Хакерууд баасан гарагт Америкийн “New York Post” болон мэдээллийн “United press International” /UPI/ агентлагийн “Твиттер” хуудсанд нэвтэрч, хэд хэдэн худал мэдээлэл нийтэлжээ.

“New York Post” сонины хуудсанд Хятадын хөлөг онгоц эсэргүүцэх пуужин Америкийн нисэх онгоц тээгч “USS George Washington” хөлөг онгоцонд туссан гэж мэдээлсэн байна. Хоёр дахь “мэдээ” нь АНУ-ын Холбооны нөөцийн системийн яаралтай хурлын талаар байв. Хурлын дүнд Америкийн Төв банк бодлогын хүүгээ бууруулахаар төлөвлөсөн шийдвэр гаргасан гэх мэдээ байжээ. Хэдэн минутын дараа мэдээллүүдийг устгасан байна.

UPI агентлагийн хуудсанд хакерууд “New York Post” сонинд байрлуулсантай адил мэдээллүүд, мөн Дэлхийн гуравдугаар дайн эхэлсэн тухай Ромын пап Францискогийн “мэдэгдлийг” байрлуулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нар кибер орон зайн аюулгүй байдлын асуудал эрхлэх хамтарсан бүлэг байгуулахаар шийдсэнээ мэдэгдсэний дараахан кибер халдлага болсон байна.

Д.Жаргал