УИХ-ын  нэгдсэн чуулганы үдээс хойшх хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилж байгаа. Үдээс өмнөх хуралдаанаар  С.Баярцогт ЗГХЭГ-ын даргаар, Д.Оюунхорол Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд, Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд болсон.  Дөнгөж сая  Ц.Даваасүрэн гишүүн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан.  

Сангийн сайд ажлаа авангуутаа ирэх жилийн төсөвт тодотгол хийнэ гэдгээ мэдэгдсэн.  Мөн эдийн  засгийн хямралаас гарах бүхий л арга хэмжээг авч ажиллах бөгөөд дотоод нөөц бололцоогоо ашиглах болно гэдгийг хэлсэн.

УИХ-ын гишүүд асуулт асуусан.  Үүний дараагаар гишүүд үг хэлсэн.  Тухайлбал

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Сангийн сайдад нэр дэвшиж байгаа хүнд хэлэх хэдэн үг байна. Энэ салбарт олон жил ажилласан мэргэшсэн хүн.  Амаргүй ажил шүү.  Хматраагүй болохоор хямарсан биш.  Хямарлыг судалж үзэх хэрэгтэй.  Маш их өртэй , Төвбанкны алдагдалтай байгаа ийм үед хөрөнгө оруулалт ирэхгүй.  Ирэх жил 1.5 их наядын зээлийг төлнө. Хөрөнгө оруулалт орж ирлээ гэхэд зээлийн төлбөрт явна. Ажлаа аваад үүнд дүгнэлт хийх хэрэгтэй.  Тэгээд имй байсан, ийм болгосон гэдгийг ажлаа өгөхдөө хэлэх хэрэгтэй. 2014 оны, 2015 оны төсвийг тодотголыг зэрэг хийх хэрэгтэй.  

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Сангийн яам бол үнэхээр хүнд ажил. Өнөөдрийг хүртэл олон улсын нягтлан бодох бүртгэлийн системийг нэвтрүүлээгүй. Үүнээс болж ААН-үүд их хохирдог. Үүнийг засаарай.  

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:  Үг битгий хэл гээд хэлүүлэхгүй байх юм байна л даа. Сан байхгүй Сангийн яамыг л авч байгаа шүү  гэж бодож байна. Бяртай үедээ дээрэлхээд шахдаг, явдальтай айлын хашаанд  буулаа. Сангийн сайд болчихоод сангийн мэдээллээ  үнэ бодитойгоор мэдээллээрэй.  Баахан өрөнд уначихсан байгаа энэ цаг үед өрийн таазыг нэмэхгүй байхад  анхаараарай. Хувийн хэвшлийнхэн мөнгө олоод ирсэн үед Засгийн газар баталгаа гаргаад өгдөг. Үүн дээр маш сайн ярьж байж шийднэ шүү. Тэгэхгүй бол осолтой зүйл шүү.  Тун амаргүй яамыг өөрөө толгойохоор болж байна.  Амжилт хүсье.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураахад гишүүдийн 93.1 хувийн саналаар Ж.Эрдэнэбатыг  Сангийн сайд болголоо.

Ингээд Сангийн сайд Ж.Эрдэнэбатын намтарыг хүргэе.

Ж.Эрдэнэбат 1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль, 1992-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль,  1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, 2002-2004 онд Удирдлагын академи, 2003-2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр.

 

Тэрбээр 1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХКомпанид нягтлан бодогч, 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч,

2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан.

 

Ж.Эрдэнбат  2012 оны Улсын Их Хурлын  зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан, 2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2010 онд Алтангадас одонгоор шагнагдсан. Англи хэлтэй.