Аавдаа хайртай юу? Ээждээ хайртай юу? гэж хүүхдээс асуудаг шиг л юм өнөөдөр Монголд болж байна.  Шийдлийн хэмээх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн 2 сар бодож олсон супер санаа болох "олон нийтийн санал асуулга" үнэхээр олон нийтийн дэмжлэг авах нь битгий хэл уур унтууг хүргэсэн зүйл боллоо.

Иргэдийн гар утасруу явуулж буй SMS дээр :

 

"Хөгжлийн замаа хамтдаа сонгоё!

 

1. Оюу толгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох

 

2. Зардал хэргэлээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох"  гэсэн үндсэндээ ханшийг хэрхэн яаж тогтоох вэ? гэдэг асуултын хариултыг ард түмнээсээ асуужээ. Мэдээж төгрөгийн биш ам.долларын ханшны тухай ярьж байгаа нь мэдээж юм.

 

 

 

Тэгвэл ам.долларын ханшийг Засгийн газар биш Монгол банк хариуцдаг баймаар юм. Бүүр тэгж ярьвал Монгол банкны Ерөнхийлөгч, Монгол Улсын мөнгөний бодлогын зөвлөлтэй хариуцлага тооцож чадах ганц байгууллага нь УИХ баймаар.

Гэвч Ерөнхий сайд болсон цагаасаа хойш 2 сар өдөр шөнөгүй бодож бодож ердөө л үүнийг бодож олсон бололтой МҮОНТ-ээр сүртэй нь аргагүй бүтэн цагийн турш тайлбарлав.

Ерөнхий сайд уг нь эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах тухай төлвөлгөөгөө танилцуулсан бол илүү олон нийтийн дэмжлэгийг авах байсан нь мэдээж юм. Мөн өнөөг хүртэл Шийдийн Засгийн газар мөрийн хөтөлбөргүй өдөр хоногийн өнгөрөөж далайд төөрсөн жижиг завь мэт давалгаа бүрт цохиулан хүссэн тийшээгээ чигээ өөрчилж буй нь эмгэнэлтэй.

Бүхэл бүтэн нэгэн улсын Засгийн газар хэрнээ Чингис, Самурай бондуудаас санхүүжүүлсэн хөтөлбөрүүдээ хянаж чадахгүй, чухам юунд хөрөнгө оруулсныг ч мэдэх хүмүүс цөөхөн байна. Тэр бүү хэл удахгүй УИХ-аар батлагдах өршөөлийн хуульд үнэт цаас (БОНД) -тай холбоотой өршөөлийн заалтууд орсон нь ирээдүйд төлөх их өрийг үрэн таран хийсэн хулгайч нарыг зугтаах боломж олгож буй мэт байгаа нь мөн л Ерөнхий сайдын ярих дургуй сэдэв бололтой.

Гадаадаас өндөр хүү, хатуу нөхцөлтэйгээр зээлж авсан мөнгөө одоо хэрхэн буцааж төлөх тухай хэн бүхний санаа зовж буй зүйлсийн талаар ч Ерөнхий сайд ам нээж чадахгүй явна.