Твиттерт @Халзанхүү хаягтай нэгэн эрхэм “Гадаадын хөрөнгө оруулалтыг дотооддоо үлдээхийн тулд шорондоо барьж хорьж байгаа нам засгийнхаа мэргэн бодлогыг сайшаалтай” хэмээн жиргэжээ. Энэ үгийг хошигнол гэмээр ч бас үнэний ортой.

Өнгөрсөн парламентад Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатараар тэргүүлүүлсэн арав гаруй УИХ-ын гишүүн Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг өргөн мэдүүлж, батлуулсан. Энэ хууль үндсэндээ Монголын амыг арчсан гэж хэлэхэд болно.

Тодруулбал, хууль санаачлагсдын тодорхойлсноор стратегийн ач холбогдол бүхий салбар гэдэгт эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо зэрэг орно. Эдгээр салбарт гаднаас хөрөнгө оруулалт хийхээр бол заавал Засгийн газраас зөвшөөрөл авна хэмээгээд гэрээ, хэлцэл хийхийг хүртэл хуульчилж өгсөн юм. Тэгээд эцэст нь энэ хуулиас нэг л зүйл гажсан байвал гадныхны хөрөнгийг дотоодод царцааж үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь хураана. Тэгээд эздийг нь хянаж шалгаад хөөж гаргах шийтгэлтэй. Гадны хөрөнгө оруулалтыг үргээх хуулийн заалт үүгээр дуусахгүй. Тэдний өргөдөл, хүсэлтийг төрийн байгууллага шийдвэрлэхийн тулд тухайн компанийн данс тайлангаас эхлээд бүхий л зүйлийг шалгах болно. Хэрвээ хөрөнгө оруулагчид хуулийн хүрээнд эс шалгуулах аваас хөрөнгө оруулалт хийх зөвшөөрлийг хэзээ ч олгохгүй.Жиргээчийн шоглосноор бол энэ хууль нь гадны хөрөнгө оруулагчдыг барьж аваад шорондоо хийсэнтэй агаар нэг сонстож байгаа бололтой.

Ер нь ийм хуультай улсад хөрөнгө оруулах уу. Хэн энэ “хөлдүү” Монголд ирж шоронд орохыг хүсэх вэ. Монголчуудад мөнгөө алдаад дээрээс нь шоронд нь сууснаас боломжийн, хуулийн хувьд асуудалгүй орон руу хөрөнгө оруулалт хийхийг хэн ч хүснэ биз дээ. Ер нь энэ Монголын төрд, монгол төрийн үйл хэргийг хөтлөгчдөд бодлого байна уу. Эсвэл гадна, дотны хэсэг бүлэг хүмүүсийн ямар нэгэн хатгалгаар ард түмнийг ядуу байлгах бодолтой байдаг юм уу гэх хардлага ч төрөх юм.

Л.ТӨР