УИХ-ын  нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилж байгаа. Үдээс өмнөх хуралдаанаар  С.Баярцогт ЗГХЭГ-ын даргаар, Д.Оюунхорол Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд, Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд болсон. Харин үдээс хойшх хуралдаанаар Ж.Эрдэнэбат Сангийн сайд, Д.Дорлигжав Хууль зүйн сайд, Д.Эрдэнбат Аж үйлдвэрийн сайд, Д.Цогтбаатар Барилга хот байгуулалтын сайд, Ц.Цолмон Батлан хамгаалахын сайд , Л.Гантөмөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд , Н.Төмөрхүү Зам тээврийн сайд боллоо, Р.Жигжид Уул уурхайн сайд, С.Чинзориг Хөдөлмөрийн сайд, С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд болсон.  Дөнгөж сая  Хүнс, хөдөө аж ахуйн сайдад Р.Бурмааг томилох эсэхийг хэлэлцлээ.

Томилолттой холбоотойгоор  УИХ-ын гишүүд асуулт асуусангүй харин санал хэлсэн байгаа. Л.Энх-Амгалан гишүүн Монгол мал хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэйг. Атрын3-р аянг үргэлжлүүлж хувиараа тариалалт эрхлэлж байгаа хүмүүсийг дэмжих хэрэгтэй  гэдгийг онцлов.  Ё.Отгонбаяр гишүүн бэлчээрт анхаарах ёстойг хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Р.Бурмаа гишүүнтэй холбоотойгоор би дэмжиж байгаагаа хэлмээр байна.  Эмэгтэй гишүүнээ бодлогоор дэмжиж байгаа.  Нэг талаас давхар дээл гэж шүүмжилж байгаа ч хэн нь хэн бэ гэдгийг таних нь сайдын суудал.  Тэгээд өнөөдөр  хэн бэ гэдгийг сайдын ажлаараа баалж байгаа хүмүүст харуулаарай  гэж хэлмээр байна.  Бурууд нүд хурц, хэлэх гэснээ хэлдэг шударга зангаа харуулсай гэж хүсэж байна.

УИХ-ын гишүүн А.Бакей: Р.Бурмаа гишүүнийг дэмжиж байна. Бүх сайд нарт хандаж хэлмээр байна.  Холыг харж, ухаалаг ажиллаасай гэж  хүсэж байна. ХХАА-н салбарыг гадарладаг хүний хувьд Р.Бурмаа  гишүүнд хандаж хэлэхэд хүнд, хэцүү салбар шүү. Салбарынхаа малчид, тариаланч, хүнсчид, ХАА-н салбарын мэргэжилтний үгийг, яамны мэргэжилтний үгийг  маш сайн сонсож ажиллах хэрэгтэй.  ХХАА-н салбарт ажиллаж байгаа хөрөнгө оруулалт, үр ашгийг тооцоолоорой гэж хэлье.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 2000 оноос хойш сэргэсэн яам.  Үндэсний аюулгүй байдлын салбарыг толгойлж ажиллана гэдэг амаргүй. Хамгийн хэцүү үед Монголыг аварсан, өлсгөөгүй салбар. Сүүлийн энэ салбарт бодлогын алдаа гарч байгаа.  Олон үхрийн бөөр шиг янз янзын салбарыг нэмж, мэргэшсэн боловсон хүчний бодлого алдагдсан.  Тиймээс онцгойлон захих зүйл бол салбарын мэргэшсэн хүний үг бол алт шүү. Мэргэжлийн хүнийг зөв удирдах юм бол сэргэх болно.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Р.Бурмаа гишүүнийг дэмжиж байгаа.  МАХН-АН-ын хамтын ажиллагааны гэрээг буруушааж байсанд маш их харамссан. Улс төрийн намууд  хамтрах хэрэгтэй байсныг бодох  хэрэгтэй байсан юм.  

 

УИХ-ын гишүүд үг хэлсний дараа санал хураасан. Улмаар олонхийн саналаар буюу 91.5 хувиар Р.Бурмааг ХХАА-н сайдад томиллоо.

Р.Бурмаагийн намтар

Р.Бурмаа1975 онд Нийслэлийн 10 жилийн 52-р сургууль, 1982 онд БНБАУ-ын Софи хотын Техникийн их сургууль, 1987 онд МУИС-ийн Англи хэлний сургууль, 1992 онд Удирдлагын хөгжлийн институтыг тус тус төгссөн. Электроникийн инженер, Удирдлагын арга зүйч мэргэжилтэй.

Тэрбээр 1982-1988 онд ШУА-ийн Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1988-1992 онд Монел фирмд зохион бүтээгч инженер, 1992 оноос Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд хөдөлгөөний тэргүүн, 1997-1998 онд Хүүхдийн төлөө төвийн дарга, 1997 оноос Сонгогчдын Боловсрол төвийн тэргүүн,  2000- 2006 онд Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн,  2005-2008 онд Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, 2008 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2008 оноос Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан.        2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон улмаар Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Удирдлагын ухааны магистр цолтой. Болгар, орос, англи хэлтэй.