, шалгагдах байгууллагуудад урьдчилан мэдэгдэж байснаар зөрчил, дутагдал илрэхгүй байсан бөгөөд 2014 онд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтанд хамруулснаар улсын бүртгэлгүй, чанарын шаардлага хангахгүй, хэрэглэх хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгсэл нэлээдгүй байгууллагад илэрсэнтэй холбоотой байна. Мөн байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагаа хангалтгүй, тэдний ажлын хариуцлагатай ч холбоотой гэж үзлээ.
Лабораторийн шинжилгээний дүнгээр шинжилгээнд хамруулсан эмийн сангийн дотоод бэлдмэлийн 74,5% нь механик хольцтой, уусмалын дүүргэлт дутуу, дотоодын эмийн үйлдвэрийн эмийн 25% нь уусалт, үрэлт, жингийн хэлбэлзэл, үйлчлэгч бодисын хэмжээ шаардлага хангахгүй, импортын эмнэлгийн хэрэгслийн 20% нь нянгийн бохирдолтой байгаа нь эм хангамжийн байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдөх стандартын шаардлагыг хэрэгжүүлдэггүй, тухайн байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагаа хангалтгүй, ажлын хариуцлага сул байдалтай холбоотой байна.
Аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох комиссоос орон нутагт үйл ажиллагаа явуулж буй эм ханган нийлүүлэх байгууллагыг нийслэлд ажиллаж буй ханган нийлүүлэх байгууллагын салбар хэмээн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг зөрчиж байна.
Эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр эрсдэлтэй үнэлэгдсэн эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээс гадна хяналт шинжилгээ, тандалт судалгаа, урьдчилан сэргийлэх хяналтыг зарлан улсын хэмжээнд нэгдсэн байдлаар гүйцэтгэж байгаа нь эм хангамжийн байгууллагууд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулан хэрэглэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангах эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд хөшүүрэг болж байна гэж үзэж байна.