Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, “Алдар спорт” хороо, “Хур харцага” дэвжээний бөх аймгийн арслан Эрдэнэбатын Даштай ярилцлаа.

 

-Сар шинийн уламжлалт барилдаан ойртлоо. Дэвжээд барилдааны бэлтгэлээ гал болон базаадаг болж. Танай гал барилдааны бэлтгэлээ хэрхэн базааж байна?

 

-Цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөх тухайн жилдээ амжилт гаргадаг гэх яриа бий. Тийм болохоор бөхчүүд энэ барилдаанд нэлээд ач холбогдол өгдөг байх. Манай нутгийн бөхчүүд ч гэсэн барилдааны бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа. Тун удахгүй улсын өсөх идэр начин Б.Чинзориг ах тэргүүтэй бөхчүүд сэргээлтийн бэлтгэлд гарах байх.

 

-Өмнө нь Сар шинийн барилдаанд хүч үзэж байв уу?

 

-Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд анх удаагаа барилдаж үзнэ. Мөн аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд ч оролцож байгаагүй юм байна. Харин цагаан сарын баярт зориулсан сумын заануудын барилдаанд нэг удаа хүч үзээд доогуур, дөрвийн даваанд өвдөг шороодсон.

 

-Дөрвийн даваа, доогуур даваа гэж үү?

 

-Үгүй ээ яах вэ дээ. Өмнө нь сумын заануудын барилдаанд ганц нэг түрүүлчихсэн байсан үе л дээ. Түүнээс гадна нэлээд нэр хүндтэй барилдаанд гайгүй барилдчих юмсан гэсэн бодол тухайн үед байсан юм.

 

-Сумын заануудын барилдаанд завсаргүй олон түрүүлсэн байх шүү?

 

-Монгол бөхийн өргөөнд сумын заануудын барилдаан сар бүр болдог. Нэг барилдаанд гэхэд ойролцоогоор 600 гаруй сумын заан тогтмол хүч үздэг. Миний хувьд энэ барилдаанд нийтдээ дөрөв түрүүлж, нэг үзүүрлэж байсан. Үүнээс гурван түрүүг нь дараалж авсан.

 

-Сумын заануудын барилдаанд хамт хүч үзэж явсан бөхчүүдээс одоогийн байдлаар хэд нь арслан цол хүртээд байна вэ?

 

-Сумын заан цолтой бөхчүүдийн барилдаанд үзүүр, түрүүнд үлдэж байсан Б.Чимэдвандан, Б.Баянмөнх, Д.Бат-Эрдэнэ нар аймгийн арслан, харцага цолтон болсон. Ер нь сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд дээгүүр барилддаг байсан заанаас аймгийн цол авсан олон хүн бий.

 

-Та одоогоор долоо хоногийн хэдэн өдөр бэлтгэл хийж байна вэ?

 

-Долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийгээд хагас, бүтэн сайнд барилдаантай байвал барилддаг.

 

-Тэгвэл үе үеийн сайчуудын амжилтын босго болсон үндэсний бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байв уу?

 

-Аймгийн аварга шалгаруулах тэмцээн болоод өсвөрийн барилдаануудад цөөнгүй түрүүлсэн. Мөн арван жилийн сургуульд байхдаа аймагтаа самбо, жүдогоор ч гайгүй амжилт гаргав. Гэвч яагаад ч юм улсын аварга шалгаруулах тэмцээнд явдаггүй байсан юм. Тухайн үед яагаад ч явуулдаггүй байсан юм бүү мэд.

 

-Ингэхэд танд бөхийн удам бий юу?

 

-Ээжийн маань талд цэргийн заан Цэвээндаш гэж бөх байсан гэдэг. Би бол энэ хүнийг сайн мэдэхгүй л дээ. Мөн ээжийн талаас улсын өсөх идэр начин Б.Чинзоригтой хамаатан.

 

-Бөхөд дуртай учраас энэ “ертөнцөд” хөл тавьсан байлгүй. Харин бөх болно гэж мөрөөдөж явсан бага насны төсөөллөөс бөхийн амьдралаар амьдрах ямар ялгаатай байна вэ?

 

-Намайг бага байхад зургаан залуу заан ид хүч үздэг байв. Тэднээс Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргын барилдааныг шимтэн үзэж, үлгэр жишээ авдаг байсан. Ер нь л бөх болно гэдэг миний багын мөрөөдөл. Хэдий тийм байлаа ч багын мөрөөдөл бодит амьдрал хоёр мэдээж өөр шүү дээ. Хамгийн наад зах нь маш хүнд бэлтгэл сургуулилт хийнэ. Тэр хэрээр шантрах үе ч олон гардаг байсан. Заримдаа барилдах ийм хэцүү юм уу гэж өөртөө хэлж ч байсан. Гэвч өөрийн дур сонирхлоороо бөхийн амьдрал руу орж, өмнөө зорилго тавин бэлтгэл сургуулилт хийхэд гэрэл гэгээтэй сайхан үе харьцангуй олон шүү дээ. Миний анхны багшийг аймгийн арслан Д.Дэлгэрбат гэдэг. 2008 оноос багшийнхаа бөхийн секцэд хичээллэж, бөх болох гараагаа эхэлсэн. Арван жилд байхдаа аймгийн начин М.Цагаанхүү, сумын заан Ж.Батсайхан нарын бөхийн секцэд явж байв. Өнөө жил аймгийнхаа наадмын үзүүр түрүүнд Д.Дэлгэрбат багштайгаа үлдсэн.

 

-Аймгийн харцага цолтой тунаж, амлуулж барилдах арслан цолтой болоод ам авч барилдах хоёрын ялгааг хэр мэдэрч байна. Өнгөрсөн жил үндэсний бөхийн хоёр цол хүртсэн ч гэсэн мэдэрсэн байлгүй?

 

-Өнгөрсөн жилийн бүх цэргийн баяр наадмаар одоогийн улсын начин Ц.Батчулуун ахаар зургаа давж харцага цол хүртсэн. Харин улсын наадмаар Дундговь аймгийнхаа баяр наадмаар түрүүлж аймгийн арслан болсон. Мэдээж аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд цэргийн харцага цолтой бөхөд ам олдохгүй. Тиймээс нугарч барилддаг байсан. Харин энэ жилээс гурвын даваанд ам авч үзсэн. Ер л ам авах эвгүй байгаа шүү. Хүмүүс болохоор сонгож барилдаад хялбархан давчихна гэж боддог юм шиг. Гэтэл үнэн хэрэг дээрээ тийм биш. Харин түүний оронд амлуулаад эсвэл тунаж барилдвал амар санагддаг юм.

 

-Тэгвэл барилдаан таардаггүй бөх гэж бий юү?

 

-Одоогоор тийм бөх алга. Баруун талтай хүнтэй баруун барилдаж, зүүн золгодог хүнтэй ч мөн адил өөрийнх нь талаар барилдаж сурсан байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Миний хувьд ч цаашид суралцах зүйл олон байна.

 

-Спорт бол залуу насных. Тиймээс хэзээ нэгэн цагт хүч харьж таарна. Тэр цагт юу хийх бол?

 

-“Алдар” спорт хороондоо ажилласаар л байна гэж боддог.

 

-Ойрын жилүүдэд үндэсний бөхөд дурладаг, түүгээр хичээллэдэг хүн олон болж байгаа нь ажиглагддаг. Тэгэхээр дан ганц үндэсний бөхөөр барилдаж, амьдралаа авч яваад болж байна даа?

 

-Хамгийн эхэнд хүний хүсэл сонирхол чухал шүү дээ. Өөрийн дуртай зүйлээ хийж, түүнээсээ сэтгэл ханамж авч байх сайхан. Харин бөхийн бай шагналын хувьд нэг үеэ бодвол өссөн. Түүнээс гадна ивээн тэтгэгч байгууллагаас цалинжина.

 

-Ярилцсанд баярлалаа. Цол нэмэхээр тан эргэн уулзъя

 

-Баярлалаа. Танай сониноор дамжуулаад Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны хамт олон болон Дундговь аймгийнхандаа Сар шинийн баярын мэнд дэвшүүлье.

 

Д.Ганбаатар