О.Магнай: Шадар сайдтай хамтарч ажиллах боломжгүй
2014/12/22
ШӨХТГ-ын дарга О.Магнай ажлаа өгч байгаагаа өчигдөр албан ёсоор зарлалаа. Шийдлийн Засгийн газар байгуулагдаад удаагүй байхад гэнэт ажлаа өгөх болсон нь хоёр шалтгаантай гэнэ. О.Магнай хоёр жил гаруй хашсан ШӨХТГ-ын даргынхаа албан тушаалаас татгалзаж, зөөлөн сэнтийгээсээ сайн дураараа буух болсноо ингэж тайлбарлав.
Тэрбээр “Нэгдүгээрт шинээр байгуулагдсан Засгийн газар ямар ч сөрөх хүчингүй. Ардчиллын үнэт зүйлийн эсрэг үйлдэл хийж байгуулагдлаа. Бидний байгуулж байгаа нийгэм сөрөх хүчинтэй, сөрөх хүчин нь Засгаа хянадаг байх ёстой. Зарим нэг намд дэд сайдын албан тушаал амлаж оруулж ирж байгаа нь хуйвалдаан дээд цэгтээ тулж байгаагийн илрэл. Энэ нь миний итгэл үнэмшил зарчимтай яасан ч нийцэхгүй. Хоёрдугаарт, У.Хүрэлсүх гэдэг хүнтэй хамтарч ажиллах боломж надад байхгүй. Бид хоёрын ёс суртахуун зарчим, үнэт зүйл таарахгүй” гэв. Ийм тайлбар хийж, өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагийн цаана өөр асуудал байхвий гэсэн хардлагыг олон хүнд төрүүлж буй. Учир нь тавхан хоногийн өмнө О.Магнай “Бензиний үнэ нэгдүгээр сарын 1-нээс буурах ёстой. Үгүй бол миний чадал хүрээгүй ажлаа өгнө...” хэмээн твиттер хуу- дастаа жиргэж байсан. Үүний хариуд МАН- ын бүлгийн зөвлөх Б.Энхбаяр “Хандыг нь дарах Шадар сайдтай болсон болохоор хавчсан сүүлээ шатахууны үнээр халхалж энэ тэр” гэж бичихэд хариуд нь О.Магнай “Чиний шадар сайд нохойн баас” хэмээн жиргэсэн байна. Тэдний маргаанд У.Хүрэлсүх “О.Магнай нохойн баас яах вэ. Харин чи энэ баасаа цэвэрлээрэй” гээд баримт үзүүлжээ. Тухайн үед О.Магнайгийн жиргээг уншсан зарим хүн “Үнэхээр шударга зарчимтай” хэмээн сайн үнэлгээ өгч байсан бол зарим нэг нь “О.Магнай яагаад ингэж нохойтох болов” гэж битүүхэн сэрдэж байв. Ийн тав хоногийн хугацаанд олны дунд оньсого мэт байсан О.Магнайгийн хариулт өчигдөр тодорхой боллоо. Бинзений үнэ буурах хандлагатай байхад яарч, сандран товлосон хугацаанаасаа өмнө ийм шийдвэр гаргасан нь хэн бүхэнд хачирхалтай байгаа болов уу. Нэг талаараа өөрийнх нь хийсэн хууль бус үйлдэл олонд дэлгэгдэж, хүн бүхний амны бай болохоосоо өмнө сайн дураараа гараа өргөн бууж өгч байгаа дүр зураг. Учир нь О.Магнайг хоёр жил гаруй хугацаанд албан тушаал, эрх мэдлээ урвуулан шударга бус ажилласан гэдгийг нь нотолсон нэлээдгүй баримт Шадар сайд У.Хүрэлсүхийн гарт орсон аж. Тухайлбал, хууль шударга ёс, тэгш эрх ярьдаг О.Магнай ШӨХТГ-ын дарга болсныхоо дараа төрд ажилладаггүй найзуудаа төрд ажилладаг, дарга хийдэг гэсэн бичиг хийж өгч, ногоон паспорт гаргуулжээ. Ногоон паспортыг хуулийн дагуу төрд өндөр албан тушаал хашдаг хүмүүст олгодог. Гэтэл О.Магнай хууль зөрчсөн ийм үйлдэл хийсэн аж. Түүний хууль бус үйдлүүдийн нэг жишээ нь энэ гэнэ. Энэ мэтчилэн асуудлаасаа болж, ажлаасаа гарах нүхээ малтаж, давхар нүүдэл хийж байсан аж. Тиймээс хэвлэлийн хурлын үеэр дараах зүйлийг тодрууллаа.
-Та сайн дураараа албан ёсоор ажлаа өгч байна. Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ. Төрийн алба хаших уу?
-Ер нь манай нийгэмд дүр эсгэсэн ардчилал, дарангуйллаас аюултай гэж нэг хүн хэлээд явсан. Тэр нь одоо бодит утгаараа боллоо. Тиймээс би төрөө цэвэрлэнэ. Өнөөдөр төрд цэвэрлэгээ хэрэгтэй байна. Ингэж хуйвалдааны журмаар засаг байгуулж, УИХ-ын 76-тай нийлсэн ийм том бүлэг байгуулж байгаа нь ардчиллын ёсонд байх ёсгүй.
-Таныг эрх мэдлээ ашиглан хууль бусаар хүмүүсийг албан тушаалд томилсон гэх мэдээлэл баримттайгаа хэвлэлээр саяхан гарсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-З.Ундрам гэх эмэгтэйтэй холбоотой асуудал байсан. Яг тэр шалтгаанаар нэг жилийн өмнө би тэр эмэгтэйг ажлаас нь чөлөөлсөн. Хоёрдугаарт, хамт жагсч байсан Ч.Батбаатар гээд хүнийг ажилд авсан гэх мэдээлэл байсан. Манай хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ч.Батбаатар гэж байгаа. Хамт жагсч байсан хүнийг ажилд авахгүй гэсэн хууль байхгүй. Ч.Батбаатар ажлаа сайн хийж байгаа учир цаашид ажлаа үргэлжүүлэн хийх ёстой гэж үзэж байна. Гуравдугаарт, Бүрэнцогт гэдэг хүний тангараг өргөсөн он сар, миний тушаалын он сартай зөрж байгаа гэж байсан. Үүнийг өөрсдөөс нь тодруулахад, нэгэнт төрийн албаныхаа шалтгалтыг өгсөн гээд гурав хоногийн өмнө бичсэн юм билээ. Төрийн алба ёс зүйтэй зарчимтай байх ёстой. Тиймээс би өнөө өглөө /өчигдөр/ Бүрэнцогт гэдэг хүнийг ажлаас нь чөлөөлсөн.
-Иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах үед та болон танай байгууллагыг хэчнээн удаа шүүхэд дуудсан бэ?
-Одоогоор над дээр хоёр хэрэг үүсгэсэн байна. Нэг дэх нь аравдугаар сарын 10-нд хийсэн хэвлэлийн хурлаар би “Шүүх шударга биш байна” гэж мэдээлсэн. Үүнийг шүүхэд нөлөөллөө гээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Хоёр дахь нь би ажил авснаас зургаан сарын дараа долоон хүнийг “Ажил хийдэггүй” гэх үндэслэлээр халсан. Харин Дээд шүүхээс тэдгээр хүнийг “эргүүлэн ажилд ав” гэсэн шийдвэр гарсан. Үүнээс болж шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна гээд бас нэг хэрэг үүссэн. Байгууллагын хувьд иргэдийн өмнөөс шүүхдэлцэж байна. Хэрэглэгчид шүүхээр явахад тэмдэгтийн хураамж, өмгөөлөгч авах гээд хэцүү зүйл олон байдаг. Тиймээс иргэд манайд өргөдлөө өгөөд тэдний өмнөөс гурван шатны шүүхээр манай байгууллага явдаг зарчимтай. Үүнтэй холбоотой олон шүүх хурал бий.
-ШӨХТГ-ын даргын үүргийг гүйцэтгэх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаасаа дурдвал?
-Би хоёр жил дөрвөн сар энэ байгууллагад ажилласан. Энэ хугацаанд нийт 6000 мянга гаруй иргэний хүсэлт, өргөдөл гомдлыг бүрэн шийдсэн. Өөрөөр хэлбэл, ажлын нэг өдөрт 10 өргөдөл гомдол шийдсэн гэсэн үг. Нийт 1100 удаа хяналт шалгалт хийсэн байна. Мөн 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгуулсан. 2012-2014 онд архи согтууруулах ундааны хууль бус сурталчилгааг бүрэн зогсоосон, сууц өмчлөгчдийн холбооноос татвар авдаг дээд зөвлөлийг татан буулгах асуудлыг шүүхэд тавьсан. СӨХ-үүдээс авдаг байсан торгуулиудыг зогсоосон. Орон сууцны ам.метрын зөрүүг арилгаж, нэг тэрбум орчим төгрөг буцааж иргэдэд олгуулсан. Нефть импортлогч компаниуд иргэдийг хохироохгүй байх тал дээр арга хэмжээ авч ажилласан. Ярианы төлбөрийг секундээр тооцдог болсон. Худалдааны төвүүд, үзвэр үйлчилгээний газруудын бие засах газруудыг үнэ төлбөргүй болгосон. Мөн улсын хэмжээнд ажилладаг бүх лефтийг жилд нэг удаа шалгаж байхаар болсон. Лангуу, кассны үнийн зөрүүг багасгасан. Намайг анх ажил авах үед 100 бараанаас 50 нь зөрдөг байсан бол одоо 100 бараанаас долоо нь зөрдөг болсон. Нарантуул, хархорин зэрэг томоохон захуудад ороход төлбөргүй болгосон. Монголд анх удаа кино театрууд болон номнуудын шилдгүүдийг зарладаг болсон. Энэ нь эргээд татвар төлөлт, үзэгчдэд сонголт хийхэд нөлөөлөх зөв зүйл болсон.
-Эхлүүлсэн боловч, хийж дуусгаагүй ажил байна уу?
-Циркийн хувьчлалтай холбоотой асуудлыг шүүхэд өгсөн. Гэвч харамсалтай нь, том дарга нарын нөлөөгөөр энэ ажил удаашралтай байна. Миний дараагийн хүн энэ ажлыг дуусгах ёстой. Мөн арилжааны банкууд зээлийн шимтгэл нэрээр хууль бусаар нэг хувийн шимтгэл авдаг байсан асуудлыг хууль бус гэж үзсэн. Энэ асуудал шүүхийн шатанд байна. Үүнийг заавал нэг тийш нь шийдэх ёстой. Мэдээж ШӨХТГ Монгол хүн бүрийн хамгийн сайн мэддэг газар болсон. Одоо иргэд О.Магнайд, ШӨХТГ-т хандъя гэдэг болжээ.