Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар “Скайтел” ХХК-тай хамтран хүүхдүүдэд кино үзүүллээ
2013/05/21
Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар “Скайтел” ХХК-тай хамтран ажиллаад гурван жилийн нүүрийг үзэж байна. Хамтын ажиллагааны хүрээнд “Нийслэл багц” гэсэн үүрэн холбооны багцын үйлчилгээг Нийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагууд, түүний харъяа хэлтэс, албадын ажилтан, албан хаагчидад зориулан гаргаж, харилцаа холбооны дэвшилтэт технологийг хямд үнэ, хөнгөлөлттэй хэлбэрээр ашиглан өөр хоорондоо мэдээлэл солилцох, ажил, үйлчилгээгээ түргэн шуурхай гүйцэтгэх, төрийн байгууллагуудын холбооны зардлыг тодорхой хэмжээгээр хэмнэх, скайтелийн сүлжээндээ болон багцдаа “тэг” төгрөгөөр ярих боломжийг олгосон.
Үүнээс гадна хамтын ажиллагааныхаа хүрээнд Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдүүдийг жил бүр кино үзүүлдэг уламжлалтай.
Энэ жил Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбоо үүсч хөгжсөний 92 жилийн ой, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 2013 оны 5-р сарын 21-нд Тэнгис кино театрт “Iron Man 3” 3D киног Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 160 хүүхдэд үнэ төлбөргүй үзүүллээ. Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Нийслэлийн Мэдээллийн Технологийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бат-Өлзий, Скайтел ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Болор, маркетинг борлуулалт, үйлчилгээний газрын захирал Ц.Пүрэвдорж нар оролцлоо.
Нийслэлийн Мэдээллийн Технологийн газрын хэвлэл мэдээллийн алба