Өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш Дундговь аймгийн Гурвансайхан суманд шинэчлэл хийгдэж байгаа тухай мэдээллийг уншигч та авсан байх. Энэ чухам ямар шинэчлэл байв.

Гурвансайхан сум яг бүтэн жилийн өмнө говийн бусад сумдын л адил гандсан модон хашаатай, ямар ч засмал зам, цэвэр бохир ус, халаалтын нэгдсэн системгүй сум байв.

2014 оны 3-р сарын эхээр оршин суугчид нь төрж, өссөн сумаа орчин үеийн суурин болгох нэгэн үзүүрт зорилгод нэгджээ.

 

Энэхүү зорилгоо хоёр онцлоготойгоор хэрэгжүүлсэн байна. Эхний онцлого нь иргэдийн оролцоо. Сум, суурингаа яаж, ямар аргаар өөрлчлөх вэ гэсэн шийдэл хайснаар энэ ажил эхэлсэн. Иргэд өөрсдийн санаа бодлыг тусгасан сумын төвийн ерөнхий  төлөвлөгөөг бий болгож, энэхүү ерөнхий төлөвлөгөө бодит ажил болгохын тулд хүн бүр гар хумхилгүй оролцжээ.

Хоёр дахь онцлог нь санхүүгийн олон эх үүсвэр. Хөдөө орон нутгийнханд сум суурингаа өөрчлөх, амьдрах орчин нөхцлөө сайжруулах хүсэл, эрмэлзлэл байдаг. Харамсалтай нь энэ ажил санхүүжилт байхгүйгээс болоод гацдаг. Харин гурвансайханчууд энэ асуудлыг олон улсын байгууллагуудад хандсанаар шийдсэн байна.

Бүтээн байгуулалтын ажил эхлэхэд орон нутгийн хөгжлийн сан, НҮБ хөдөөгийн ус хангамжийг сайжруулах төслийн мөнгөтэй нийлээд нийт 650 орчим сая төгрөг байв. Харин хийхээр төлөвлөсөн ажлаа дуусгахад дөрвөн тэрбум орчим төгрөг хэрэгтэй байлаа.

Үлдсэн мөнгөө олохын тулд байгаа мөнгөөрөө ажлаа эхлүүлээд, цаашид хийхээр төлөвлөж буй ажиллуудаа олон улсын хандивлагч орнуудад танилцуулж санхүүжилтай болгосон байна. Өөрөөр хэлбэл төсвөөс ямар ч мөнгө тавигдаагүй газар дөрвөн тэрбум орчим төгрөг босгож бүтээн байгуулалт хийжээ.

Тэд ямар бүтээн байгуулалт хийсэн үзэгч танд сонин байгаа байх. Дундговь аймгийн Гурвансайхан сумын бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр Атмор компани ажилласан бөгөөд 6 м өргөн 2 км хатуу хучилттай авто зам, 5000 м2 явган хүний зам, 3.5 км бохирын шугам, 2.5 км цэвэр усны шугам, 2 км дулааны шугамын ажиллыг орчин үеийн технологоор хийжээ.

Тодруулбал, дулаалгатай уян хоолой ашигласан байна. Энэ хойлоог хөлдөлтийн бүсээс доош буюу 3 метрээс доош суурилуулах шаардлагагүй учраас угсралтын зардал хэмнэжээ.

Мөн 6.6 га ногоон байгууламжийн ажилд сумын иргэд оролцож, Цэцэрлэгжүүлэлт компани мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллажээ.

Үүнээс гадна сумын төвийн бүх модон хашааг блокон сууртай, төмөр хайстай хашаагаар сольжээ.

Энэхүү төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Гурвансайханы шинэчлэлийн онцлого” нэвтрүүлгиийг үзнэ үү. Энэхүү нэвтрүүлэгт төслийг хэрэгжүүлэх явцад гарсан хүндрэл, түүний шийдэл болон иргэдийн оролцоог хэрхэн хангасан, санхүүжилтаа босгохын тулд яг ямар, ямар ажиллууд хийсэн зэргийг дэлгэрэнгүй оруулжээ.

Хөдөө орон нутгийн иргэд маань өөрсдөө оролцвол сумаа орчин үеийн суурин болгох боломжтой Дундговь аймгийн Гурвансайхан суманд хийгдсэн төсөл харуулж байгаа юм.