Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг Олон улсын сувилагч, эх баригчдын өдрийг угтсан цуврал арга хэмжээг Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, ЭАҮЭНХ-тэй хамтран зохион байгууллаа. 

Цуврал арга хэмжээ ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуультай хамтарсан “Багш шавийн эрдмийн уулзалт сургалт”-аар эхэлсэн бөгөөд сургалтыг сувилахуйн сургуулийн багш нар хүрэлцэн ирж сувилахуй, эм найруулагч, эх баригч бага эмч, лаборант нарт зориулсан онол дадлага хосолсон хоёр өдрийн сургалтыг зохион байгуулсан байна. 

Багш шавийн уулзалтын хүрээнд сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ алдаршуулах “Алдар хүндэтгэлийн цэнгүүн”-ийг зохион байгуулж, төрийн дээд одон медаль хүртсэн мэргэжилтнүүдээ алдаршуулан хүндэтгэл үзүүллээ.  

Эрүүл мэндийн яамнаас зарласан “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд гурван үеийн шилдэг эх баригч нарыг шалгаруулж, ахмад эх баригчаар Д. Бямбасүрэн, дунд үеийн эх баригчаар Б.Оюунханд, залуу үеийн эх баригчаар Д.Рэнцэнханд нар тодорч, дурсгалын цом гардуулан өгөв.  

alt

Мөн мэргэжлийн ур чадвараар тэргүүлсэн “Алтан гарт сувилагч” нараа тодруулан хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулж, “Алтан гарт Сувилагч” шагналаар Матад сумын эрүүл мэндийн төвийн сувилагч, бага эмч О. Нармандах, Цагаан-Овоо сумын сувилагч, бага эмч Б.Одмандах, БОЭТ-ийн сувилагч С.Өнөрбаян нар тус тус тодорлоо. Эх баригч, бага эмч нарт олгодог “Аврахуйн үйлстэн” шагналын эзнээр БОЭТ-ийн эх баригч С.Энхчимэг шалгарав. 

Ажил мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнч шагналын эзэддээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн байгууллагын удирдлага, хамт олон нь талархал илэрхийллээ.  

alt

Цуврал арга хэмжээ энэ сарын 16-ны өдөр Онол практикын бага хурлаар үргэлжилсэн бөгөөд нийт 19 илтгэл хэлэлцэгдсэнээс Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр БОЭТ-ийн хүүхдийн тасгийн сувилагч н.Алтанзагасын илтгэл 1-р байр, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр БОЭТ-ийн бага эмч Л.Алтантуяагийн илтгэл 1-р байрыг тус тус эзэллээ. 

Бага хурлаар хэлэлцэгдэж буй илтгэлүүдийн чанар, цар хүрээ жилээс жилд сайжирч байгааг шүүгчид болон оролцогчид сайшааж, тэргүүлсэн мэргэжилтнүүдэд өргөмжлөл хадгалууллаа. Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилго бүхий “Сувилахуйн эрдмийн зөвлөл”-ийг Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар баталгаажуулан ажиллуулж эхэлжээ.