Өргөтгөлийн барилгаас болж дөрвөн сарын турш хэл ам тасраагүй Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг уржигдар зочлов.
Түүнийг тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга Т.Нарантуяа угтан авч, үйл ажиллагаагаа танилцуулсан. Ерөнхий сайд эмнэлгийн хүний нөөц, хүчин чадлын талаар ихэд сонирхож байсан. Тэрбээр “Та нар чинь эмнэлэг үү, оффис уу гээд бөөн хэл ам үүсгээд байсан. Ойлголцсон уу” хэмээн тус эмнэлгийн эмч нараас асуув. Харин эмнэлгийнхэн өөрсдийн байр сууриа Ерөнхий сайдад нэлээд удаан тайлбарлаж харагдсан. Ингээд маргааны бай болоод буй өргөтгөлийн шинэ байртай ажлын хэсгийнхэн танилцлаа. Эмнэлгийнхэн хамгийн түрүүнд томографикийн хоёр аппаратаа Н.Алтанхуягт сонирхуулав. Уг аппаратаар гадаадад хийдэг оношлогоо эмчилгээг цаг алдахгүй хийх боломжтойг эмч нар онцолж байсан. Түүнээс гадна уг төхөөрөмжийг тогноос хоёр цаг салгавал шингэн гель нь уурших аюултайг сануулахын зэрэгцээ уг аппаратны цахилгааны төлбөр өндөр өртөгтэй байгааг нуусангүй. Огт ашиглаагүй мөртлөө гурван сарын цахилгааны төлбөрт 3.2 сая төгрөг зарцуулж буйг хэтэрхий үрэлгэн байна хэмээн албаныхан зэмлэв.
Хачирхалтай нь Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хамт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар тус эмнэлэгт зочлох байсан ч хүрэлцэн ирсэнгүй. Маргаантай асуудлаар санал зөрөлдөхөөс эмээв үү, хариуцлагаас зугтаав уу гэдэг нь ойлгомжгүй үлдсэн. Ерөнхий сайдын эрүүл мэндийн салбарт хийж буй айлчлал Цэргийн госпитальд зочилсноор үргэлжлэв. Харин тус эмнэлгээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр сайдаа “олов”. Н.Удвал сайд түүнийг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт ажиллахыг нь мэдсэнгүй хэмээн очоогүйгээ цайруулсан юм. Цэргийн госпиталь 468 ажилтантай юм байна. Шинээр өргөтгөлийн гурван байр барьж буй агаад хоёрынх нь барилгын ажил дуусчээ. Хэдийгээр барилгын ажил урагштай байгаа ч улсын төсвөөс эмнэлгийн тоног төхөөрөмжид зориулж 55 тэрбум төгрөг авах шаардлагатай байгааг тус эмнэлгийн удирдлагууд учирлаж харагдана лээ. Уг эмнэлэгт хордлого, хутга мэс, галт зэвсгийн шарх сорвийг анагаадаг аж. Түүнээс гадна энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй алба хаагчдын шинжилгээг хийдэг учраас ачаалал ихтэй байдгийг эмч нар тайлбарласан. Энэ үеэр улсын төсвөөс нэхээд буй 55 тэрбум төгрөгөөрөө чухам ямар эмнэлэг байгуулах гээд байгааг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ихэд сонирхож тус эмнэлгийн удирдлагуудыг Азийн орны цэргийн эмнэлгийг нүдээрээ харж, туршлага солилцох хэрэгтэйг зөвлөсөн. Тэрбээр цааш нь “Эмнэлгийн удирдлагуудын ярьж байгааг сонсохоор цэргийн биш дүүргийн эмнэлэг байгуулах гэж байгаа юм шиг санагдаад байна. Цэргийн эмнэлэг гэж нэрлэж байгаагийн учир юу билээ.
Ямар ч хүнд нөхцөлд мэс засал хийж болох ортой. Орчин үеийн оношлогоо эмчилгээний төхөөрөмжтөй байх хэрэгтэй” гэлээ. Үүний хариуд эмнэлгийн удирдлагууд Японы цэргийн эмнэлэгтэй хамтарч ажиллаж байгаагаа дуулгаад эмнэлгийн хүчин чадал хоёроос гурав дахин нэмэгдэнэ хэмээв. Ерөнхий сайд тэдний яриаг тасалж “Цэргийн хүн хурдан шуурхай байх ёстой. Ямар удаан ярьдаг юм. Товч бөгөөд тодорхой ярь. Энэ эмнэлгийг цэргийнх гэдгийг нь ойлгох хэрэгтэй. Ямар ч нөхцөлд эрдэнэт хүний амь насыг аварч чадахуйц чадварлаг ажилтан, тоног төхөөрөмжтэй байх ёстой. Үүнийг ойлгож байна уу” хэмээн зэмлэв. Энэ үеэр албаныхан хээрийн эмнэлгийг чанаржуулах хэрэгтэйг ч дурдаж байсан. Цэргийн госпиталь болон ТТАХНЭ-ийг Зэвсэгт хүчний жанжин штабын харьяанд нэгтгэж байгаа юм байна. Харин ТТАХНЭ-ийн хэл ам дагуулаад буй өргөтгөлийн байрыг Хууль сахиулах байгууллагын төв болгоно гэдгээ Х.Тэмүүжин хэлсэн.
Хэрэв хоёр эмнэлэг нийлбэл 700 гаруй эмч, сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулах юм байна. Ийн хоёр эмнэлгийг нийлүүлэх болсноо Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар тус тусдаа тусгаар тогтносон, төсвийн мөнгийг тал тал тийшээ нь урсгадаг адилхан чиг үүрэгтэй хоёр эмнэлэг байснаас нэгтгэсэн нь дээр хэмээн тайлбарлаж, иргэдэд тэгж ойлгуулахыг хичээж байлаа.
 
Ц.Оюунтунгалаг