Ч.Сайханбилэг хариултаа авчихсан одоо ажлаа хийх л үлдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр асуултын аль нэгийг сонго хэмээн мессэж илгээж, санал асуулга явуулсан. Харин иргэд хариуд нь Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулан хямралыг давж, ханшаа тогтоох нь зүйтэй  гэсэн саналыг өгсөн байна. Тодруулбал, санал асуулгад нийт 365.841 иргэн оролцсоноос 302008 нь хүчинтэй санал байсан бөгөөд эдгээрийн 56.1 хувь нь “1” дэх хувилбар болох “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн хувилбарт саналаа өгсөн гэсэн үг юм. 

Монголчууд бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэлцдэг. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ийнхүү ажлаа эхлэхээсээ бүгдээрээ хэлэлцээд амжлаа. Мэдээж иргэд асуултад хариулаад саналаа өгчихлөө. Одоо өгсөн саналынхаа үр дүнг хүлээж байгаа нь ойлгомжтой. Үндсэндээ том төсөл, бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг юу хийх вэ гэсэн хүлээлт ард түмэнд үүсээд байгаа гэсэн үг. Тэгвэл Ч.Сайханбилэг  Ерөнхий сайд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийгУИХ-д өргөн мэдүүлэхээр болж байгаагаа хэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын төслүүдээ түлхэх, эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо цэгцэлж, төсвийн алдагдлаа бууруулах чиглэлд идэвхтэй ажиллахаа амласан. 

Том төслүүдийг хөдөлгөнө гэж хэлсэн учир Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж байгаа юм. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 15 ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулан баталсан. Монгол Улсад Стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал нь Ашигт малтмалын тухай хуульд орд ашиглах гэрээгээр тодорхойлохоор заасан байдаг.  Ийнхүү ажил эхлэхээр болсон ч Гацууртын ордыг стратегийн ордод оруулах, оруулахгүй тухай маргаан дэгдэж, Ноён уулаа аваръя хэмээн бөө нар хүртэл жагсаад авав. 

Түүнчлэн ашигтай, ашиггүй гэрээ болсон хэмээн маргаж байх зуур Оюутолгой төслийн хоёр дахь үе шатны санхүүжилтийн асуудал сүүлийн хоёр жил гарангийн хугацаанд гацсан хэвээр байгааг билээ. Мэдээж том төслүүдийг хөдөлгөнө гэж Ерөнхий сайд амласан учраас Оюутолгой мөдхөн гацаанаас гарах байх гэсэн хүлээлт ч байгаа. Энэ талаар шийдлийн Засгийн газрын тэргүүн “Оюутолгойн асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ ард түмнийхээ эрх ашигт нийцэхүйц байдлаар шийдвэрлэх ёстой” гэж Үндэсний телевизээр ярилцлагад орохдоо онцолсон. Мөн Засгийн газрын тэргүүнээр томилогдохоосоо өмнө АН-ын ҮЗХ-ноос мандат авахдаа “Надад Оюутолгойн асуудлыг шийдвэрлэхэд хоёр сарын хугацаа өгчих” гэж мэдэгдэж байсан удаатай. Өнгөрсөн хугацаанд тэрбээр “Оюутолгойн асуудлыг эдийн засгийн утгаар нь харж шийдвэрлэх ёстой” гэдгийг дахин дахин мэдэгдсээр байсныг уншигчид санаж байгаа биз ээ. 

Уг нь Оюутолгойн гэрээг анх байгуулах гэж байх үед эдийн засагчид, судлаачид төр хувь эзэмших хэрэггүй гэдгийг олонтаа зөвлөж байсан юм билээ. Гэвч эцсийн дүндээ 34 хувийг эзэмших нь зүйтэй гэх шийдвэр гарсан. Харин одоо байдал бишдээд ирмэгц 34 хувийнхаа оронд татвар авах тухай асуудлыг ярьж эхэллээ. Энэ шийдвэрийг УИХ хүлээж авах нь юу л бол. Ер нь бол төр одоо нэгэнт 34 хувиа эзэмшчихсэн учраас цаашдаа энэ эзэмшлээсээ татгалзана гэсэн зүйл байхгүй л болов уу. Тэгэхээр Оюутолгой төсөл дахиад гацахгүй гэх баталгаа алга. Ямартай ч өдгөө шийдлийн Засгийн газрын тэргүүн олонтаа ярьсан асуудлаа шийдвэрлэж, олныхоо санал хариултыг бодолцож, том төслүүдээ яаралтай хөдөлгөж эхлэх хэрэгтэй байна. Учир нь өнөөдөр долларын ханш чангарч, эдийн засгийн хямралд хэдийнэ өртөж эхэлсэн иргэд өрнөөс өрний хооронд амьдарч байгаа нь нууц биш. 


П.ТУУЛ