Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал өнөөдөр 11.30-12.00 цагт Сонгуулийн ерөнхий хороонд очиж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа.Түүнийг  СЕХ-нд очиход  УИХ-ын дэд дарга, МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян тэргүүтэй намын төлөөлөл дагаж очсон юм. Мөн намын  гишүүд,  дэмжигчид, Монгол Улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаад баяр хүргэж, талархал илэрхийлэх хүсэлтэй олон хүн туг далбаа барин  Эрх чөлөөний талбайд ирсэн байв. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсаных нь дараа түүнээс  сэтгэгдлийг нь сонслоо.

-Сонгогчдын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах ямар ажлуудыг хийхээр  нэр  дэвшигчид  ямар  амлалт өгч байна вэ  гэдгийг харж  сонголтоо хийдэг. Та  мөрийн хөтөлбөртөө  ямар асуудлыг онцлон тусгасэн бэ?

-Миний мөрийн хөтөлбөр “Таван бодлого- таван зорилт” гэсэн нэртэй. Мөрийн хөтөлбөрөө яагаад “Таван бодлого-таван зорилт”  гэж нэрлэв гэвэл  Монгол Улсад сүүлийн үед нүүрлээд байгаа таван гол аюулыг олж харсан. Энэ бол үндэсний аюулгүй байдал,    үндэсний эв нэгдэл, үндэсний тусгаар тогтнол, монгол хүний аюулгүй байдал, шударга ёс аюулд орсон байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийвэл зохих, хэрэгжүүлж шийдвэл  зохих энэ асуудлуудыг тусгасан    “Таван бодлого-таван зорилт”  мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн байгаа. Нэгдүгээрт, монгол хүнээ төрийн бодлогын цөм нь болгоно.  Монгол хүнийг хамгийн  дээд эрхэм үнэтэй  эрдэнэ болгоно. Монголын баялаг алт биш, нүүрс биш, зэс биш, молбиден биш. Монгол хүн монгол төрийн өөрийнх нь  эрхэм дээд эрдэнэ нь юм, хамгийн эрхэм дээд нь юм.  Иймд монгол хүний аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарна. Хоёрдугаарт, эх хүн үрээ эрэгтэй, эмэгтэй гэж ялгадаггүйтэй адил ард түмэндээ ижил тэгш хандаж энэрэн хайрлаж, үндэснийхээ эв нэгдлийг бөхөлж аргамжихын  тулд үндэсний эв нэгдлийг анхаарна. Гуравдугаарт, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж, үндэсний аюулгүй байдлынхаа хоточ нь болж, эх орныхоо жинхэнэ  эзэн нь байх эрхэм үүргийг өөртөө хүлээж явахаа илэрхийлж энэ бодлогоо гаргасан. Дөрөвдүгээрт,  шударга ёсыг нийгэмд тогтоох, шударга ёсны тогтолцоог шинэчлэн байгуулах бодлого байгаа. Тавдугаарт, эдийн засгийн аргаар улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулах бодлого бий. Ийм таван үндсэн бодлоготой Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр  дэвшиж байна.

 

-Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан энэ мөчид та юу хэлэх бол?

-Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан энэ завшааныг ашиглан  надад итгэл хүлээлгэсэн МАХН-ын дарга Намбарын Энхбаяр, МАХН-ын Бага чуулганы гишүүд, намын гишүүд дэмжигчид, Монголын нийт ард түмэндээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Надад хүлээлгэсэн энэ итгэл, хариуцлагыг би нэр төртэй биелүүлж, хууль журмын дагуу шударга өрсөлдөнө.

-Та өрсөлдөгчдөө аваргууд хэмээн онцолсон. Та өөрөө ямар өрсөлдөгч вэ?  

 -Улс төрийн хувьд ч, хүнийхээ хувьд ч аварга болсон  хоёр эр хүнтэй би өрсөлдөж байна. Аваргыг давж аварга болно гэдэг. Би  өөрийгөө шударга өрсөлдөгч, сайн өрсөлдөгч байна гэдэгт  итгэлтэй байна.

Н.Удвал  нэр дэвшигчийн батлахаа гардаж авсаны дараа МАХН-ын гишүүд, дэмжигчдийн хамт Сүхбаатарын талбайд очиж, Төрийн ордны цогцолбор дахь Чингис хааны хөшөө, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.