Ойрын үед телевиз радио үзэхэд ихээхэн сонирхол татах болж.  Сонгуулийн сурталчилгаа ч нэлээд жигдэрчихсэн байна. Сонсоод, анзаараад байх нь энэ жилийн ерөнхийлөгчийн сонгууль нэлээд давчуухан хугацаанд, хялбархан аргаар явагдах шинжтэй шүү.

УИХ-аас сурталчилгаа, танин мэдэхүй, мэдээллийн бүхий л баримт нотолгоотой, эргэлзээтэй мэдээллийн хэрэгслийг ашиглах тухай заалтыг баталсан байна. Энэ нь хар ухаандаа бодвол нэр дэвшигчид сонгууль болох хүртэлх хугацаанд юу хийж, яасан нь мэдэгдэхгүй болоод өнгөрсөн бол болоо гэсэн зарчмаар ямар нэгэн нотолгоо болох баримт, цаас үлдээхгүй гэсэн үг юм байна. Ихэвчлэн телевиз, сайтууд сонгуулийн сурталчилгааны гол мэдээллийн хэрэгсэл болдог. Тэгэхээр хэдий их материал байлаа ч сонгууль болж өнгөрлөө бол тэрийг хадгалаад архивлах нь юу л бол. Иймээс тэр бүр ул мөр үлдэж хэл ам болоод байх мөр үлдэхгүй гэдэг нь ойлгомжтой. Иймдээ ч энэ жилийн ерөнхийлөгчийн сонгууль сайхан  болж  өнгөрөх нь хэмээн хүмүүс жиг жуг хийж суугааг чих тавихад сайхан сонсогдлоо.
Монгол улс  тав дахь төрийн тэргүүнээ сонгох гэж байгаа.  Хамгийн анхны сонгуулийн хувьд 1993 оны сонгуулийн дүнг харвал Л.Түдэв нийт саналын 38.70 хувь,  П.Очирбат нийт саналын 57.78 хувь гэсэн дүн гарч тухайн сонгуульд нийт сонгогчдын 92,7 хувь нь оролцож саналаа өгсөн байна. Харин үүнээс хойш сонгуульд оролцогчдын хувь буурсаар 1997 оны сонгууль нийт сонгогчдын 85 хувь саналаа өгсөн. Дараагийн жил болох 2001 онд сонгууль нийт сонгогчдын 83 хувь болж, 2005 онд нийт сонгогчдын 75 хувь, 2009 онд нийт сонгогчдын 73 хувь саналаа өгч жилээс жилд сонгуульд оролцогчдын тоо буурсан байх юм. Энэ бол анхаармаар хамгийн гол зүйл. Өнгөрсөн УИХ-ын сонгууль мөн орон нутгийн сонгууль бол үнэндээ утгаа алдаж завхарсан юм болж өнгөрсөн ш дээ. Юу ч болов л болог гэхээр сэтгэгдэлтэй хүмүүс олон анзаарагдаж байсан шүү. Тэр дундаас онцлох нэг зүйл бол дахин сонгууль гэх зууралдсан ажил бол тоогоо алдсан ш дээ. Уг нь дахин сонгууль гэдэг зүйл тэр бүр болоод байх зүйл мөн гэж би л хувьдаа бодохгүй байна.

Иймээс энэ жилийн төрийн тэргүүнээ сонгох сонгуулийн ажилд идэвхитэй оролцож бид олуулаа ерөнхийлөгчөө сонгох хэрэгтэй байна.

Яг үнэндээ сурталчилгаа гэдэг зүйлийг арай өөрөөр хиймээр байгаа юм. Миний бодоход айл айлаар хэдэн зурагтай цаас тараагаад, гадуур хаа сайгүй зураг наагаад, намын туг далбаа өлгөлөө гээд хүмүүс тэгж их догдолж, тогтож харна гэж үү. Үгүй л болов уу. Харин ч эсэрэгээрээ болох вий.

Хатуухан хэлэхэд манай улсад бүртгэлгүй, бичиг баримтын зөрчилтэй дээр нь харьяалал байхгүй ийм хүмүүс хичнээн их байгааг тоолоод тодорхой болгох тийм ч хэцүү биш бизээ. Дээр нь өвдсөн, зовсон, ганцаардсан, халамжилж анхаарах хүнгүй өндөр настай өвөө эмээ нар өчнөөн байгаа шүү дээ. Саналаа өгмөөр байдаг хаана очиж бүртгүүлэхээ мэдэхгүй, гэрээсээ гарч чадахгүй, бичиг баримтгүй нэгэн зөндөө байна.

Монгол улс гурван сая хүрэхгүй хүн амтай. Үүнээсээ насанд хүрээгүй хүүхэд залуус, гадаадад суугаа бүр зарим нь харлаад ор сураггүй болчихсон гэх зэргээр хасагдаад яг үнэндээ тал хувь нь л сонгуульд оролцоно.

Сонгуулийн ганц болдоггүй зүйл бол БУДЛИАН. БУДЛИАН гээчийн зүйлээр ярих юм бол өчнөөн байгаа. Хэн хүнгүй андахаа байсан зүйл. Үүнийг л зохицуулах арга бол ердөө сонгогч ТА л юм. Таниар л дутаж байдаг. Тиймээс бид олуулаа төрийн тэргүүнээ сонгох хэрэгтэй байна.

Гэзгээ гоёхоос гэрээ цэвэрлэдэггүй эрхмүүд минь нэг тогтоод сайхан хараасай. Энэ нийгмийн амьдрал ийм ялгаатай байж болох уу. Ардчилал гэхээр л дур дураараа аашилж, өөрөө л болж байвал өрөөл хамаагүй гэж үү. Гуравхан сая хүнтэй. Эгэл борчуудаа яагаад анзаарах сөхөөгүй явдаг юм бэ. Харин одоо сонгуулийн үрээр бид та нарт бүгдээрээ хэрэгтэй. Тийм биз.

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Бид энэ удаагийн төрийн тэргүүнээ олуулаа, бултаараа сонгох хэрэгтэй. Тиймдээ ч эрхмүүд минь иргэд бүхэндээ хүрч санаа зорилгоо хүргээсэй. Бас нэгэн чухал зүйл бол сонгуулийн хувь. Нийт сонгуульд оролцогчдын хувийг 70 хувиас илүү дээш хүргэх юм.

Я.Соёлоо