Ерөнхийлөгчийн бөх
2014/12/12
Монгол улсын начин Жанцангийн Чулуун гэдэг сайхан бөхөд олон түмэн “Ерөнхийлөгчийн бөх” гэдэг нэгэн чимэг, алдар хайрласан юм.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн тангараг өргөх- ёслол нарийн дэг жаягтай, ёслол төгөлдөр сайхан болж билээ. Ёслолын үйл ажиллагааны үргэлжлэл нь анхны Ерөнхийлөгчид зориулсан үндэсний бөхийн барилдаан байв. Энэ талаар би “Тэнгэрийн цаг” номондоо бичсэн дурсамжаа энд ишлэн оруулъя.
“Энэ барилдаанд түрүүлчих алдар цуутай аварга, арслан, заан олон байсан боловч улсын начин Ж.Чулуун түрүүлж, олны анхаарал татаж дорхноо бөхийн хорхойтнууд түүнд Ерөнхийлөгчийн бөх гэдэг алдар хайрлажээ. Би монгол эр хүнийхээ хувьд бөхийг сонирхдог л нэгэн.
Чулуун начин эхний хоёр даваанд хэнтэй барилдаж давсныг би санахгүй байна. Гурвын даваанд улсын начин Болдбаатартай тунаж барилдаад давчихлаа. Болдбаатар начин тийм ч амархан учраа биш. хүчтэй, бяртай, удаан барилдах тусмаа хүч ордог, ядардаггүй начин байгаа юм. Тэр үед бүр иртэй, бяртай байсан цаг л даа.
Болдбаатар тэгэхэд Засгийн газрын ордны тогооч. Хэдэн жил түүний хоол ундыг идсэн учир бөх үзэх болгондоо харж, давчихаасай гэж бодож суулгүй яахав. Гэтэл танилыг маань Чулуун өвдөг шороодуулчихлаа. Мөнгөн арслан Чулууныг амалж аваад хэр баргийн юманд хөдөлдөггүй нь хаачив, бас л уначихлаа.
Бат-Эрдэнэ аваргаас бусдыг урдаа гаргаж үзээгүй Балжинням арслан түүнийг амлаад Чулуун ч нэг арсланг хаяж болсон юм, хоёр дахий нь хаяж бололгүй яахав гэсэн шиг давчихлаа.
Үзүүр түрүүнд Баянмөнх аваргатай үлдээд хаяж одтой гялалзсаар түрүүлсэн юм. Бөхийн барилдаанд арслан, аварга унахад л хаясан бөхийг бахдаж сэтгэл нь ханаж байдаг ер бусын юмыг барилдаанаас дандаа хүсдэг хорхойтнуудад нэг жил ярих сонин тэр барилдаан болсон билээ.
Жанцан овогтой Чулуун Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн юм билээ. 1969 оноос барилдаж эхэлсэн, цохиж барилддаг мэхтэй түүнийг нь хүмүүс өшиглөх мэх гэж ярьдаг юм байна.
1978 онд Сосорбарам арсланг давж улсын начин цол хүртсэн, гурван удаа начин цолоо баталсан бөх. Бөхийн тайлбарлагч Ганбаатар унахад нь ч, давахад нь ч Ерөнхийлөгчийн бөх тэглээ, ингэлээ гэж мэдээлж байдаг ийм нэг шинэ “цол”-той болсон хүн юм.
1993 онд Монгол Улс Ерөнхийлөгчөө анх удаа ард түмнээсээ сонгосны баярыг мөн бөхийн барилдаанаар мялаасан ба түүнд аварга Бат-Эрдэнэ түрүүлсээн. Ингээд би харж суух хоёр бөхтэй болсон хүн дээ.
Үүнээс хойш бөх үзэх болгондоо Ж.Чулууны барилдааныг онцгойлж хардаг байлаа. Бас А.Сүхбатыг харна. Ид гялалзаж гарч ирж байсан үе. Чулуун бид их дотно нөхөрсөг харилцаатай хоёр биенээ их хүндэтгэдэг сайн нөхөд байж билээ.
Би Чулууныг их тэнгэрт гэртээ урьж дайлж, бэлэг дурсгал өгч байж билээ. Бөх тайлбарлагч Ганбаатар, Чулуун хоёр надтай уулзаж, нэг унааны тухай ярьж ирсэн. Би тэрнийг дэмжиж, тусалж өгсөн санагдана. Өөр гийгүүлсэн юм байхгүй.
Чулуун үг цөөтэй, их даруухан хүн шүү дээ. Багаасаа барилдаж эхэлсэн болоод тэрүү бөхийн дэг жаягийг сайн мэддэг, баримталдаг давлаа гэж хөөрдөггүй, уналаа гэж гутардаггүй, гүндүүгүй сайхан эр хүн, жудаг сайтай бөх байлаа.
Цэргийн хүн, дасгалжуулагч, багш хүн болохоор бусдад үлгэр дуурайлтай байхыг эрхэмлэдэг байсан биз. Чулуун гэдэг бөхөөр би бахархаж явлаа. Даанч богинохон наслах шиг боллоо.
Өдийд барилдагтүй юм гэхэд бөхчүүдийнхээ дунд жуумапзаад явж байх хүн юмсан. Монгол бөхийн түүхэнд нэр нэрээ мөнхөлсөн сайхан бөх Жанцангийн Чулуун миний бөх'.
Монгол улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
Зочин · 2014/12/13
Mundag buh baisan. Zaanaar togtohgui tsol avch boloh baisan gej boddog. Gevch id uedee 3 udaa ***rlasan ymdaa. Haramsmaar.