Манайхан “чинээ” гэсэн үгийг бараг хэрэглэхээ байж. “Хүний биеийн хүч чадал хийгээд оюун ухаан, мэдлэгийн цар хэмжээ” юм. “Чинээндээ тулна” гэвэл илүү ойлгоно байх.

Одоо тэр нь дуусч байна. Уг нь манайд 2-4 асуудлаар хэрэлддэг, чингэхдээ нэг нь “том”, бусад нь “дагалдах” шинжтэй байдаг байв. Бусад улсад ч голдуу тийм байдаг. Одоо 7-8 том асуудал зэрэг тавигдаж, энэ бүгдээрээ том болов. Энэ юу гэсэн үг вэ ?!


1. Оюу Толгой. Олон жил болсон болсон энэ хэрүүл нэг намжмал болсноо дахин сэргэв. Дашрамд дурдахад би энэ талаар сайн муу ямар ч үг унагаагүйгээ онцлон дурдаж байна. Надад синергетик буюу бусад асуудалтай холбоотой мэдээлэл хэрэгтэй байсан юм. Энэ бол их олон том юм өөрчлөгдсөний баттай шинж.


2. Таван Толгой. Оросуудын социализмын үед нээсэн энэ ордыг зарах гэж олон удаа тендер зарласан. 2010 онд 2 хэсэг хуваасан. Ямар үхснээ хийж нэг бүтэн юмыг хоёр хуваасныг бодсон хүн манайд л лав цөөхөн.


Зүүн Цанхи хэсгийг Erdenes Tavan Tolgoi компанид өгсөн. 2011 оны 7 дугаар сард Хятадын Chalco-оос 350 долларын зээл авч үүний 250 саяыг коксждог нүүрсээр төлнө гэж үүрэг авсан. Энийгээ бид аль хэдийн аваад идчихсэн. Erdenes Tavan Tolgoi компанийн нүүрсний хэмжээ нууц байдаг. Гэхдээ экспертүүдийн үзэж байгаагаар Хятадад нүүрс нийлүүлдэг монголын бусад компаниудаас 20 доллараар доогуур нүүрсээ өгдөг.

 

Манай компаниуд олон улсын үнээс доогуур Хятадад нүүрс нийлүүлдгийг харгалзвал энэ нь төсөөлөхөд ч бэрх юм. Нөгөө талын Баруун Цанхид олон улсын тендер зарлаж түүнд Оросын төмөр зам, Peabody, Shenhua-ийн консерциум ялсан. Хятадууд 40%, орос, америк тус бүр 30 %-ийг эзэмшихээр болсон. Бүгдээрээ ууртай байгаа.

 


Өнөөдөр Erdenes Tavan Tolgoi зээлийнхээ хагасыг төлсөн, гэхдээ Засгийн Газар гэрээний нөхцлийг дахин авч үзэхийг эрмэлзэж, үлдсэн 180 сая долларыг бэлнээр төлөх гэж байна. Үүнийг хариуг хятадууд гадаадаас өгчээ. Энэ талаарх Reuters-ын асуултад Chalco-гийн төлөөлөгч Юань Ли: “Манайд гэрээ контракт бий, хэлэлцээр хийх шаардлага байхгүй” гэж мэдэгдсэн байна.


Ингээд манайхан гацчихсан байна. Уг нь бол Erdenes Tavan Tolgoi IPO-гоо гаргахад л 3 миллиард доллар босгож чадах тооцоо байгаа юм. Ингээд мөнөөх сүрхий IPO тодорхойгүй хугацаагаар хойшилж байна.


3. Төмөр зам. Манайхан нэг их өргөн нарийн цариг ярьсан хүмүүс. Ер нь бол юмыг мэдэж байж ярьж бай гэдгийг манай монголчууд огт ойлгодоггүй үнэнхүү маанаг хүмүүс. Товч агуулга хэлбэл орос бол төмөр зам тавьж түүгээрээ ашиг олох гэсэн хүмүүс. Тэдэнд манай нүүрс ямар ч хэрэг байхгүй. Хятад бол ердөө л нүүрс хямд авах гэж байгаа хүмүүс. Үнээ тулгана гэсэн үг.

Тэдэнд төмөр зам ямар ч хэрэг байхгүй. Хэрэгтэй бол маш богинохон нь хэрэгтэй. Япон, Солонгост бол нүүрс, кокс л хэрэгтэй. Тэд төмөр замын мөнгө өгмөөр байвч хоёр хөршөөс хамааралтай учраас чадахгүй. Яалаа гэж түгжигдсэн газар мөнгөө нэмж “түгжих” ёстой юм. Харин Японы худалдааны танхим Mitsui & Co болон Солонгосын Resources Corp зэрэг томчууд Хятадтай, нарийн яривал Чалкотой аль хэдийн 2011 онд гэрээ хийгээд манай зүүн Цанхийн буюу Erdenes Tavan Tolgoi-н нүүрсний 30 хувийг авч байгаа.


Одоо манайхан нөхцлөө ч тавьж чадахгүй болтлоо хэрүүл тэмцэлдээ идэгдсэн байна. Манайхан ч юу байхав, энэ хэдэн олигархи бүлэглэл. Ямар ч гэсэн гурав дахь хөршийг шууд оруулж ирнэ гэсэн тэдний бодлого бүтэлгүй болов. Гэтэл манайх шиг угаасаа түгжигдсэн оронд төмөр зам амин чухал хэрэгтэй байна.


4. Бусад нүүрс. Манай өмнөд хэсгээр дүүрэн нүүрс байгаа. Олон улсын томчууд нэг их сонирхдоггүй юм. Хэт замбараагүй судлагдсан хийгээд ашиглалт сулаас асар олон компаниуд зэрэг зэрэг давхиад орчихсон юм. Голдуу австралийн компаниуд байдаг юм. Тэр аваргууд дурын газраа ухаж хятадын хүнд даацын машинд ачиж аваад Монголын Говийг сүйтгэж Өвөр Монголд аваачаад тэнд хятадуудын хэлсэн үнээр зардаг юм. Энэ нь зах зээлийн үнийн 30 хувь болдог. Манай зах зээл гэж ямар хөгийн юм болохыг одоо хэн ч гэсэн төсөөлнө гэж найдаж байна. Монголын зах зээлийн эдийн засаг, төр засаг мандтугай. Дараагийн асуудлууд:


5. МИАТ-ын болон авилгын асуудлууд

6. МАН болон түүний Их Хурлын асуудал.

7. АН болон түүний Засгийн Газрын асуудал

8. Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудал


За ингээд 8 асуудал болж байгаа биз. Эхний 4 асуудлыг шийдэхийн тулд 5 дахь асуудлыг босгож ирдэг юм. Энэ бол МИАТ. Бага асуудал биш л дээ. Гэхдээ эхний дөрөвдөө яагаад ч хүрэхгүй. Тэгээд шударга үнэний туйлыг олохын хүслэн болсон монголчууд “үнэн зөвийг” нь олох гэж цэцэрхэж маргалдаж шуугилдаж байх хооронд чинь эхний дөрвийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт шийдэж л таарна…


Алив юмыг бүхлээр харах шинжлэх ухааны зарчим гэж байдаг. Үүнийг анхандаа холизм гэж байснаа эдүгээ системийн ерөнхий онол, синергетик гэх болсон. Үүсээд лав 3000 жил болж байна. Монголчуудад уг нь байсан юм. “Төв үзэл” гэдэг юм. Одоо оргүй алга болж. Ганц ганцаар нь хардаг болж. Одоо идэр Дори нар юмыг бүтнээр нь харж сэтгэж сурах хэрэгтэй л дээ…

 


Яагаад гэвэл Оюу Толгойг нэг тусад нь, Таван Толгойг нэг тусад нь, төмөр замыг нэг тусад нь ярихаар төр бол төр биш болдог юм. Монголын баялгийг, эдийн засгийг, түүний ирээдүйг бүтнээр нь ярьдаг юмыг төр гэдэг, бас бүтнээр нь хардаг хүнийг сэхээтэн гэдэг юм. Олигархуудийн чинээ дуусч төр нь ялзарч гүйцээд одоо задрах гэж байна…


Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог 
ganaa.mn - ээс уншина уу?