Сэрэмжлүүлэг: Сэтгэцийн өвчтэй байрны эзэн хүчирхийлэхийг завджээ
2015/02/01
Саяхан Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст нэгэн бүсгүй хүчирхийлэлд өртөх гээд байна гэсэн дуудлага мэдээлэл өгсөн байна.
Утсаар айж сандарсан байдалтай, яаралтай дуудлага өгсөн энэ бүсгүйд юу тохиолдсоныг мэдэхээр цагдаагийн алба хаагчид газар дээр нь яаралтай очин, уг бүсгүйг хүчирхийлэлд өртөхөөс авран хамгаалж чадсан байна.
Юу болсныг сийрүүлбэл, “Зар мэдээ” сонин дээр гарсан ”Байр түрээслүүлнэ, хажуу өрөө хөлслөнө” гэсэн зарын дагуу нэгэн эртэй утсаар ярьж тохиролцсон бүсгүй гэрт нь ганцаараа яваад очиж. Гэтэл гэртээ ганцаараа байсан хижээл насны эр охиныг хүчирхийлэхийг завджээ. Цагдаагийн байгууллагын шалгалтаар уг этгээд сэтгэцийн өвчтэй нэгэн байсан нь тогтоогдож, хэрэг хариуцах чадваргүй тул ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн этгээд ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан бөгөөд тэр өдөр ээж нь хөдөө явсан байжээ.
Тухайн өдөр охин дуудлага өгч амжилгүй, элдэв асуудал болсон бол сэтгэцийн өвчтэй уг этгээд ямар ч үйлдэл хийж болох байсан гэдгийг албаны хүмүүс хэлж буй. Энэ мэтчилэн байр хөлслүүлнэ гэсэн зарын дагуу айлд очихдоо ганцаараа явахгүй, хамаатан садан, найз нөхөдтэйгээ хамт явахыг анхааруулж байна. Өмнө нь ч нэгэн өвгөний гэрт амьдарч, эр эмийн харьцаанд орсон залуу бүсгүй эцэст нь хардалтын улмаас өвгөний гарт харамсалтайгаар амиа алдсан удаатай билээ.