Алдартнууд нэр дэвшигчийн талаар....
2013/05/28
Монгол Улсын Ерөнхийлөгчид анх удаа эмэгтэй хүн нэр дэвшлээ. Та юу гэж бодож байна вэ. Та дэмжиж байгаа юу?
Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа:
- Би .Н.Удвал сайдыг тууштай, тэмцэгч эмэгтэй гэж үнэлдэг. Улс төрийн нөхцөл байдал хүнд үед сөрөг хүчин болон тэмцэж явсан нь үнэхээр таалагддаг. Эмэгтэй улстөрчдийн хувьд хүчтэй учраас хоёр намын лидерүүдтэй ана мана өрсөлдөх байх. Учир нь Удвал сайд өөрөө аливаа зүйлд зөв бодлого, тууштай зарчим барьдаг хүн байна лээ. Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч хүн Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаагүй өөрөөр хэлбэл, нэр цэвэр байх ёстой. Энэ шаардлагыг ч нэр дэвшигч маань хангаж чадсан гэж ойлгож байна.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Ц.Цолмон:
- Монгол Улсын Ерөнхийлөгчид анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаагаараа түүхэн ач холбогдолтой. Н.Удвал сайдын хувьд шударга ёсны төлөө тууштай тэмцэгчийн нэг юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн ялалтад авчирвал чухал ач холбогдолтой. Өнөөдөр Монгол Улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй. Тиймээс эмэгтэйчүүд бие биеэ дэмжээд явахад буруудах зүйл байхгүй. Зарим иргэд жендерийн асуудлыг сөхөж тавьж байх шиг байна. Мэдээж өмнө нь эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаагүй учраас шинэлэг, дасаагүй зүйл байж болох. Гэхдээ эмэгтэй хүн амьдралд илүү ойрхон шийдвэр гаргадаг. Тийм учраас энэ удаагийн Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдоосой гэж хүсч байна.
“ С.Удвал сан”-гийн тэргүүн Б.Өнөбаатар:
- Н.Удвал сайдыг дэмжиж байгаа. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн энэ хүн Монголын улс төрийн амьдралд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байна. Ялангуяа улс төрийн хүчин зүйлийг тэнцвэржүүлэхэд эмэгтэй нэр дэвшигчийн үүрэг, хариуцлага өндөр гэж ойлгож байна. Хатан ухаанаар төр, улс гүрнээ захирч явсан олон бүсгүйчүүд бий. Үүнд Янжмаа гуай, Оюун гуай, миний ээж С.Удвал нар зүй ёсоор багтах байх гэж хувьдаа боддог. Тиймээс төрийн тэргүүн заавал эрэгтэй хүн байх ёстой гэж муйхарлан бодох хэрэггүй юм. Ардчиллын үнэт зарчим бол аливаа улс орон иргэнээ ялгаварлан гадуурхаж болохгүй гэдэг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ч энэ бүхнээс хол өнгөрч, шударга ёсыг эрхэмлэж, хуулийн дагуу явна гэдэгт итгэж байна. Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдвол өмнө нь уламжлагдаж явсан төрийн үйл хэрэгт шинэчлэл өөрчлөлт орох төдийгүй эх хүний ариун нандин сэтгэл шингэсэн шийдвэр гарч иргэд олондоо ээлтэй байна гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэж байгаа шүү.
Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан:
- Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ авсан Н.Удвал сайдад юуны өмнө баяр хүргэмээр байна. Улс төрийн халуун тогоонд олон жилийн турш эрчүүдтэй мөр зэрэгцэж яваад эмэгтэй хүнийх нь хувьд бахархаж, бас хүндэтгэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа нь өөрөө их том хувь заяа юм.
Түүхч, профессор Н.Нагаанбуу:
- Эмэгтэй хүн төрийн тэргүүнд нэр дэвшиж байгаа нь нүүдэлч, малчдын төрт ёсны түүхэнд ууган тохиолдол. Эмэгтэй хүн төрийн хэрэгт оролцож байсан түүх баялаг юм. Чингис хааны түүхийг сөхвөл Алунгоо эх. Хаан төргүй байх үед Өүлэн эхийн гүйцэтгэсэн үүрэг гээд тоочвол их ээ. Урбай, Сохатай хатад, Амбахай хааны дараа Төргөн хатан, Хаймиш хатан, Сорхог хатан, Мандухай цэцэн хатан гэж яривал эмэгтэй хүний ур ухаан, нигүүлсэнгүй сэтгэл шингэж явсан Монголын түүх шашдир баялаг билээ. Энд Н.Удвал сайдын тухай нэг л зүйлийг хэлье гэж боддог. Энэ хүний аугаа их ажил хэрэгч, шуурхай, ноён нуруутай, эрэлхүү ажилд түүрдэггүй зан чанараар нь бахархдаг. Өнөөгийн орчин үед энэ чанарыг агуулсан эмэгтэйчүүд их ховорджээ. Би сайхан үг хэлж тал засч байгаа хэрэг огтхон ч биш. Энэ цаг үед цэцэн мэргэн, боловсролтой хүн чухал гэж үзэж байгаа боловч Монгол төрийн түүхэнд монгол дүр төрхтэй, эрхэмсэг хүмүүсийг бодлогоор төрийн тэргүүнд залж байсан түүхтэй. Үүний нэг жишээ нь Бумцэнд гуай, Самбуу гуай, Цэнд гуай нар орж байна. Энэ хүмүүст монгол хүний эрхэмсэг дүр төрх шингэсэн, ноён нуруутай байсан гэж түүхийн хуудаст тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
- Эрүүл мэндийн сайдын хувьд хэлэхэд эрүүл мэндийн салбарт бугшиж байсан идээ бээрийг шахаж гаргасан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, тендерийн будлианыг ил тод гаргаж ирсэн. Олон хүний цус нулимсаар хөлжиж байсан хүмүүсийг нийтэд ил тод болгосноор энэ салбарыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны нөлөө бүхий эрхмүүд төсвийн хөрөнгийг ичгүүр сонжуургүйгээр идэж уусан асуудлыг гаргаж тавьсан. Ингэснээр өмнөх Эрүүл мэндийн сайд нараас ялгарч буй. Харин хувь хүнийх нь хувьд хэлэхэд шударга, элдэв будлианд оролцоогүй цэвэр нэртэй улстөрч юм.
social bookmark · 2013/06/10
5uvv7z I truly appreciate this blog article.Really thank you! Will read on... http://crk.com/
social bookmark · 2013/06/06
bsQiKO Awesome article post.Thanks Again. Great.