Улсын хэмжээнд өдгөө 2-5 насны 220.3 мянган хүүхэд /нийт хүн амын 7.4 хувь/ байдаг аж. Үүний 56.0 мянган хүүхэд нь буюу 10 хүүхэд тутмын гурав нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй гээд бод доо.


Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх насны 89 240 хүүхэд байдгаас 29.5 мянга буюу 10 хүүхэд тутмын дөрөв нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй гэнэ. Сүүлийн жилүүдэд хот суурин газар руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн буурахгүй, улам өссөөр байна. Нийслэл Улаанбаатар хотноо нэг жилд дундаж аймгийн хүн амын гуравны хоёртой тэнцэх 30.0 мянга гаруй хүн шилжин ирж, суурьшиж байна. Гэтэл нийслэлд цэцэрлэг барих газар олдохгүй, уг асуудлыг шийдвэрлэж чадахгүй хугацаа алдсаар байгаагаас өнөөдрийн байдлаар нийслэлийн 45 хороо огт цэцэрлэггүй байгаа билээ. Түүгээр ч барахгүй одоо ашиглагдаж байгаа 161 цэцэрлэгийн хүчин чадлын 22 хувийг ашиглах боломжгүй болж буй учраас 20 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй төлөв байдал үүсээд байна. 

Хүүхдээ хараад гэртээ суудаг ээж нарт, цоожтой хаалганы цаана үлддэг энхрий бяцхан үрсдээ, мөн гэртээ цоожлогдоод үлдсэн хүүхдэдээ сэтгэл зовнин өдөржин цагаа харж суудаг эцэг, эхчүүддээ зориулж тайван ажиллах боломж, нөхцөл бий болгохоор УИХ-ын гишүүн, УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баянсэлэнгэ болон бусад гишүүд хамтран “хүүхэд харах үйлчилгээ” хуулийн төсөл санаачлаад ажиллаж байгаа юм.


Уг хуулийг санаачлагчид:


Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдээ цэцэрлэгээр бүрэн хангаж, сэтгэл амар ажиллаж, амьдрах боломж бүрдэж чадахгүй байгаа одоогийн нөхцөлд энэхүү санаачилга, гаргалгаа хамгийн нүдээ олсон явдал юм.
Тэгэхээр энэ хүнд байдлаас гарах хамгийн боломжтой нөхцөл, гаргалгаа бол хүүхэд харах үйлчилгээг хуулийн хүрээнд бий болгох явдал билээ.


Үгүй гэж зөрүүдлээд, зөвхөн цэцэрлэг л байх ёстой гэж үзвэл шаардлагатай байгаа 653 цэцэрлэгийг барихад 556 тэрбум төгрөг хэрэгтэй бөгөөд бас тодорхой хугацаа хэрэгтэй юм байна. Тэгтэл энэ их хөрөнгө, наанадаж газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх билээ гэдэг толгойны өвчин биднийг зовоох нь ойлгомжтой. Харамсалтай нь энэ их хөрөнгийг ойрын хугацаанд гаргаж, цэцэрлэгүүдийг тоо ёсоор барьж амжихгүйгээс хойш хүүхэд харах үйлчилгээг хуулийн хүрээнд шийдвэрлэж, бий болгох аргаа замыг нээх нь хамгийн зөв шийдэл юм.

Хүүхэд харах үйлчилгээг хоёр хувилбараар хийхээр хуулийн төсөлд тусгасан байгаа. Нэг нь гэрээр зургаа хүртэлх тооны хүүхэд харах өрх гэр, төвд суурилсан үйлчилгээ хувилбар, нөгөө нь аж ахуйн нэгж өөрийн ажилтан, үйлчлүүлэгчдийн хүүхдэд зориулсан хүүхэд харах төв хувилбар.


Ийм үйлчилгээг явуулах эрхийг ямар багшид олгох вэ гэдэг асуудал мэдээж эцэг, эхчүүдийн анхаарлыг ихээхэн татах нь ойлгомжтой. Өөрсдийн гэрэлт ирээдүй болсон үр хүүхдүүдээ хамгийн итгэж, найдаж болох хүндээ үлдээхийг эцэг, эхчүүд мэдээж хүсдэг. Тэгвэл хүүхэд асрах төвд ажиллах багш нь дор хаяж бүрэн дунд боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан байх ёстой гэнэ.


Хүүхэд харах үйлчилгээний эрхийг авахын тулд тусгай сургалтад хамрагдсан байх төдийгүй эрүүл мэндийн үзлэгт ч хамрагдсан байна. Сэтгэцийн эмгэгтэй, хууч өвчтэй байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Мөн эцэг, эхийн итгэлийг хүлээсэн байх, харилцааны чадвартай байх, өмнө нь хүүхэдтэй ажиллаж байсан туршлага, эв дүйтэй байх зэрэг бусад шаардлагуудыг ч хангасан байх нь зүйтэй.


Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаа, үүрэг нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хоол ундыг бэлтгэх, хооллох, хүүхдийн ариун цэврийг сахих, эрүүл ахуйг хамгаалах, хүүхэд орчин тойрны болон суурь хэрэгцээний чадвар эзэмшихэд туслах, хүүхдийн биеийн хөгжлийг хангах хөтөлбөр, дасгал хийлгэх, амрааж, тоглуулах, хүүхдийн сэтгэл хөдлөл, өсөлт хөгжлийн талаар эцэг, эхэд мэдэгдэх, хүүхдийн хөгжил, дасгал, сонирхлын талаар тэмдэглэл хөтлөх, шаардлагатай үед анхан шатны тусламж үзүүлэх зэрэг асуудлууд байх ёстой аж. 


Бага насны хүүхдээ харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 31413 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгож, өрх гэр бүлийн орлогыг нэмэгдүүлж, өрхийн хөгжил, гэр бүлийн сайн сайхныг дэмжинэ. Ингэснээр 8798 иргэн байнгын тогтвортой ажлын байртай болно. Төрийн ачаалал буурч, төсвийг үр дүнтэй ашиглана. 556 тэрбумаар 8-аас доошгүй жилийн хугацаанд 653 цэцэрлэг барьж шийдэх асуудлыг “0” төгрөгийн зардлаар 6 сарын хугацаанд төрийн/төсвийн бус нийгмийн бодит нөөц, туршлагад тулгуурлан шийднэ. Хүүхэд цэцэрлэг, бага сургуульд ороход бэлтгэгдэх, сургуулийн өмнөх насны хүртээмж ихсэх, цэцэрлэгт хамрагддаггүй хүүхдийн аюулгүй байдалд эерэг үр дүн гарна. 30, 40 бүр зарим ангид 55 хүртэл хүүхдэд хоёрхон багш хүрэлцэхгүй, үүнээс болж хүүхдийн сэтгэл санаа, эрүүл мэндэд нөлөөлдөг бол зургаахан хүүхдийн дунд нэг ээж ажиллавал хүүхдэд илүү ойр, дотно байж болох магадлалтай билээ.

Ямартай ч өнгөрсөн баасан гарагт анхны хэлэлцүүлгийг нь хийж, гишүүд хуулийн ерөнхий дүр зургийг бараг л гаргачхав. Гэхдээ хуульд хүүхэд харах тухай байхаас бус хүүхдийг харах гэж байгаад алдаа гаргасан, хариуцлага алдсан, гэмтэж, бэртээсэн бол яах вэ гэх заалт нэг ч байсангүй. Энэ нь ч гишүүдийн ихээхэн шүүмжлэлд өртөж, ажлын хэсэг тус хуулийг эргүүлэн татахаар боллоо. Ингээд анхны хэлэлцүүлгээ ажлын хэсэг, байнгын хороодын төвшинд үргэлжлүүлж, гишүүдийн саналыг тусгахаар болсон юм.

 

Г.Мягмарсүх