Таван толгойн зургаан тэрбум тонн нүүрсний нөөцийн 1.4 тэрбум нь дэлхийн зах зээл дээр өндөр үнээр борлуулагдах коксжих нүүрс. Коксжих нүүрсний нөөцөөрөө Таван толгойтой өрсөлдөхөөр, үйл ажиллагаа нь нэгэнт эхэлчихсэн ордууд дэлхийн хэмжээнд гэж яривал олон л доо.

Тэднээс Таван толгойн өрсөлдөгчид гэсэн цонхоор харвал бидний нүүрсээ зардаг урд хөршид нүүрс нийлүүлдэг гурван том орд бий. Нэг нь Оросын Эльга. Нөгөө нь Индонезийн Марувай. Гурав дахь нь Мозамбикийн Маотизе. 

Бүгд л дэлхийн хэмжээний аваргууд. Бүгдээрээ манайх шиг Хятад, Япон, Солонгос гэсэн зах зээл дээр тоглолт хийх өндөр сонирхолтой. Манайхаас ялгаатай нь гол тоглогчид болчихсон явж байгаа. Ингээд Таван толгойг өрсөлдөгчидтэй нь жишье.

 
Эхлээд онцлох зүйл бол нөөц. Мозамбикийн Моатизе орд 690 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй бол Эльга ордын коксжих нүүрсний нөөц 2.2 тэрбум тонн. Индонезийн Марувай чамлахааргүй хэмжээний коксжих нүүрсний нөөцтэй. Таван толгойн нөөц өмнө дурдсанчлан 1.4 тэрбум тонн. Тэгэхээр манайх нөөцөөрөө өрсөлдөгчдөөсөө дутах юмгүй гэсэн дүгнэлтийг хийчихэж болно. Үйл ажиллагаагаа эхэлсэн хугацаа нь Таван толгойг ашиглаж эхэлсэн хугацаанаас тийм ч хол биш.   Нэг  гараанаас эхэлсэн гэсэн үг. Гэсэн хэр нь Таван толгойгоос бусад нь төмөр замаа барьчихсан. Моатизе гэхэд л 600 км төмөр замтай. Элгагийн ордод 321 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөсөн. Байгаль Амурын төмөр замд холбочихсон. Марувай ордын хувьд 130 км төмөр зам бий. Цагт 7800 тонн нүүрс ачих боломжтой. Жилд 36 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Харин Тавантолгойн хувьд нэг ч км төмөр зам бариагүй. Нүүрс гэдэг их хэмжээгээр зөөж борлуулж байж ашгаа өгдөг онцлогтой эд. Их хэмжээгээр тээвэрлэхийн тулд төмөр замтай байхаас аргагүй. Өрсөлдөгчдөөсөө ялгарах том сул тал маань энэ. Өөр нэг сул тал гэвэл газар зүйн байрлал. Бид далайд гарцгүй. Харин тэд гарцтай. Маотизед гэхэд л Бейра усан боомт байна. Эльга бүр далайд гарах гурван ч гарцтай. Эхнийх нь Посьет. Владивосток, Якутуголь, Эльга гэсэн маршрутаар дэлхийтэй холбогдоно. Темрюк байна. Краснодарийн хязгаар, Азовын тэнгис, Турк болон Зүүн өмнөд Европ гээд явчихна. Камбарка боомтын тухайд Кама гол Балтын болон Каспийн тэнгистэй шууд холбогдоно. Марувай орд далайн эргээс 130 км орчим зайтай. Холбогдох далайн боомт нь Trans Kutai Bahari. Одоо коксжих нүүрсээрээ манайтай өрсөлдөгч ордуудын хөрөнгө оруулагчдыг сонирхъё. Моатизе нүүрсний уурхайн хөрөнгө оруулагч нь Бразилийн "Vale", Японы "Mitsui". "Vaie" энэ ордод дангаараа 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. "Mitsui''-д энэ ордын уурхайд 450 сая, төмөр замд нь 313 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдээ бий. Эзэмшигч бөгөөд оператор нь "Вале". Уурхай, уурхай дагасан дэд бүтэц бүгд нэг хөрөнгө оруулагчтай гэсэн үг. Хөрөнгө оруулагч нь борлуулалтаа ч хариуцдаг.
 
Эльга ордын хөрөнгө оруулагч нь "Mechel". ОХУ-ын    нүүрсний салбарын тэргүүлэгчдийн нэг. Оростоо бол гуравт орох нүүрс олборлогч. Хойд хөршийн коксжих нүүрсний нийт нөөцийн 25 хувийг эзэмшдэг гэсэн статистик бий. Дэлхийд гэж яривал таван том үйлдвэрлэгчдийн нэгд зүй ёсоор багтдаг. Оросын нүүрс угаах үйлдвэрлэлийн дөрөвний нэгийг эзэмшдэг гэх мэдээлэл бий. Худалдааны сүлжээгээрээ дэлхийн хэмжээнд яригддаг компани. 17 оронд 100 гаруй салбар нэгжтэй гэсэн том тоо сонсогддог. Олборлолт, уурхай дагасан дэд бүтэц, худалдаа, борлуулалт гээд бүгдийг хариуцдаг. Нэмж дуулгахад 2010 оноос Нью-Иоркийн Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан.
 
Марувай ордын хөрөнгө оруулагч МЕС-ийн хувьд ч өмнөх хоёр шигээ уурхай, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа хийж, борлуулалтаа хариуцдаг.
 
Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчид, засаг хоёр хэлэлцээрийн ширээний ард суусан энэ үед өрсөлдөгчид нь яаж амжилтанд хүрсэн бэ гэдэг орхиж болохгүй асуулт. Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн голлох тоглогчдод багтдаг дээрх гурван орд дээр төстэй нэг зүйл ажиглагдаж байна. Эльга, Марувай, Маотизе ордуудын хөрөнгө оруулагчид дэд бүтцээ барьж, нүүрсээ олборлож, борлуулж байна. Харин Таван толгойн хувьд тэс хөндлөн зурагажиглагдаж байгаа. Эзэмшигч нь төр. Олборлогч нь Австралийн "Макмахон" болон үндэсний олборлогч компаниуд. Дэд бүтцийн бүтээн байгуулалтан дээр нь ч өөр компаниуд байх ёстой юм шиг хандлага хэдийнэ тогтчихсон. Олборлолт, тээвэрлэлт, борлуулалтыг нэг хүн хийвэл монополь байдал тогтчихно гэсэн хандлага хүчтэй анзаарагддаг. Таван толгой урагшлахгүй байгаагийн том шалтгаан эндээс үүдэлтэи байхыг үгүйсгэх аргагүй.
 
Үйл ажиллагаа тусдаа байхын сул тал Таван толгой дээр анзаарагдаад эхэлчихсэн. Энэ ордын эзэмшигч төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой" компани Австралийн олборлогч компанитай хэл амаа ололцолгүй өчнөөн cap өнгөрлөө. Нүүрсний үнэ унасан хэцүү үед дэндүү өндөр зардлаар олборлож байна гэж шүүмжлээд хэлэлцээр эхлүүлчихсэн явж буй. Үр дүнд нь олборлогч компани ажлаа зогсоосон. Нөгөө талаас нь харъя. Таван толгойн хөрөнгө оруулалтыг хийсэн компани олборлолтоо хариуцаж байсан бол өнөөдрийнхөөс огт өөр дүр зураг өрнөнө л дөө. Хөрөнгө оруулаптаа хийж дэд бүтцээ барьчихсан компани йн хувьд олборлолтоо аль болох хямд өртгөөр хийж байж л ахиу ашиг олно гэдгээ хэнээр ч хэлүүлэхгүй мэдэрнэ. Зардлаа бууруулах менежмэнтийг цаг алдалгүй хийгээд о л б о р л о л т о о үргэлжлүүлнэ. Мөнгөө зарцуулж босгосон ажлаа нураах хүсэл хэнд ч төрөхгүй.
 
Таван толгойн гадны олборлогч компани өнөөдөр "Гэрээнд заасан мөнгөө л авна. Нүүрсний үнэ унаж, та нарын дампуурах бидэнд огт сонин биш" гэсэн хөндий хандлага гаргаж байгаа. Таван толгой дээр олборлолт хийгээд эхэлчихсэн үндэсний компаниуд өөрсдөөс нь хэд дахин бага үнээр олборлолт явуулж болоод байхад арай ч дээ ингэж хэлэхдээ яахав дээ гэж буруутгах амархан. Ер нь бол тийм. Гэхдээ нэгэнт байгуулсан гэрээгээрээ хөлсөө авна гэж зүтгэж байгаа компанийг буруутгахад бас хэцүү. Учир нь тэд энэ ордын хөрөнгө оруулалтыг хийгээгүй. Эхнээс нь дуустал бүх ачааг нь үүрэх албатай улс биш. Зүгээр л нэг "хөлсний ажилчин". Анх тохирсноороо хөлсөө авна гэж байгаа компанийг буруутгах шалтгаан бидэнд байхгүй. Хатуу үнэн гэвэл энэ.
 
Тэгэхээр өрсөлдөгчдөөсөө хоцрохгүй байх Таван толгойн тактикийг яаж боловсруулах вэ. Уг нь тэгтлээ толгойгоо гашилгаад суух асуулт биш л дээ. Өрсөлдөгчдөө яаж ажиллаж байгааг анзаарчихад л болох асуудал. Тэгвэл тэд, тодруулж хэлбэл Эльга, Марувай, Маотизе төслүүд коксжих нүүрсний зах зээлд өрсөлдөхийн тулд уурхайн төмөр зам, боомт, бусад дэд бүтцийг цогц төсөл хэлбэрээр шийдсэн байна. Үүнийг ч олон улсын хөрөнгө оруулагчид шаарддаг. Олборлолт, тээвэрлэлт, борлуулалт нэг цул байх нь тонн тутамд зарцуулах өртгийг хамгийн бага байлгаж, богино хугацаанд энэ ордыг босгох зөв тактик. Товчхондоо Таван толгой дээр ийм тактик баривал бид тэдний өрсөлдөгч байж чадна. Засгийн газрын 268 дугаар тогтоолд ч цогцоор нь хөгжүүлнэ гэсэн агуулгатай заалт бий. Дэлхийн хэмжээнд харвал нүүрсний нөөцөөрөө бид голлох тоглогч биш. Гэхдээ коксжих нүүрсний их нөөцтэй Таван толгойн орддоо зөв бодлого барьж чадвал нүүрсээ үнэ хүргэж, Австрали, Орос, Индонези шиг тоглогч байх бүрэн боломж бидэнд бий.
 
Ц.БААСАНСҮРЭН