М.Энхсайхан: Хүн бүр чадлаараа зүтгэхээс өөр замгүй гэж бодож энэ албыг нь авлаа
2014/12/21
Монгол Улсын сайд М.Энхсайхантай ярилцлаа.
-Та Монгол Улсын сайдаар томилогдлоо.Таныг Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарын том төслүүдийг хариуцан ажиллах юм байна гэж ойлгосон. Яг ямар төслүүд дээр вэ гэдэг жагсаалт нь гарсан болов уу?
-Юуны өмнө Монгол Улсын эдийн засаг маш хүндхэн байна гэдгээс яриагаа эхэлье. Шуудхан хэлэхэд бидэнд мөнгө алга гээд хэлчихвэл ойлгомжтой болох биз ээ. Мэдээж шалтгаан хайвал олон. Гадаад, дотоод олон шалтгаантай. Буруутан хайвал бүр буруутна. Хамгийн гол нь хүндхэн цагийн өмнө монголчууд ирсэн шүү гэдгийг хэлмээр байна. УИХ-д суудалтай намууд энэ байдлыг илүүтэй ойлгож байгаа тулд хоосон улстөржилтөө хойш тавьж хэр хэрэндээ Засгийн газарт хувь нэмэр оруулж нэгдэж ажиллахаар боллоо. Үүнийг том ололт гэмээр санагдаж байна. УИХ томоохон бүтээн байгуулалтын асуудал хариуцсан Монгол Улсын сайд хэмээх албан тушаалтан бий болгов. Чухам ямар төслүүд дээр ажиллах вэ гэдгийг Ерөнхий сайд зохицуулж байхаар хуульчилсан юм билээ. Мегатөсөл гэж хамгийн их ярьсан хүн нь би. Тэгээд ч Таван толгойн цахилгаан станцын төслийг удирдаж байсан учраас намайг энэ ажилд томилох санал тавьсан. Миний хувьд эхэндээ дурамжхан байсан. Гэсэн хэдий ч Монгол маань хүнд байдалд орчихлоо, хүн бүр чадлаараа зүтгэхээс өөр замгүй гэж бодож энэ албыг нь авлаа.
-Таныхаар өнөөдөр Монголд хичнээн мега төсөл байна вэ. Хүмүүс бол Оюу толгой, Таван толгой, төмөр замын төслүүдийг л мэдэхээс цаашгүй байна л даа...
Мегатөсөл гэж хөрөнгө оруулалтын үнийн дүн нь тэрбумаар хэмжигдэх, хэтэрхий улс төржилтийг дагуулдаг, дэд бүтэц сул хөгжсөн газар байгуулагдах хүндрэл бэрхшээл ихтэй, эрсдэл өндөртэй, олон оролцогчтой тэр хэмжээгээрээ зөрчил ихтэй төслүүдийг хэлдэг. Мегатөсөл бол бие даасан эдийн засгийн ухаан гэж хэлж болохоор юм. Хамгийн бага судлагдсан. Мега төслийн хандлага нь одоохондоо баялгийг бүтээгч байхаасаа илүүтэй баялгийг устгагч тал руу түлхүү байна. Тиймээс мегатөсөлд болгоомжтой, шинжлэх ухаанлаг, судалгаа тооцоотой хандах шаардлагатай. Мегатөсөл нь арга зүй, шийдлийн эрэмбэ шаардсан ажил юм. Шинэ төрлийн үзэгдэл учраас алдаа бага гаргах үүднээс шинэ алба бий болгосон гэж ойлгож байна.
Монголд хэр барагийн төсөл Мега болох байх. Оюу Толгой, Тавантолгой, Төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц төслүүд гарцаагүй Мега төсөл. Эдгээр төслүүд нь өөр хоорондоо уялдаатай, боловсруулалтын түвшин харилцан адилгүй, алдаа мадаг ихтэй харагдаж байгаа. Нэг нь нурахад бусад нь хагарч мэдэхээр эмзэгхэн байгаа. Мегатөслийн амжилтаас Монголын цаашдын ирээдүй хамаарч байгаа. Миний хувьд чадах бүхнээ хийнэ. Гэхдээ богинохон хугацаагаар ажиллах Засгийн газарт олон төсөл рүү анхаарал хандуулах бололцоо байхгүй гэж бодож байна.
-Одоо юу хийх вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Оюу толгой, Таван толгой, Төмөр зам гээд томоохон төслүүд дээр задлан шинжилгээ хийх үүрэг өгсөн. Энэ үүргийг биелүүлэхээс ажлаа эхлээд явж байна. Цаг хугацааны хувьд тулгамдаад байгаа Таван толгойн ордод хөрөнгө оруулагчийг тодруулах уралдаант шалгалтыг зохион байгуулах, шалгарсан хөрөнгө оруулагчтай гэрээ хэлэлцээ хийх ажлын хэсгийн даргаар Ерөнхий сайд намайг тавьсан. Үнэндээ ажил ундарч байна. Таван толгой нүүрсний ордод хөрөнгө оруулагч тодруулах төслийн хувьд тендер нь эрт зарлагдсан. Шалгаруулалт нь хугацаа хожимдох маягтай байгаа. Цаг алдах нь хөрөнгө оруулагчдын эрмэлзлэлийг мохоодог гэдгийг иш үндэс болгон алдаа оноогүй шуурхай ажиллах төлөвлөгөөтэй байна. Хөрөнгө оруулагчийг тодруулах нэг хэрэг, нөгөө асуудал нь тэдэнтэй гэрээ хэлцэл хийх том ажил байгаа.
-Таван толгойд хөрөнгө оруулах сонирхолтой оролцогчдын ирүүлсэн “Санхүүгийн санал”-ыг баасан гаригт задалжээ. Аль нь хамгийн боломжтой санал ирүүлсэн бэ. Энэ талаар бодитой мэдээлэл өгөх хүн та л байна...
Өмнөх Засгийн газар шийдвэрээ гаргаад олон улсын уралдаант шалгаруулалт зарласан юм билээ. Нийтдээ 6 компанид урилга хүргүүлснээс үндсэндээ хоёр компаниас санал ирүүлж, бусад нь талархлаа илэрхийлсэн захидал ирүүлжээ. Нэг нь Пибоди компани, нөгөөдөх нь Сумитомо-Энержи ресурс-Шэнхуа компаниудын консорциум. Нэг үе нүүрсний үнэ тэнгэрт байхад манай Таван толгойг сонирхогч олон улс байж. Бүгд л мөнгөө хийнэ гэдэг байсан. Одоо тийм улс бараг байхгүй болж дээ. Алдагдсан боломжийн хойноос харуусаад яахав, нөхцөл байдалдаа зохицоод шуурхай ажилласан дээр гэж бодож байгаа.
Санхүүгийн саналыг нь задалсан бөгөөд ажлын хэсгийнхэн тухайн саналыг судалж, Монголын эрх ашигт нийцэх саналыг хэн өгсөн байна вэ гэдгийг харьцуулна. Манай ажлын хэсэг шуурхай ажиллаж удахгүй хөрөнгө оруулагчийг зарлах болно. Хөрөнгө оруулагч тодорсноор бүх юм сайхан боллоо гэсэн үг биш. Тэдэнтэй амжилттай хэлэлцээ хийх үүрэг ажлын хэсэгт ногдож байгаа.
-Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци, Энержи Ресурс ХХК-ийн хамтарсан түншлэл болон Пибоди Энержи корпорацийн төлөөлөгчидтэй уулзсан байна. Ямар яриа өрнөсөн бэ. Эднээс алийг нь Таван толгойн хөрөнгө оруулагчаар сонгох юм бол?
-Ажлын хэсгийн даргын хувьд уралдаанд шалгаруулалтын өмнө компаниудын төлөөлөгч нартай тусгайлан уулзалт хийж, ирүүлсэн саналдаа хэрхэн тайлбар хийхийг нь сонссон. Мөн бид тодруулах зүйлээ асуусан. Тэдэнд мөн талархал илэрхийлсэн. Уралдаант шалгаруулалтын болзолд ороогүй ч Монгол улсын иргэдэд тараасан 1072 хувьцаанд шийдэл хамтран олох ёстой гэдэгт байр сууриа илэрхийлсэн. Мөн Монголын нүүрсний экспорт Хятад болон бусад том зах зээлд хүрэх ёстой талаар ярилцсан.
-Гэрээний нөхцөл, шаардлага ямар байх бол гэдгийг мэдээж хүмүүс сонирхож байгаа. Ашиггүй гэрээ болчих вий гэж санаа зовних хүмүүс бий. Мэдээж Таван толгойгоос Монголд орж ирэх ашгийг яаж тооцоолж байгаа вэ?
-Санаа зовж байгаад талархаж байна. Би ажлаа ил тодоор хийх болно. Угаасаа Мегатөсөл мэдээллийн ил тод байдлыг шаарддаг амьтан. Эс бөгөөс үхчихдэг юм.
-Та нарын тооцоолсноор Таван толгойн ажил яг хэзээ эхлэх вэ?
-Гэрээг богинохон хугацаанд амжилттай хийх хэрэгтэй. Тийм бололцоо байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтын эрсдлийг үндсэндээ хөрөнгө оруулагч тал үүрнэ. Гэхдээ Засгийн газар өөрийнхөө үүрэх ёстой хариуцлагыг мөн үүрэх ёстой. Хавар гэхэд ажил эхэлчихвэл Монголд маань хэрэгтэйсэн.
-Өнөөдөр гацаанд орчихсон Оюу толгой төслийг урагшлуулахын тулд эхний ээлжинд одоо ямар алхам хийх вэ. Зарим хүмүүс энэ төсөл гацаанаас гарахгүй гэдэг дүгнэлт ч хийчихсэн байна...
Оюу толгойн ил уурхай сайн ажиллаж байгаа. Харин далд уурхайн төсөл гацсан шалтгаан нь өөрөө онол, арга зүйн тайлбартай юм. Би энэ талаар төрийн тэргүүнд танилцуулгаа хүргүүлсэн. Ерөнхий сайд, УИХ-ын дарга энэ талаар мэдэж байгаа. Одоогоор хуучин инерциэ хадгалан талууд хэлэлцээний хуучин форматыг ашиглаж байна. Миний хувьд Рио Тинтотой хийж буй хэлэлцээнд шууд оролцсон юм алга. Илүү тодорхой мэдээг Эрдэнэс Оюу толгой компанийн захирал Да.Ганболдоос асуух хэрэгтэй.
-Оюу толгойг хүчтэй шүүмжлэгчдийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэг. Монголын эзэмших 34 хувийг нэмэгдүүлэх, аль эсвэл зарах тухай мөнхөд ярьцгаадаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?
-Оюу толгой төсөлд Монголын оролцоо 34 хувь байгааг бидний монголчуудын олсон том амжилт гэж бодож байна. 34 хувиа амжилт хэмээн бодож байгаа тул миний хувьд тэр хувиа зарах, худалдах бодолгүй гэдэг нь ойлгомжтой байхаа.
-Ер нь Стратегийн орд нэрийдлээр энэ том ордуудыг дарга нарын “хоол” болгодог. Аливаа зүйл төрийн мэдэлд очихоороо ажил нь гацдаг. Тиймээс хувьд байсан нь дээр гэдэг үзэлтэй хүн олон бий. Та ямар байр суурьтай байдаг вэ?
-Мегатөсөл өөрөө том гэдэг утгаараа том улс төржилтийн орчинд хийгддэг. Хардлага сэрдлэг дагуулах нь энүүхэнд. Тиймээс үр дүнтэй ажиллахын тулд мегатөсөл тойрсон мэдээлэл ил тод байх учиртай юм. Үүний төлөө ажиллана. Дээр нь том төсөлд иргэний хяналт заавал байх ёстой. Үүний төлөө ажиллана. Урьд өмнө гаргаж байсан энэ алдааг засч шинэ төслүүд дээр шинэ соёл бий болгох шаардлагатай гэж бодож байна.
-Тухайлбал, иргэний хяналтыг яаж бий болгох хэрэгтэй гэж та харж байгаа вэ?
-Нэгдүгээрт, том төслийн үндсэн мэдээллийг нээлттэй болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, тухайн мэдээллүүд нийтэд ил тавигддаг байх, гуравдугаарт, хэн ч энэ асуудлаар саналаа хэлдэг байх. Дөрөвдүгээрт саналуудыг нэгтгэж албан ёсны бүтцүүдээр хэлэлцүүлдэг байх. Тавдугаарт, шийдвэрлэсэн асуудлаа мэдээлдэг байх горимоор ажиллах хэрэгтэй байгаа юм.
-Ерөнхий сайд баасан гаригт чуулганы хуралдаан дээр огцом өөрчлөлт хийх тухай ярилаа. Түүний яриад байгаа огцом өөрчлөлт таны хариуцсан том төслүүдийн тухайд ямар байдлаар тусах бол. Нэгэнт эхэлсэн төслүүдийг урагшлуулах гарц нь яг юу вэ?
-Ерөнхий сайдын хөндсөн асуудал бол зарлагаа хэрхэн хямгадах вэ гэсэн асуудал юм. УИХ Ерөнхий сайдын тавьсан саналтай ерөнхийдөө санал нэгтэй байгаад баяртай байна. Нийгмээ эрүүлжүүлэх алхам үүгээр дуусахгүй бизээ. Дараачийн алхамууд юу байх вэ гэдэг тал дээр идэвхтэй яриа хэлэлцүүлэг болох байхаа.
-Хөрөнгө оруулалтыг сэргээх эсэх нь том төслүүдийг яаж хэрэгжүүлэх бодлогоос шалтгаалах байх. Хүлээлт үүсгэсэн төслүүдээ гацаагүйгээр хэрэгжүүлж чадна гэдэг эерэг дохиог дэлхийн зах зээлд өгч байж, хөрөнгө оруулалтыг сэргээх болов уу. Энэ чиглэлд ямар өөрчлөлт хийх вэ?
-Том төслүүдээ гацаанаас гаргах явдал Монголын хувьд дэлхийн зах зээлд өгөх хамгийн сайн эерэг мессэж юм. Оюу Толгой, Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Тавантолгойн цахилгаан станцын төслүүдийг ажиллуулбал манай ДНБ-ээс 10 дахин их хэмжээний хөрөнгө оруулалт Монголд орох болно.
-Популизмаас татгалзъя гэсэн нь Ерөнхий сайдын хэлсэн бас нэг санаа. Том төслүүдийг гацаадаг нэг шалтгаан нь улстөрчдийн популизм гэдэг нь маргашгүй байх. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөхийн тулд эсвэл зөв харьцааг нь зохицуулахын тулд ямар арга хэрэгтэй юм бол. Энэ чиглэлд юу хийхээр төлөвлөсөн юм бэ?
-Ардчилал байгаа л бол популизм байх нь гарцаагүй. Сонгогчдод таалагдах үгээс зугатаах тийм улс төрч байхгүй бизээ. Энэ утгаараа Монголын улс төрчид бүгдээрээ популистууд. “Популизм” гэдэг бороохойгоор бие биенээ балбаж байж болохгүй. Миний хувьд популизм гэдгийг антиинтеллектуализм буюу оюунлаг буё үзэл гэж ойлгодог. Аливаа асуудалд шинжлэх ухаанч биш сэтгэл хөөрлөөр ханддаг нь манай нийгмийн өвчин болчихоод байна. Шинжлэх ухаангүй хандлага доороосоо дээрээ тултал явж. Тиймээс монголын нийгэм популист нийгэм болсон. Шинжлэх ухаанч хандлагын салхи сэвэлзэх хэрэгтэй байна. Ялангуяа Мегатөсөл популизмын орчинд амархан үхнэ.
-Ерөнхий сайд бүсээ чангалах бодлого хэрэгжүүлнэ гэдгээ зарлачихлаа. Гэхдээ энэ нь таны хариуцах том төслүүдэд нөлөөлөх үү?
Бүсээ чангалах гэж арай хэлээгүй байхаа. Ер нь халигаж цалгидаг хэвшмэл болж байгаа соёлоосоо хаана хаанаа татгалзах хэрэгтэй. Энэ талаар Ерөнхий сайд сайн үг хэлсэн шүү. УИХ дэмжээсэй билээ. Том төслүүд бол амжилт олбол мөнгөтэй болгоно. Амжилт олохгүй бол мөнгийг устгана.
-Юм бүхэн бүтэхгүй, болохгүй байна гэдэг л зүйл сүүлийн үед сонсогдох боллоо, эерэг мэдээ байна уу. Монгол Улс том төслүүдээсээ энэ жил хичнээн хэмжээний орлого олно гэдэг ч юм уу тийм төсөөлөл байгаа юу?
-Том төслүүдийг зөв хөдөлгөвөл ойрын хугацаанд наад зах нь 500 тэрбум төгрөг төсөвтөө оруулж болохоор. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Хариуцлагатай байх хэрэгтэй. ОТ-оос 150 сая долларын урдчилгаа аваад идчихсэн. Эрдэнэс ТТ-оор дамжуулаад Хятадын Чалко компаниас мөнгө аваад идчихсэн. Идэхээс өөр мэдэхгүй зарцуулалтын төлөө Мегатөслүүдийг хөдөлгөх хэрэг байна уу гэж бодох цаг болсон.
-Төгсгөлд нь асуухад таныг яамгүй сайд гэдэг утгаар нь хүлээж авсан. Ажлын өрөө нь хаана, ямар ажлын албатай байх юм бол гэдгийг хүмүүс сонирхож байгаа байх. Тиймээс асуулгүй өнгөрч болохгүй нь?
-Яамдууд цааш нааш нүүж суугаад байгаа энэ үед асуудлаа хойш тавиад хуучин ажлын байрнаасаа шинэ ажлаа амжуулах гээд явж байна. Бүх юм тодорхой болохоор мэдээлнэ ээ.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
Зочин · 2014/12/22
Монголын эдийн засгийг ******** үйл ажил**********г зоригтой шийдэмгий эхлүүлсэн нөхөр дөө