З.Энхболд: Магтуулах гэж эрх баригч болдоггүй
2015/01/28
УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд. Монгол төрийн нэгэн хүчирхэг оршихуй болсон энэ эрхэм өнгөрсөн хугацаанд улстөрч хүний туулах ёстой хамгийн бартаатай зам, үүрэх учиртай хүнд ачааг үүрсэн мэт санагдана. Хувь хүнийхээ хувьд их тодорхой, ярилцахад сонирхолтой, шинэ санаа “үйлдвэрлэгч”, бас Монголын лидер улстөрч З.Энхболдыг МИАТ-ийн олон улсын нислэгийн “Хөөрөх цэг” сэтгүүлд зочноор урьж ярилцсанаа уншигч танаа толилуулж байна.
- Таны тухай нэгэн оньсого байх юм.
Зарганд онхолддоггүй баатар
Занганд орооцолддоггүй баатар
Маргаанд нугардаггүй баатар
Матаанд хугардаггүй баатар
Тэр хэн бэ... гэж. Энэхүү оньсогыг зохиосон хүн УИХ-ын даргыг биш, хувь улстөрч З.Энхболдын онцлог зан чанарыг хэдхэн мөртөд багтаасан нь энэ юм болов уу. Ингэхэд АН сөрөг хүчин байх үеийн “Хатуу самар” гэгддэг З.Энхболд, эрх баригч хүчний лидер, УИХ-ын дарга З.Энхболд хоёрын үзэл бодол, амьдралын хэмнэлд хэр өөрчлөлт гарсан бол?
-Мэдээж хэрэг, өөрчлөлт гарч байгаа. УИХ-ын жирийн гишүүн байх нь илүү эрх чөлөөтэй. Улс төрийн эгзэгтэй үеүдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр хувь улстөрчийн байр сууриа хатуу хамгаална. Харин одоо энэ байдал өөрчлөгдсөн. Нэг ёсондоо, “Ингэж болно, тэгж болохгүй” гэдэг хязгаарлалтад орсон гэсэн үг. Ер нь хуралдаан удирдаж байгаа хүн хувийн үзэл бодлоо хэлж, санал хураалтын үеэр түүнийгээ хамгаалан бусдыг уриалаад байж болдоггүй юм. Тэгэхээр их том өөрчлөлт гарсан байгаа биз.
-“Эрх мэдэл хүнийг эвддэг” гэдэг. Бас “Эрх мэдэл тухайн хүнийг хэн бэ гэдгийг хялбархан таниулдаг” гэх нь ч бий. Тиймээс улстөрчдөөс улс төр дэх хүн байх үзэл, хүн чанарын тухай олонтаа асуудаг л даа. Харин таны хувьд улс төр дэх хүн байх үзлийн талаар юу гэж боддог вэ?
-УИХ-ын гишүүд гэдэг бол ард түмнээс мандат авч орж ирсэн хүмүүс. Харин УИХ-ын тухайд, Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага. Нэг гишүүний эрх мэдэл гэж байхгүй, харин 76-уулаа санал нийлбэл Үндсэн хуулиа ч өөрчлөх эрх мэдэлтэй болдог институци. Хүн чанар хэмээх нэхэл хатуутай зүйл хүмүүсийг хаана ч очсон, ямар ч албан тушаал хашсан үргэлж дагаж байдаг. Хар залуугаараа улс төрийн өндөр албан тушаалд дэвшмэгцээ “шатаад” алга болдог улстөрчид байна. Аль эсвэл алдаа, оноогоо ухаараад улс төрийн замаар урагшилдаг хүмүүс ч бий. Тэгэхээр хувь хүнээс их шалтгаалж байгаа биз. Харин хүн чанарын тухайд, их өргөн агуулгатай, үнэ цэнэтэй зүйл юм.
-Тэгвэл даргын цүнх барьж, цай, кофег нь зөөн эрх мэдэлд хүрдэг шог гэмээр шат дамжлагын талаар юу гэж боддог вэ. Энэ тухай дэлгэрэнгүй асуух нь илүүц биз. Учир нь олон нийтийн зүгээс мэдлэг, чадвартай нь арын эгнээнд үлдэж, мэдлэг, чадвараар дулимагхан ч зусардал, бялдуучлалын аргаар юм уу, ид шидээр ч гэх үү “цахилгаан шат”-аар өгсөгсдийг үе, үе хүчтэй “чимхэх” юм байна шүү дээ. Гэвч энэ эсэргүүцэл төдий л амжилттай биш байна?
-Сонгууль болгоны дараа гардаг яриа. Үүний зэрэгцээ “Тэр тэгж байгаад тийм албан тушаалд дэвшсэн байна” гэх янз бүрийн мэдээлэл ч байх. Гэхдээ албан тушаал бол нэг насны “бэлэг” биш. Алдаа, дутагдал гаргавал ирсэн шигээ явж чаддаг байх ёстой. Гэхдээ сонгууль бүрийн дараа байрнаасаа хөдөлдөггүй албан тушаалтны тоо улам нэмэгдэж байгаа нь дэвшил юм. Ардчилсан нам УИХ-ын 2000 оны сонгуульд ялагдсаны дараа төрийн албан хаагчид болох 13 мянган хүн гудамжинд гарсан. Харин 2004 онд тухайн үеийн МАХН Ардчилсан намтай хамтран Засгийн газар байгуулсан учраас арай гайгүй байсан юм шиг байгаа юм. Манай нам УИХ-ын 2012 оны сонгуульд ялсан ч 2000 оных шиг халаа сэлгээ хийгээгүй. Яагаад гэвэл, Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгуулийн дүнгээр солигддоггүй албан тушаалтнуудын тоо улам өссөн. Мэдээж хэрэг, сонгуулийн үеэр сайн ажилласан хүмүүсийг албан тушаалд томилж болно. Хамгийн гол нь хуулийн хүрээнд, мөн тэдэнд тухайн ажлыг хийх чадвар бий юү гэдэгт анхаарах ёстой. Тэгж чадахгүй байгаа тохиолдол байдаг учраас олон нийтийн сүлжээгээр хүмүүс “Мэргэжлийн бус, чадваргүй нөхдийг ийм албанд томилсон нь буруу. Тэд үнэхээр гологдож байна” хэмээн шүүмжилдэг нь үнэний ортой. Гэхдээ тухайн албан тушаалыг өмнө нь хашиж байсан хүмүүс алдаа дутагдал гаргасан, ажилдаа хариуцлагагүй байсан бол хэн нэгнийг оронд нь томилж л таарна. Тиймээс бид төрийн албаны шалгуурыг улам нарийн, боловсронгуй болгохын тулд шинэчлэл хийх гээд байгаа юм. Алдаа, дутагдал гаргасан хүн одоогийнх шиг дархлаатай биш, хурдан зайлуулдаг хууль, эрх зүйн боловсронгуй тогтолцоотой болохгүй бол шүүмжлэл байсаар байх болно.
-“Төрийн албыг төрлийн алба болгож байгаа нь АН-ынхан” гэх шүүмжлэл ч бас байна. Үүнийг нууж, тойрохын аргагүй болжээ. Таны хувьд, намынхандаа, хамтран ажиллагсдадаа, бас эрх мэдэлд хүрээд иймэрхүү шүүмжлэлд өртөж яваа найзууддаа хатуухан үг хэлчихсэн удаа бий юү?
-Тийм шүүмжлэл хэлсэн тохиолдол бий. “Болохгүй, бүтэхгүй байгаа хүмүүсээсээ хурдан сал. МАН-ын алдааг давтав аа. Болохгүй улсуудаа байлгаад л байдаг. Бүр ах, дүү, хамаатан саднаараа сүлбэлдчихсэн, нэг нэгэндээ шаардлага тавьж чадахаа больчихсон зэрэг нь МАН-ыг сонгуульд ялагдахад хүргэсэн. Иймэрхүү үзэгдлүүд ужгирвал сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлдөг гэдгийг өөрсдөөрөө жишээ болгон харуулсан бэлэн багш байхад алдаанаас нь суралцахгүй бол Ардчилсан нам араас нь орно шүү” гэж. Миний хувьд, намынхандаа байнга хэлдэг үг бол энэ. Ер нь алдаа, дутагдал гаргасан бол тэр албан тушаалтныг хайр найргүй өөрчлөх хэрэгтэй. Нэг хүнээс хамаардаг ажил гэж ерөөсөө байж болохгүй. Төрийн албанд ре-инженеринг гэдэг нэр томъёо шинээр нэвтрүүлж эхэлж байна. Тухайн байгууллагад олон жил ажиллаж, тэтгэвэрт гарсны дараа ажлыг нь авсан шинэ мэргэжилтэн ажлыг нь хийх гэхэд ойлгомжгүй, зөвхөн тэр хүн өөрөө мэддэг, сурах гэхэд цаг авдаг ийм ажлын байр байна. Харин хөгжсөн орнуудад үүнийг боловсронгуй болгож, хүнээс үл хамаардаг тогтолцоог бий болгосон. Өөрөөр хэлбэл, бүх дүрэм, заавар нь бэлэн учраас тэр байгууллагад шинээр ирсэн хэнбугай ч хэн нэгнээс суралцах шаардлагагүйгээр ажлаа хийж эхэлнэ гэсэн үг. Тухайн ажлын байрыг задлан шинжилж ойлгомжтой дүрэм журамтай болгох үйл явцыг ре-инженеринг гэдэг. Бид Монголын төрийн албыг ийм болгохоор ажиллаж байгаа. Үүний үр дүнд төрийн албаны хөшүүн хойрго байдал арилж, хүмүүс ч ямар нэгэн зөвшөөрөл авахын тулд танил тал хайж явахаа болино. Мөн төрийн албан хаагчдын ажлын үр дүнг тоон үзүүлэлтээр дүгнэж болдог. Хэрэв хангалттай ажиллаж чадаагүй бол тэр хүнд “Баяртай” гэж хэлдэг, харин сайн ажиллах юм бол сонгуульд аль ч нам ялсан албан тушаалдаа хэвээр үлддэг тогтолцоотой болно гэсэн үг. Гэхдээ танил тал харах үзэгдэл сонгууль байсан цагт үргэлж байх юм шиг байгаа юм. Хүмүүсийн бичиж, ярьж байгаачлан төрийн алба төрлийн алба болсон нь зөвхөн Ардчилсан намтай холбоотой биш. Манай намтай хамтран Засгийн газрыг байгуулсан МАХН, МҮАН-ынхан ч ялгаагүй. Сайдаар томилогдсон хүмүүс нь намынхнаа ажилд авч байх жишээтэй. Хуульд сонгуулиар солигдож болдог албан тушаалтнуудын зааг хязгаарыг зааж өгөхгүйгээр шууд хоригловол сонгууль явуулах нь утгагүй болно шүү дээ. Үүнээс гадна ямар тохиолдолд хэнийг хэрхэн солих вэ гэдгийг холбогдох хуульд ойлгомжтой зааж өгөх хэрэгтэй. Учир нь төрийн байгууллага бизнесийн байгууллагуудаас дутахааргүй өрсөлдөх чадвартай байх ёстой. Бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниуд маш амжилттай ажиллаж байна. Тэд боловсон хүчний цомхон бүтэцтэйгээр их ажил амжуулдаг. Гэтэл төрийн албад маш олон хүн, техник хэрэгсэл, бас том байшингаар ганцхан ажил амжуулах нь ердийн үзэгдэл. Чухам иймээс л би өрсөлдөх чадварын тухай хөндсөн хэрэг. Төрийн алба үнэхээр өрсөлдөх чадвартай байя гэвэл ажилтнуудынхаа цалин хангамжаас эхлээд ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх ёстой. Тэгэхгүйгээр энэ албанд чадварлаг сайн хүмүүс ирж ажиллахгүй л дээ. Ер нь тухайн хүнийг аль албанд ямар шалгуураар авч ажиллуулахаа ойлгомжтой болгохгүй бол сонгуулийн дараа нэг дарга хамаатан садан, танил талаа шургуулж л орхино. Шуудхан хэлэхэд, тоглоомын дүрмээ оновчтой, тодорхой болгохоос л төрийн албаны алдаа, дутагдлыг засах ажил эхэлнэ.
-Төрийн байгууллага, бизнесийнхний талаар нэгэнт хөндсөн учраас тодруулах зүйл байна л даа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээх арга хэмжээний үеэр “Хамгийн ихээр дарлагдсан ардууд бол бизнес эрхлэгчид” гэж мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг авлигажсан төсвийн талаар их хөнддөг. Таны хувьд, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын дэвшүүлсэн асуудлуудын талаар ямар санаа оноотой явдаг вэ?
-Энэ хоёр сэдэв бол нэг нэгнээ үгүйсгэсэн асуудал биш. Ерөнхийлөгч төрийн албанд өрсөлдөх чадвартай, шударга, чадварлаг хүмүүс ажилладаг, тэдний гүйцэтгэх үүрэг маш ойлгомжтой байдаг, иргэд тухайн байгууллагаар үйлчлүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтууд нь тодорхой, ямар нэгэн зөвшөөрөл авахаар бол тэр нь хугацаандаа гардаг, ерөнхийдөө авлигаас ангид төрийн албаны тухай л яриад байгаа юм. Ингэхийн тулд төрийн зүгээс одоо үзүүлж буй үйлчилгээнүүдийг төр үнэхээр үзүүлэх ёстой юу, ийм үйлчилгээ үзүүлэхийн тулд энэ хүмүүст мөнгө төлж, байшин хөлсөлж өгч, аль эсвэл шинэ байр барьж өгөх хэрэгтэй юү гэх мэт олон асуултад хариулах болж байна. Үүнээс гадна хоорондоо давхцсан олон ажлыг цомхон, тодорхой болгоно. Хамгийн энгийн жишээг дурдъя л даа. УИХ-ын Тамгын газарт ре-инженеринг хийж эхэлж байна. Учир нь энэ газраар дамжиж өнгөрдөг 570 ажил бий. УИХ-ын гишүүн сонгогчдынхоо хүсэлтийг хүлээн авлаа, бүртгэлээ, хариу төлөвлөлөө, бичлээ, түүнийгээ шуудангаар илгээлээ гэдэг шиг өөр, өөрийн гэсэн үе шаттай 570 ажил байна гэсэн үг. Энэ тухайд өмнө нь ингэж тодорхойлж ч байгаагүй. Тэгэхээр ухаалаг төрийн тухай ойлголт өөрийнхөө ажлыг цөөн хүнтэйгээр, бага зардлаар хурдан шуурхай хийхээс эхэлнэ. Харин ухаалаг бус төр нь бизнес эрхлэгчдийг буцаадаг, шалгадаг, торгодог, бүр бизнес хийхээ болиход хүргэдэг. Ингэснээр ажлын байр үгүй болно гэсэн үг. Өмнө нь улсын үйлдвэрийн газар байгуулж, ажлын байр бий болгодог байсан бол өдгөө татгалзаж эхэлсэн. Авлигажсан төсвийн тухайд хэлэхэд, Ерөнхий сайд 2014 оны улсын төсвийн төслийг танилцуулахдаа хэрэглэсэн нэр томъёо. Тэрбээр “Үүнийг холбогдох байгууллагууд нь нягталж тогтоо” гэдэг үүрэг өгсөн болохоос биш “Тэр авлигажсан, энэ нь ингэсэн” гэдэг дүгнэлтийг хэлээгүй. Тиймээс Аудитын газрынхан холбогдох баримтуудыг илрүүлж, УИХ хуулийн дагуу хэлэлцээд Засгийн газарт хүргүүлэх гэж байна. Тухайлбал, “Энэ байшинг таван жилийн өмнө бариад дуусчихсан байх ёстой байсан. Гэтэл одоо болтол ашиглалтад оруулаагүй байна. Хэний буруугаас тэр вэ. Компанийн буруу юу, салбар хариуцсан сайдын буруу юу, тухайн компанийг тендерт шалгаруулсан Төрийн нарийн бичгийн даргын буруу юу, зураг төслийг нь өөрчилсөн төслийн ажилтны буруу юу” гэхмэтчилэн буруутай хүмүүсийг олж арга хэмжээ авах юм. Энэ арга хэмжээ бизнесийнхнийг бүхэлд нь хамарч тэдний эсрэг чиглэсэн юм биш. “Төртэй бизнес хийнэ” гэж гэрээ байгуулчихаад түүнийгээ биелүүлээгүй, Тендерийн хуульд заасанчлан хар жагсаалтад орсон компаниудтай хариуцлага тооцох тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл, төрөөс ажил авчихаад хийж чадаагүй бүтэл муутай компаниудыг хэлж байгаа болохоос биш бүх компанийг энд хамруулаагүй гэдгийг дахин хэлье.
-АН сөрөг хүчин байхад та энэ намын гол имиж, дуу хоолой нь болж явсан. Улс төрийн ширүүн тулааны үед журмын нөхөдтэйгөө холбон тоглолт амжилттай хийж, багийн ялалтад хүрсэн нь 2012 оны сонгуулийн үр дүн. Гэвч одоо таны үзэл бодол, хандлагад хэр өөрчлөлт гарсан бэ. Туг бариад давших биш, төрийн жолоог атгах эрх мэдэл та бүхний гарт шилжсэнээс хойш хоёр жил өнгөрлөө?
-Миний хувьд, УИХ-ын дарга болсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Засгийн газар байгуулагдаад хоёр жил болох гэж байна. Энэ хугацаанд төлөвлөсөн ажлуудаас хийж дуусгасан нь ч байна, хараахан амжаагүй нь бас бий. Бүр огт эхлээгүй ажил ч байгаа. Шинэчлэлийн Засгийн газрыг “Ажлаа цаг хугацаанд нь хийдэггүй” гэж шүүмжлүүлэхэд хүргэсэн олон сэдэв байна л даа. Гэхдээ иргэдийн талархлыг хүлээж буй ажил цөөнгүй. Тухайлбал, орон сууцны найман хувийн зээл, “Шинэ сум” хөтөлбөр гэхмэтчилэн сөрөг хүчин байхдаа боловсруулж, мөрөөдөж байсан ажлууд маань эхнээсээ биелж байна. Мэдээж хэрэг, энэ бүхэн бидэнд чамлалттай санагдаж байгаа. Тиймээс үлдсэн хугацааг маш сайн ашиглаж, цаасан дээрх ажлуудаа бодит болгоход анхаарна. Учир нь монголчууд бид дотоодынхоо хэрэгцээг хангах хүчин чадал бүхий шатахууны үйлдвэрийг бариагүй байна. Төмрийн хүдэр, нүүрсээ түүхийгээр нь экспортолж байна. Тэдгээрийг боловсруулдаг болох ёстой. Оюутолгойн алт, зэсийг Монголд хайлуулж, алт, зэсээр нь ялгасны эцэст Монголбанкинд алтыг нь хадгалдаг болох учиртай. Үүнийг товчхон тайлбарлахад, Оюутолгойнхон алт, зэсээ манай улсад хайлуулсан тохиолдолд Монголбанкинд худалдах үүрэгтэй. Гэвч энэ бүхнийг хараахан хийж амжаагүй байна. Ер нь аливааг шүүмжлэх амархан. Газар дээр нь хийх амаргүй л дээ.
-“Мориныхоо нуруунаас буулгүйгээр дэлхийн талыг эзлэх амархан. Харин мориноосоо буугаад төр улсаа төвхнүүлэх хэцүү” гэдэгчлэн та болон танай намынхан эрх баригч хүчинд тулгардаг сорилт, бэрхшээлтэй өдөр бүр шахам нүүр тулгарч байна. Тэр тусмаа АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН болон бие даагчид гэсэн бүтэцтэй парламентын дарга нь та. Үзэл бодлын олон өнгө холилдсон УИХ-ыг удирдаж байгаа таны хувьд, буулт хийх тохиолдол хэр олон гарч байна вэ?
-Буулт хийхээс өөр аргагүй тохиолдол байна. Яагаад гэвэл, одоогийн парламентын онцлог нь олонхигүй шүү дээ. Бодлогоо тодорхойлоод тэргүүлж явах тийм намыг УИХ-ын 2012 оны сонгуулиар ард түмэн сонгоогүй. Энэ нь өөрөө дэлхий нийтийн хандлага болчихсон. Нэг нам 60-70-аас дээш хувьтай ялдаг сонгуулийн дүр зураг сүүлийн үед ажиглагдахаа болилоо. Жишээлбэл, Германд болсон сүүлийн дөрвөн удаагийн сонгуулийн үр дүнг харахад бас л олонхигүй засаглалыг бүрдүүлсэн. Харин олуулаа бол болж байна. Ардчилсан нам ч мөн адил. Үүнээс болж тухайн нам бодлогоо дангаар хэрэгжүүлэх боломжгүй, эвссэн намуудын бодлогыг зайлшгүй тусгаж явна. Бид нийт 26 гишүүн бүхий өмнө нь төрийн эрх барьж байсан том сөрөг хүчинтэй. Тэдэнтэй хэл амаа ололцохгүй бол ажил явахгүй. Энд нэг зүйлийг хэлэхэд, бид магтуулах гэж Засгийн газрыг байгуулаагүй. Төрийн эрх барина гэдэг бол алхам тутамдаа шүүмжлүүлэхийн нэр. Тиймээс шүүмжлэлийг хүлээж аваад алдаагаа засч явах ёстой. Гэхдээ “Биднийг зөв сайхан зүйл хийвэл сөрөг хүчнийхэн болон олон нийт магтаж алга ташина” гэж хэзээ ч боддоггүй. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нэг удаа магтсан байдаг юм. Учир нь Ерөнхий сайдын багцаас хөрөнгө гаргаж Ховд аймгийн төвд шинэ зах нээсэн. Нээлтэд нь очиж тууз хайчлах үеэр С.Бямбацогт гишүүн биднийг өөрийн эрхгүй магтсан л даа. Яагаад гээч. Түүнийг өмнөх парламентад гишүүн байхад Ховд аймагт битүү зах барих асуудлыг олон удаа ярьсан ч энэ Засгийн газрын үед бодит ажил болсон. Ийм тодорхой ажлыг магтахгүй байж бас болохгүй.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улстөрч байна гэдэг холгосон өсгийн дээрээ үргэлж гишгүүлж явахтай адил” гэсэн удаатай. Энэ үгийг “Эрх баригч хүчин байна гэдэг...” хэмээн өөрчилье л дөө. Ард түмний нэхэл хатуутай шаардлагууд, сөрөг хүчнийхний шүүмжлэлээр “цэнэглэсэн” дайралтууд яг одоо эрх баригч хүчин болох АН-ынхан руу чиглэж байгаа. Нууц биш бол та АН сөрөг хүчин байх үеийн, бас өөрөө голлон тоглогч байсан үетэйгээ энэ бүхнийг харьцуулдаг уу. Эрх баригчийн индрээс сөрөг хүчнийхнийг харахад хэр сонирхолтой дүр зураг ажиглагддаг вэ?
-Би сая хэлсэн. “Магтуулах гэж эрх баригч хүчин болдоггүй юм” гэж. УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн суудалд би суусан. Харин миний гишүүний суудалд Д.Дэмбэрэл дарга суучихсан байгаа шүү дээ. Үнэнийг хэлэхэд, “Хэрэв бид сөрөг хүчин байсан бол ингэчих байсан юм. Тэд үүнийг олж харахгүй байна даа” гэж бодох үе бий. Бас “Ёстой хэрэггүй зүйлээр оролдох юм. Бид сөрөг хүчин байхдаа ингэхгүй, тэгсэн бол дээр байсан байх” гэж эргэцүүлэх мөч ч байна. Аливаа зүйл хоёр талтай л даа.
-Хамгийн бодит жишээ бол МАН-ынхны буйдантай суулт, тийм үү. УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан эрхмүүд чуулганы танхимын үүдэнд ийм акци зохион байгуулах үеэр Л.Гүндалай ирж “Энэ бол миний хэрэглэж байсан арга барил. Автор нь би шүү” хэмээн ёжилж байв?
-Тийм ээ, яг тэр агшныг харуулсан гэрэл зураг бий. Эвгүй л харагдаж байна лээ. Сөрөг хүчний зүгээс хийсэн тэр алхам нь хууль дүрэмд нийцээгүй байсан.
-МАН-ынхныг “Сөрөг хүчний үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй байна” гэж шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Тэд яван чангарч байгаа. Эхний үедээ үнэхээр учраа олоогүй.
-Танай намынхан сөрөг хүчин байхын зовлонг хангалттай мэдэрсэн. Дотроо олон ургальч үзэлтэй, гишүүд нь хэлэлцэхдээ хэлэлцэж, хэрэлдэхдээ хэрэлдэж сурсан нам. Бүр намын ҮЗХ-ны хурлын үеэр зарим гишүүн хоорондоо нударга зөрүүлсэн тохиолдол гарч байсан. Гэвч одоо АН-ынхан хэр намба суусан бол?
-Намба суулгүй яахав. Ямар ч байсан сайн ажиллахыг хичээж байна. Сонгуульд амлах нэг өөр. Шинэ сумын төв байгуулаад орон нутгийнханд нь хүлээлгэн өгч ажилд оруулах бас нэг өөр. Бидний өмнө “Ажлаа яаж хурдан, чанартай хийх вэ” гэдэг л асуудал байна.
-Таны намтраас нэг зүйл сонирхол татлаа. Шуудхан хэлэхэд, та өмнөх Засгийн газруудын үед сайдын алба огт хашиж байгаагүй. Танай намынхны тухайд, экс эрх баригч хүчнийхэнтэй эвсэж, хамтарч Засгийн газар байгуулж байсан түүх нэг бус шүү дээ. Харин та яагаад тийм сонголтоос хол байсан юм бэ?
-Би зарчмыг нь “Буруу” гэж үздэг байсан. Тухайн үеийн МАХН 2008-2012 онд УИХ-д 44 суудалтай буюу олонхи байлаа. Тиймээс тэд Үндсэн хуулийн дагуу Засгийн газраа дангаар байгуулах ёстой. Өөр намтай эвсэхгүйгээр гэсэн үг. Харин одоогийнх шиг Ардчилсан нам олонхи болоогүй, УИХ-д 34 гишүүнтэй байгаа тохиолдолд Засгийн газрыг байгуулахдаа өөр намтай заавал эвсэнэ. Хэрэв 39 суудал авсан бол асуудлаа намынхаа хүрээнд шийдэх боломжтой. Харин өмнөх Засгийн газрын үед намуудын хүчний харьцаа өнөөдрийнхөөс өөр байсан учраас би сайд болоогүй юм. Тэгээд ч надад “Сайдаар ажиллаач” гэсэн урилга ирж байгаагүй.
-Тэгвэл танай намын жирийн гишүүд, дэмжигчид танд “Ирэх сонгуульд энэ намыг танаар удирдуулж оролцмоор байна” гэсэн хүсэлт тавьбал яах вэ?
-Манай намын дүрэм гэж бий. Хүмүүсийн хүсэлтээр дарга болдоггүй юм. “Би намын даргын ажлыг хийж чадна” гээд өөрөө нэр дэвшүүлж мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдээ уриалан дуудаад олонхийн санал авбал дарга болдог дүрэмтэй. Ардчилсан нам бусад намаас үүгээрээ ялгаатай. Ирэх сонгуулиас өмнө намын их хурал хуралдаж таарна. Тэр үеэр даргын асуудал хүссэн, хүсээгүй яригдана. Тэгэхэд би өөрийгөө “Ардчилсан намыг удирдаж чадна” гэж үзээд өрсөлдөнө. Гэхдээ одоо энэ тухай ярихад эрт байна.
-“Өнгөрсөн сонгуулийн өмнөхөн Н.Алтанхуягийг хамтарсан Засгийн газраас гарч, намын даргаасаа огцрохыг шаардаж байсан хүмүүсийн олонхи нь сайд болсон. Нэг ёсондоо, тэд албан тушаалаар амаа үдүүлчихлээ” гэх шүүмжлэл үе, үе гарах юм. Тухайн үед Ардчилсан хүчний холбоог тэргүүлж, тэрхүү акцийг зохион байгуулалцаж байсан хүний хувьд та энэ талаар ямар хариулт өгөх вэ?
-Ардчилсан нам дотроо олон хуваагдаж, зовлон үзсэн улс төрийн хүчин. Манай намынхан “Сонгуулийн үеэр амласнаа биелүүлэхгүй дотроо үзэлцээд байх юм бол амжилт олохгүй” гэдэг дээр санал нэгтэй байгаа. Тиймээс бид хэвлэлийнхэнд дуугүй болчихсон мэт сэтгэгдэл төрүүлсэн байх. Үнэндээ ямар ч завгүй болцгоосон. Бидэнд хийх ажил маш их байгаа учраас хоорондоо сөргөлдөх зав ч алга. Тийм шалтгаан ч байхгүй. Хамгийн гол нь өмнөх ажлуудынхаа ард гарах хэрэгтэй.
-Эрх баригч АН-ынхан Монгол Улсын хөгжилд ямар том түүхийг бичиж үлдээх вэ. Асуудалд бодитой, нухацтай ханддаг танд тэр тухай ямар зураглал байгаа бол?
-Мэдээж, сайн түүх бичиж үлдээх ёстой. “Өмнө нь болохгүй байсан зүйлсийг ингэж цэгцлээд амжилтад хүрсэн. Ийм, ийм ажлын байруудыг шинээр бий болголоо. Монгол Улс төмрийн хүдрийг түүхийгээр нь экспортолдоггүй, ган хайлуулдаг болсон байна. Оюутолгойн зэс, алтыг хайлуулаад алтыг нь авч үлддэг боллоо. Найман хувийн зээлээр төдөн зуун мянган айл орон сууцтай болсон” гэх мэт бодит ажил, бүтээн байгуулалттай холбоотой статистиктай байх нь чухал. Урьд нь ийм зүйл байдаггүй байсан.
Миний хувьд, хоёр хоёрын дөрөв…
-Ер нь та хувь, хувьсгалын амьдралдаа ихээхэн огцом эргэлт, өөрчлөлтүүдийг хийдэг юм уу даа. Тухайлбал, 1989 он руу эргэн очъё. Тэр үед та “Улаанбаатар” цахилгаан шугам сүлжээнд монтёроор ажилладаг байж. Харин 1989-1991 онд “Монел” фирмд инженер, 1991-1993 онд “Эрэл” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан юм байна. Магадгүй, амьдралынхаа энэ он жилүүдийн талаар та хамгийн эгэл жирийн, бас хүн болгоны олж харж байгаагүй сонирхолтой “зураг”-ийг бидэнд зурж өгөх болов уу?
-Яг үнэндээ би “Төдөн онд тийм болно” гэж төлөвлөгөө зохиож байсангүй. Харин 1989 онд сургуулиа төгсөөд “Улаанбаатар” цахилгаан шугам сүлжээнд яамнаас хуваарилсны дагуу ажилд орсон. Миний намтарт “Монтёр” гэдэг үг яагаад бичигдэх болсон бэ гэвэл, шинээр төгсч ирсэн инженерийг гурван сар монтёроор ажиллуулдаг байлаа. Гэхдээ энэ нь нөгөө модонд авирдаг хүн биш, техникчийн ажил байсан гэх үү дээ. Гэвч би туршилтаар ажиллах ёстой гурван сарын хугацаагаа дуусгалгүйгээр “Монел” фирмд ажилд орсон юм. Харамсалтай нь хоёр жилийн дараа “Монел” фирм ажилчдынхаа цалинг тавьж чадахаа больсон. Ингээд би ганзагын наймаа хийх боллоо. Яг тэр үед буюу 1921 оноос эхлэн тоолбол 75 жилийн дараа 1996 онд Монголд засгийн эрх нэг намаас нөгөө намд анх удаа шилжсэн юм. Тэгэхэд би ТӨХ гэдэг байгууллагыг удирдах болсон. Амьдралын зураг биднээс хамаарахгүй. Миний явж буй зам минь л энэ.
-Хэдэн настайдаа ТӨХ-ны дарга болсон гэсэн үг вэ?
-Гучтайдаа.
-Таныг УИХ-ын зарим гишүүн “Электрон жаал” гэж наргиан болгон хэлж байхыг сонссон юм байна. Мэдээллийн технологитой их ойр, тэр талын мэдээллээс огт хоцордоггүй, бүр хоббитой болохоор тань тэгж нэрлэсэн байх. Үнэхээр ч та твиттерт жиргэхээс цаг харамладаггүй, шинэ, сонирхолтой мэдээллээр өөрийгөө байнга цэнэглэдэг. Хоногийн 24 цагийн хэчнээн хувийг цахим орчинд өнгөрүүлдэг вэ?
-Мэдээллийн технологи бол хобби биш, миний мэргэжил. Би автоматик телемеханикийн инженер мэргэжилтэй. Программист биш, компьютерийн доторхи эд ангийг /hardware/ судалдаг инженер байсан. Намайг оюутан байхад одоогийн Iphone-ий хэмжээний тооцоолох хүчин чадал та бидний ярилцаж байгаа өрөө шиг том хэмжээтэй компьютерт байдаг байв. Нэгэнт миний мэргэжил учраас би хүссэн, хүсээгүй сонирхдог. Онлайн ертөнцийн тухайд ярихад, твиттер, фэйсбүүкт өдөржин байдаг хүмүүс байна. Би бол тийм биш. Тэгэх зав ч байхгүй. Твиттерт өдөрт ганц удаа мэдээлэл бичих, аль эсвэл хүмүүсийн асуултад ганц, хоёр хариулах тохиолдол бий. Ер нь нэг их дурлаад байх эд биш шүү дээ. Твиттер олон түмэнтэй харилцах суваг болохоос өөр юу ч биш. Зугаа цэнгэлийн талбар бүр ч биш. Миний хувьд, үүнийг хүмүүст мэдээлэл өгөх, уншсан, мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцах хэрэгсэл болгон ашигладаг. “УИХ ийм хууль баталлаа. Мэдээллийг эндээс уншина уу” гэж. Зөвхөн мэдээлэл түгээх, мэдээлэл авах зорилгоор л ашигладаг.
-“Энэ зуун бол инженерүүдийн эрин үе. Монголын төр инженерүүдээ сайн дэмжих хэрэгтэй” гэх яриаг та цөөнгүй сонссон байх. “Монел” фирмийн инженер З.Энхболд гэдэг эрхмийн мөрөөдөл юу байсан бол?
-Хэрэв ардчилсан хувьсгал 1990 онд болоогүй бол би цахилгаан шугам сүлжээнд, аль эсвэл “Монел” фирмд ажиллаж байх байсан биз. Мэдээж хэрэг, мэргэжлээрээ өсч дэвжих зорилго байсан. Харамсалтай нь тэгж ажиллах боломж олдсонгүй. Инженерүүдийг би яагаад онцолдог вэ гэвэл, Монголд энэ мэргэжлээр суралцах хүмүүс нэг хэсэг үгүй болчихоод байлаа. Миний хувьд, олон жилийн өмнө ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга байсан. Инженерийн мэргэжил гэдэг их онцлогтой. Аливааг дэс дараалалтай нь сэтгэдэг, нийгмийн ухааныхан шиг амаараа сайхан яриад байдаггүй. Машин техник, цахилгаан станц, өөр юу байдаг юм нүдэнд харагдаж, гарт баригддаг бодитой ажлуудыг хийдэг. Гэтэл хүмүүс тэр үед амар хялбарыг нь бодоод орчуулагч, хуульч мэргэжил рүү хошуурцгаасан. Нэг мэдсэн чинь үйлдвэржилт сэргэж, уул уурхай, барилгын салбар хөгжиж, инженерүүдийг ажилд авах гэсэн ч энэ мэргэжлээр суралцсан хүн ховор байсан учраас мэргэжлийн хүн олоход тун бэрх байлаа. Нийгмийн зурвасхан үеэс болж, инженерүүд ийн ховордсонд би их харамсдаг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, монголчууд өөрсдийн гараараа юм бүтээхгүй бол гадаадаас худалдаж авдаг л болно. Одоо ч гэсэн дотооддоо үйлдвэрлэх боломжтой олон бараа, бүтээгдэхүүнийг импортолж байна. Энэ нь валютын ханш өссөнөөс болоод багасч байгаа. Хэрэв валютын ханшийг хүчээр барьсан бол бид өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн оронд гадаадаас худалдаж авдаг хэвээр л байх байсан. Харин одоо зарим бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх боллоо. Ингэснээр инженер, техникийн ажилтнуудын эрэлт нэмэгдэнэ.
-Таны хувьд, 2005-2008 онд УИХ-ын гишүүн байхдаа аутсорсингийн талаар их ярьдаг байсан. Бодит амьдрал дээр хэр дэвшил гарсан бэ?
-Иргэдийн маань гадаад хэлний мэдлэг болон бусад чадвартай холбоотойгоор бие даасан экспорт болж чадахгүй байна. Гэхдээ тэр үеэс хойш дэлхийн зах зээл их өөрчлөгдлөө. Андройд утас, Iphone-ий программыг гэртээ зохиогоод мөнгөтэй болж байгаа монгол залуус бий. Энэ нь бидэнд ямар их хүч бололцоо байгааг харуулж байна. Монголд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ, компьютерийн хэдэн код бичлээ, тэдгээрийг нь Google play store, Apple-ийн App store дэлгүүрээр дамжуулан дэлхий даяар борлуулдаг боллоо. Энэмэтчилэн ажил зөндөө байна. Олон улсын хэмжээнд яривал, интернэт дэх мэдээллийн 80 хувь нь англи хэл дээр байгаа. Тиймээс тэдэнд бүтээгдэхүүнээ худалдахыг хүсч байгаа бол англи хэл сур. Тэдний дунд ямар бүтээгдэхүүн эрэлт ихтэй байгааг судлахын тулд англи хэл сурч, маркетингийн судалгаа хийх ёстой. Ингээд англи хэл дээр бичигддэг цэстэй программ зохиогоод зар. Ийм л шаардлага байна. Тэгэхээр бид боловсролын тогтолцоондоо яаралтай өөрчлөлт хийж, АНУ, Англи, Германд сургууль төгссөн залуустай адил түвшний мэдлэг, мэргэжилтэй оюутнуудыг төгсгөхгүй бол өрсөлдөөнд үргэлж ялагдана. Бодит нөхцөл, шаардлага ийм болсон учраас бид дээд боловсролын шинэчлэлийн талаар олон талаас нь ярьж байна.
-Ингэхэд улс төр, математик хоёрт ижил төстэй зүйл байдаг уу. Таны найзууд “Манай Энхболд ажилд ч, амьдралд ч ямагт математик сэтгэлгээгээр ханддаг прагматик хүн” гэж байсан?
-Тэгэхээс өөр аргагүй. Математик бол амьдралын гол үндэс. Төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс “2+2=?” гэсэн асуултад олон янзаар хариулдаг. Америк маягийн онигоо байдаг л даа. Инженерээс дээрх бодлогын хариуг асуухад “Мэдээж, дөрөв. Өөр ямар хариулт гарах вэ дээ” гэдэг. Тэгвэл хуульч “Хэд гаргуулмаар байгаа юм бэ” гэж асуудаг. Энэхүү онигооноос харахад, хуульчид тэр бодлогыг яаж ч тайлбарлаж болох нь. Хүсвэл тэд хариуг нь “Гурав”, аль эсвэл “Тав” гэж гаргуулж болно. Харин инженер, математикийн боловсролтой хүмүүсийн сэтгэлгээ өөр. Тэдэнд хоёр хоёрын дөрөв л байна. Өөр гарц байхгүй. Ингэж л боддог хүмүүс. Би ч гэсэн тэдний нэг.
-Таны хувьд, 2005 онд УИХ-ын гишүүн анх болж байлаа. Өнгөрсөн 10 орчим жилд хэчнээн хуулийн төсөл санаачилж, бас хэдэн хууль батлалцсан бол. Ийм статистик танд байдаг уу?
-Манай туслахад байгаа. Би тооны хойноос хөөцөлддөггүй. Гурав дахь УИХ-даа сууж байна. Хэрэв тоонд ач холбогдол өгдөг бол ямар ч хамаагүй хуулийн төслийг сар болгон санаачилж өргөн барих байсан биз. Миний хувьд, санаачлан батлуулсан хуулиудаасаа Ипотекийн тухай хуулийг онцолмоор байна. Энэ хууль батлагдсанаар Монголд хэдэн арван мянган айл орон сууцтай боллоо. Хэрэв 2005-2008, 2008-2012 онд буюу хоёр УИХ дараалан энэ хууль, мөн холбогдох гурван хуулийн төслийг хэлэлцэж батлаагүй бол өнөөдөр орон сууцны найман хувийн зээл гэж байхгүй байх байсан. Гэхдээ ийм зээлийг бодож олсон ухаантай хүндээ ч биш, яг үнэндээ энэ хууль эрх зүйн тогтолцоог Америк, Европоос хуулбарлаж Монгол хөрсөн дээр буулгасан юм. Тиймээс монголчууд маань америк, европчууд яаж байртай болдог вэ, яг тэр жишгээр орон сууцтай болж байна. Тэгээд ч орон сууцны найман хувийн зээл олгох ажлыг 20-30 жилээр төлөвлөдөг учраас тийм амар зогсохгүй. Ер нь иргэд маань “Найман хувийн зээл удахгүй зогсох гэнэ. Манай орон сууцнаас яаралтай худалдаж аваарай” гэх мэтээр барилгын компаниудын зүгээс гаргадаг цуурхалд итгэхгүй байх хэрэгтэй. Жил бүрийн улсын төсвийг эс тооцвол Ипотекийн хуультай адил ач холбогдол бүхий хууль хэд, хэдийг санаачлан батлууллаа. “Манай улс шатахууны хувьд, нэг улсаас хараат. Тийм учраас гибрид машин буюу шатахуун бага зарцуулдаг автомашиныг гаалийн онцгой татвараас чөлөөлье” гэсэн утгатай хуулийн төсөл санаачилсан нь өдгөө ажил хэрэг болсон. Харилцаа холбооны тусгай үүргийн сангийн тухай хуулийг би санаачлан батлуулсан юм. Нийт сумдын бараг тал хувь нь 2005 онд гар утасгүй байсан. Тусгай үүргийн сантай болсноор татварын өмнөх орлогын гурван хувийг цуглуулаад ердийн бизнесийн зорилгоор үүрэн телефоны оператор компаниудын үйлчилгээ очихооргүй хүн ам цөөтэй сумдад гар утас хэрэглэх боломжийг бүрдүүлсэн юм. Ингэснээр бүх сум, цаашлаад улс даяар гар утасны хэд, хэдэн сүлжээтэй боллоо.
-Үнэнийг хэлэхэд, та хэвлэлд улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцлага өгсөн нь олон байх юм. Харин хувийн амьдрал, хувь хүн З.Энхболдын тухай ярьсан нь тун ховор аж. Гэхдээ таны бага насны талаарх зарим мэдээллийг уншлаа. “Хүүхэд байхдаа гэрийнхээ ойролцоо байрлах нэгэн үйлдвэрийн номын сангийн бүх номыг уншиж дуусгасан, гэрийнхээ “Родина” гэдэг радиог сониуч зандаа хөтлөгдөн задалж, долдугаар ангид байхдаа засч хэвэнд нь оруулсан...” гээд л. Та айлын том хүү гэв үү. Дүү нараас тань төр түшилцэж яваа хүн бий юү?
-Энэ бол миний л амьдрал. Тийм учраас номын хуудас мэт хүн бүрийн өмнө дэлгээтэй байх шаардлагагүй болов уу. Би айлын ууган хүү. Дүү нар маань бүгдээрээ төрөөс хамааралгүй амьдарч байгаа. Манай гэр бүлээс нэг хүн төрд зүтгэж байгаа нь хангалттай, тэр нь би. Дүү нартаа ч хэлдэг. “Хол яв, хэл амны нэмэр. Өөрсдөө бизнес эрхэлж байгаа бол тэрүүгээрээ яв” гэж. Энд би нэг зүйлийг зориуд тодруулж хэлэхэд, “Төр муухай учраас ойр байх хэрэггүй” гэдэг санаагаар тэдэнд тэгж хэлээгүй. Манай гэр бүл Монгол Улсад өртэй. Ингээд нэг хүүгээ төрд зүтгүүлэхээр илгээсэн. Төрд зүтгэнэ гэдэг бол хувийнхаа бүх асуудлыг хойш тавина гэсэн үг. Учир нь төрийн ажлыг хувийнхтай хутгалдуулах нь хориотой. Аав, ээж хоёр минь Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах комбинатад ажилладаг байсан. Энэ үйлдвэрийн 1000 ажилчны амьдардаг орон сууц тусдаа, Сүхбаатар хотын хамгийн хойд талын хэсэг буюу автобусаар 5-6 километр давхиад Оросын хил дээр тулж очдог багахан сууринд байрладаг байлаа. Үүнээс гадна тус комбинат жижигхэн номын сантай байсан юм. Би энэ номын сангийн цөөхөн хэдэн номыг А, Б-гүй уншиж дуусгаад дахиад ном уншихын тулд төв номын сан руу автобусаар явдаг байсан.
-Хамтран ажиллагсад тань таныг “Яг германчууд шиг цаг нарийн баримталдаг” гэж байсан. Магадгүй, энэ нь таны гэр бүлийн хүмүүжил байх, тийм үү?
-Тийм ээ, хэн нэгэнтэй уулзахаар цаг тохирсон бол цагтаа ирэх хэрэгтэй. Миний хувьд, төлөвлөөгүй ажил гэнэт гарч хүмүүстэй уулзах цагаасаа хоцрох тохиолдол хааяа гардаг. Ер нь зөвхөн цаг баримтлах ч биш тухайн асуудлыг бусадтай ярьж тохиролцсон бол тохиролцсон чигээрээ л байна.
-Нутаг усныхан, ойр дотныхон, тэр байтугай гэр бүлийн гишүүд ч нэг нэгэндээ хэлдэг шүү дээ. “Чиний байгаа байдал, зан төрх аавтайгаа, эсвэл ээжтэйгээ улам л адилхан болоод байх юм” гэж. Таны хувьд?
-За, янз бүр дээ. Сэлэнгэд бидний амьдарч байсан газрыг “Корпусынхан” гэдэг. Намайг аавтайгаа улам адилхан болж байна уу, ээжийнхээ онцгой зан чанарыг дуурайсан уу гэдгийг хүүхэд байх үеийг минь сайн мэддэг улсууд л харьцуулж хэлнэ. Гурван жилийн өмнө сургуулийнхаа ойд очиход зарим хүн “Аавтайгаа адилхан” гэсэн бол “Ээжийгээ дуурайжээ” гэх хүмүүс ч байсан.
-Улстөрчид ууланд их авирах болж. Бас хаа нэгтээ сэтгүүлийн нүүрийг гольф тоглож, дугуй унаж буй зургаар чимэх нь ч бий. Таныг “Багадаа сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглодог, бас хөнгөн атлетикийн тэмцээнд оролцдог байсан” гэж уншлаа. Спортын зэрэгтэй юү?
-Спортын ямар нэгэн зэрэг байхгүй. Бага байхад манай Корпуст хөлбөмбөгийн том талбайтай, хөлбөмбөгийн улсын аваргын тоглолт болдог байлаа. Тэр хавийн хүүхдүүд бид иймэрхүү тэмцээн, уралдаан үзэнгээ тамирчдаас үлгэр дуурайл авч хөл бөмбөг тоглоно. Хөнгөн атлетикийн тэмцээнд ч оролцоно. Өвөлдөө цанаар гулгана. Манай тэндэхийн хөлбөмбөгийн талбайн дэргэд мөсөн гулгуурын талбай байдаг байсан. Өвөл болоход энэ талбайг мөстүүлж, мөсийг нь машинаар тэгшилдэг байлаа. Гэхдээ тэр машиныг халуун ус гардаг байхаар зохион бүтээсэн санагдана. Өөрөөр хэлбэл, Сэлэнгийн Мод боловсруулах комбинатынхан ажилчдын ахуй амьдрал, хүүхдүүдийн сурч хүмүүжих орчинд их анхаарч, багагүй мөнгө зарцуулдаг байсан байх. Миний хувьд, сурах гэж оролдоогүй зүйл байхгүй. Гэлээ гээд бусдаас нэг их онцгойрч байсангүй. Одоо ч гэсэн уулын цана, газрын теннисээр хичээллэдэг. Ууланд бол авирдаггүй.
-Та Өмнөд Солонгост айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Пак Гын Хетэй уулзсан. “Цөхрөл намайг хатуужуулж, Найдвар намайг урагшлуулдаг” хэмээх номын зохиогч, тэр түүхийн эзэн танд хэр онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ. Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч, асар их золиос, хэцүү бэрх давааг туулсан улстөрчийнхөө хувьд шүү дээ?
-Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хетэй би гучаад минут уулзсан. Албан ёсны уулзалтын өмнө тухайн хүний намтартай заавал танилцдаг журамтай л даа. Тийм учраас би түүний аавын тухай, өөрийнх нь туулсан амьдралын зах зухаас уншсан. Амьдралын маш олон бэрхшээлийг даван туулж ялалт байгуулж чадсан мундаг эмэгтэй байна лээ. Ерөнхийлөгч Пак Гын Хегийн аавын тухай “Солонгосын түүх” гэдэг ном бий. Энэхүү номонд хоцрогдсон, тухайн үед нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 100 хүрэхгүй ам.доллартай тэнцдэг байсан Өмнөд Солонгос улс өнөөдөр дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг хэрхэн болсон тухай болон аж үйлдвэржилтийнх нь түүхийг өгүүлсэн байдаг. Тийм учраас би Пак Гын Хетэй уулзахдаа тэр номыг авч орж, гарын үсэг зуруулсан. Тэр ном бол монголчуудад аж үйлдвэржилтийн сурах бичиг болохуйц ач холбогдолтой. Энэ уулзалтын үеэр бид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
-Та бол Монгол төрийн гурван өндөрлөгийн нэг. УИХ-ын гишүүд тангараг өргөхдөө Төрийн далбааныхаа өмнө мэхийн ёсолж, хавар, намрын чуулганы нээлт, хаалтын үеэр Төрийн дуулал эгшиглэх тэр мөчид танд ямар нэгэн онцгой мэдрэмж төрдөг үү?
-Эх орноороо, монгол хүн гэдгээрээ, 2200 гаруй жилийн түүхтэй Монгол төрөөрөө үргэлж бахархаж байдаг. Энэ дэлхий дээр дөнгөж улс болон оршин тогтнох гэж байгаа газрууд байна. Улс болоод бүтэлгүйтсэн нь ч бий. Дэлхийн 200 гаруй улсаас Их гүрэн байгуулж дэлхийн хөгжлийг урагшлуулж явсан улс гэвэл гарын таван хуруунаас хэтрэхгүй. Тэдний нэг болсон Монголын төрт ёсны уламжлал өнө эртний түүхтэй. Та бүхэн ч анзаарсан байх. Дэлхийн түүхийн нэлээд хэсэг нь Монголын түүх байдаг. Өвөг дээдсийн минь бичиж үлдээсэн түүх өнөө цагт улам арвижин баяжиж байна. Тэр дундаа Ардчилсан нам төрийн эрх барьж байгааг би ард түмэн, эх түүхийнхээ өмнө хүлээсэн асар өндөр үүрэг, хариуцлага гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа. Төр түшилцэх их үйлст тань амжилт хүсье!
С.Тулга
Төрийн албанд ре-инженеринг гэдэг
нэр томъёо шинээр гарч ирсэн

Ардчилсан нам бол зовлон үзсэн улс төрийн хүчин